Шинэ ногооны үнэ тэнгэрт хадаж байна
Жил бүрийн өдийд шинэ ургацын ногоо гарчихсан иргэд хаа таарсