Д.Баттогтох: Төрийн албанд ажиллах хүнээр монгол хэлээр эссэ бичүүлнэ

Монгол хэлний тухай хууль долдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан Боловсролын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан, доктор, профессор Д.Баттогтохтой  ярилцлаа.

Монгол хэл бичгийн судлаач, эрдэмтэн хүнтэй уулзаж байгаагийнх монгол хэлний тухай, монгол хэл бичгийг  сурч судлахын ач холбогдлын тухай эхлээд асууя?

-Монгол хэл бол маш эртний түүхтэй, дэлхийн томоохон бие даасан хэлний /Алтай овгийн/ бүрэлдэхүүнд багтдаг, залгамал бүтэцтэй, олон хэл аялгуунаас бүтсэн, сонсголонт яруу сайхан хэл юм.

Монгол угсаатан хүн бүрийн өсөхөөс сурсан үндэсний хэл бол монголчууд та бидний өдөр тутмын албаны болон амин  харилцаанд цаг, мөч, хором тутамдаа хэрэглэдэг эх хэл маань шүү дээ. Хүн бүх юмыг сонгон авч болно. Гэвч сонгож авдаггүй гуравхан нандин эрдэнэ бол эх орон, эцэг эх, эх хэл юм. Энэ гурав хүнд төрөлхөөс заяадаг. Заяамал зүйл гэдэг ганц л олддог. Тиймээс эдгээрийг ямар ч  үед алдаж болохгүй, хэзээ ч, хэдийд ч тусгаар оршоон хамгаалах, хайрлаж хөгжүүлэх үүрэг та бидэнд буй. Эх сайхан монгол хэлээ сурч судлахын ач тус, хамгаалан хөгжүүлэхийн учир холбогдол чухам үүнд л оршиж буй юм. 

Монгол хэлний тухай хууль манайд долдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэллээ. Ер нь улс үндэстэн бүр эх хэлний тухай хуультай байдаг юм  уу?

-Дэлхийн томоохон улс үндэстэн бүр тухайн үндэстнийхээ хэлний талаар төрийн тогтсон залгамж бодлоготой, тэр бодлого нь хуулиар хэрэгжиж байдаг. Хэлний тухай хууль нь тухайн улс орны туурга тусгаар байдлын баталгаа болдог төдийгүй  улс үндэстэн бусдаас хамаарахгүй оршин тогтнож, өөрийн өвөрмөц түүх, соёл, иргэншил, эрдэм ухаанаа хэлээрээ дамжуулж бүтээн буй болгож, хадгалж, хамгаалж, хөгжүүлэх, түүнийгээ хойч үедээ бүрэн бүтнээр нь, цэвэр ариунаар нь өвлүүлэн залгамжлуулахын тулд хэлний засаглал хэрэгтэй байдаг юм.

Тэгвэл саяхан батлагдсан Монгол хэлний тухай хууль, Төрийн албан ёсны хэлний тухай хуулиас юугаараа онцлог,  ялгаатай юм бэ?

-УИХ-аас 2015 оны хоёрдугаар сарын 12-ны өдөр батлагдсан Монгол хэлний тухай хууль нь урд өмнө гарсан Төрийн албан ёсны хэлний тухай хуулийг бодвол бүх нийтийн хэлний хэрэглээг нийгмийн бүх салбарт зохицуулснаараа онцлог. 2003 оны хууль нь зөвхөн төрийн хэлний харилцаа буюу албан харилцааг л зохицуулсан тул явцуу хүрээнд хэрэгжсэн.  Харин энэ удаагийн монгол хэлний тухай хуулийг Монгол Улсын иргэд, төр улсын болон аж ахуй нэгж байгууллагууд,  монголд ажиллаж амьдарч буй гадаадын иргэд монгол хэлийг хэрхэн зөв хэрэглэх,  хөгжүүлэх, хамгаалах, хадгалах талаар олон талын зүйл заалт орсноороо өвөрмөц болсон юм. Мөн хуулиар одоо бидний албан ёсны хэлний харилцаанд хэрэглэж буй кирилл бичиг болон монгол бичгийг хэрхэн хослуулан хэрэглэх, хойч үедээ зааж сургах вэ гэдгийг он заан оруулсан. Тухайлбал, 2025 он хүртэл кирилл, монгол бичгийг хослон хэрэглээд, 2025 оноос хойш монгол бичгээ Монгол Улсын албан бичгийн харилцаанд ашиглах тухай заасан нь олон нийтийн анхааралд байгаа юм. Ингэж он зааж өгснөөрөө иргэд монгол бичгээ одооноос эхлэн сурч судлахад түлхэц болох юм.

Та боловсролын байгууллагад ажилладаг хүн. Энэ хуулийн заалт ерөнхий боловсролын сургуульд хэрхэн хэрэгжих талаар мэдээлэл өгөөч?

-Ерөнхий боловсролын сургууль төгсөгчдөөс монгол хэлний шалгалт урьдчилж авах болсон.  Энэ жилийн ерөнхий шалгалтын дүн мэдээг үзвэл улсын хэмжээнд монгол хэлний шалгалт өгсөн хүүхдүүдийн 85 хувь нь тэнцсэн буюу 400 болон түүнээс дээш оноо авчээ. Тэнцээгүй сурагчдаас  сарын дараа дахин шалгалт авч тэнцүүлсэн. Цаашид монгол хэлний шалгалтын агуулгын 40 хувийг монгол бичиг байхаар заасан. Иймд монгол бичгийн сургалтад илүү анхаарч, хэрэглээг нь нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага гарч буй юм. 

Хууль гарснаар 6-12 дугаар ангийн сурагчид монгол бичгийг үзэхээр болж байна.   Тэгэхээр есдүгээр сараас өмнө ерөнхий боловсролын сургуулийн монгол бичгийн сургалтын шинэчилсэн хөтөлбөр амжиж бэлэн болох уу?

-БСШУЯ-аас баталсан Монгол бичгийн сургалтын хөтөлбөр, суралцахуйн удирдамж боловсруулах багийн гишүүд бид монгол бичгийг хуулийн заалтын дагуу 6-12 дугаар ангид долоо хоногт хоёр, хоёр цагаар үргэлжлүүлэн үзэхээр болсон тул уг хичээлийн агуулга, аргазүйг боловсруулсан төдийгүй ирэх хичээлийн жилийн  сүүлийн хагасаас зургадугаар  ангиас эхлэн монгол бичиг орохоор зохицуулж, улмаар 12 дугаар  анги хүртэлх сургалтын хөтөлбөр, удирдамжаа батлуулж, “Монгол бичиг-Багшийн ном” бичиж хэвлэлд шилжүүлээд байна. Уг хөтөлбөрөөр сурагчдыг монгол бичгээр чөлөөтэй уншдаг, зөв сайхан бичдэг чадварт сургаснаар  тэдний монгол бичгийн чадвар дээшилж, хэрэглээ нэмэгдэх юм. 

Төрийн албан хаагчдаас монгол хэлний шалгалт авна гэж яриад байгаа. Энэ шалгалтыг  хэрхэн авах вэ?

-Төрийн албанд шинээр ажилд орж буй хүнээс мэргэжлийн ур чадварын шалгалтаас гадна монгол хэлээр эссэ бичүүлж дүгнэхээр болсон. Эссэ бичүүлэх нь эх зохион найруулах эрдэм чадварын гол нь бөгөөд зөв бичгийн болон найруулгын алдаагүй бичсэн эсэх, өөрийгөө илэрхийлэх чадвар, бичгийн соёл, гоозүйн боловсролыг хамтад үнэлэх юм.

Шинжлэх ухааны нэр томьёо болон гадаад үгийг монгол хэлнээ орчуулан хэрэглэх тухай бас ярьж байгаа гэж сонссон. Энэ тухай? 

-Даяаршлын үед шинжлэх ухааны нэр томьёоны үг болон олон гадаад хэлнээс өдөр тутам маш олон үг орж ирж байна. Гадаад нэр томъёог орчуулахгүйгээр авч хэрэглэх нь тухайн хэлийг бохирдуулдаг. Иймд нэр томъёог утга дүйх монгол үг хэллэгээр нь оноон орчуулах нь үгийн санг цэвэр ариун байлгахад, даяаршлын давалгаанд цохиулалгүй эх хэлээ амь халуун авч үлдэхэд чухал зүйл. Монгол хэлний тухай хуулийн  хоёрдугаар бүлгийн 6-5-д:  “Бүх шатны сургалт, эрдэм шинжилгээний ажилд шинжлэх ухааны нэр томъёог монгол хэлнээ орчуулан хэрэглэхийг эрхэмлэнэ” гэж заасан. Салбар салбарын эрдэмтдийг оролцуулан гадаад үг хэллэг, нэр томъёог орчуулсан зүйл зүйлийн орчуулгын толь хэрэгтэй байгаа төдийгүй кирилл, монгол бичгээр үгийг нэг мөр зөв бичих журамласан толь, мөн монгол хэлний үгийн сангийн баялгийг харуулах толийг ч гаргах ёстой. Бүх нийтийн эх хэлний боловсролд зориулсан олон зүйл нэрийн толь бичиг зохиох, хэвлүүлэх ажлыг шинжлэх ухааны байгууллага /Хэл зохиолын хүрээлэн/ болон хуульд тухайлан заасан Ерөнхийлөгчийн дэргэдэх хэлний бодлогын зөвлөл хариуцан ажиллах юм.

Энэ хуулийн хэрэгжилтэд хяналт тавих байгууллага бий юу?

-Хуулийг хэрэгжилтэд Хэлний бодлогын үндсний зөвлөл хяналт тавьж ажиллана. Үндэсний зөвлөл нь монгол хэл шинжлэлийн эрдэмтэд, хэвлэл мэдээлэл, боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарын мэргэжлийн төлөөллөөс оролцсон есөн хүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд Зөвлөлийн даргыг Монгол Улсын Ерөнхийлөгч зөвлөлийн гишүүдээс сонгож, гурван жилийн хугацаатай сонгон ажиллуулна. Хэлний бодлогыг үндэсний зөвлөл хариуцах учир “буух эзэнтэй, буцах хаягтай” болно гэсэн үг. Өмнөх хуульд хэлний хуулийг зөрчсөн тохиолдолд хэн, ямар байгууллага хариуцлага хүлээх, хуулийн хэрэгжилтэд хэн хяналт тавих зэрэг нь бүрхэг байсан юм.

Манайд гадаад нэр хаягтай байгууллага олон бий. Энэ хуулийн хүрээнд эдгээр байгууллагын нэрийг өөрчлөх үү?

-Олон жил үйл ажиллагаагаа тогтмол явуулсан байгууллагын нэрийг өөрчлөх албагүй. Тухайн нэг компанийн гадаад, дотоод түншлэл, харилцах харилцаа, компанийн эдийн засгийн эргэлтэд сөргөөр нөлөөлөх тул зарим нэг дэлгүүр, аж ахуй нэгжийн нэрийг хуучнаар нь үлдээж болно. Харин шинээр төрийн ба төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж байгуулагдахад нэр, хаягаа заавал монгол үгээр  нэрлэх шаардлагатай. Хуулийн эл заалтыг зөрчсөн хуулийн этгээдэд хариуцлага тооцно.

БСШУЯ-аас монгол хэлийг дэмжиж ямар бодлого баримталж байна вэ?

-Ерөнхийлөгчийн зарлигаар өнгөрсөн жилээс эхлэн 1-12 дугаар ангийн сурагчдад “Иргэний боловсрол” хичээлийг зааж эхэлсэн. Энэ хичээлийн агуулгын тал хувьд нь монгол ёс заншил, монгол эрдэм ухаан, ёс суртахууны өв уламжлалыг зааж, үлдсэн хувьд нь иргэний эрх үүргээс зааж эзэмшүүлж байна.“Ном” хөтөлбөрөөр сурагчдыг номтой нөхөрлүүлэх, сургуулийн болон ангийн номын сан бий болгон сургалт, танин мэдэхүйн номоор хангах зэрэг олон  ажлыг зохион байгуулж байна. Ном их уншдаг хүүхэд аяндаа зөв бичих дүрмийг заалгаагүй ч гэсэн үгийн зөв бичлэг нүдэнд нь хоногшиж, аяндаа зөв бичдэг болдог. “Ном”, “Авьяас” зэрэг  хөтөлбөр бол манай яамны зөв бодлого бөгөөд эдгээр хөтөлбөр орон даяар амжилттай хэрэгжсэнээр эрдэм боловсролтой, ёсоо ёсолдог, ёрыг цээрлэдэг, хүмүүнлэг ёс суртахуунтай Зөв монгол хүн төлөвших учиртай юм.

Ярианыхаа төгсгөлд онцолж асуухад энэ хууль хэрэгжсэнээр монгол хүний хөгжилд ямар ахиц дэвшил гарах вэ?

-Эх хэлний нийгмийн үүрэг тэнхрэн сайжирч, хүн бүрийн хэлний хэрэглээ,  соёл дээшилж, эх хэлээ гадаад хэлнээс дээгүүр тавьдаг, эх хэлээрээ, түүгээр бүтээгдсэн түүх соёлоороо бахархдаг, түүнийгээ дээдэлдэг, сурч судалдаг, үндэсний эх оронч үзэл суртахуунтай жинхэнэ зөв монгол хүн төлөвшинө. Монгол хэлний сургалт боловсролын бүх төвшинд сайжирснаар хүүхэд залуучуудын хэл ярианы соёл дээшилж, нийгмийн харилцаа боловсронгуй болж, хүн хүнтэйгээ өвч зөөлөн харилцдаг, монголоороо зөв сэтгэн бодож,  зөв бичиж зохион найруулах чадвартай болно. Мөн эх хэлээрээ дамжуулж бүхий л эрдэм ухааныг сурч эзэмших болно. “Эх хэл-эрдмийн түлхүүр” гэдэг шүү дээ.

Зууны мэдээ

Б.Туул, З.Цасанчимэг

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button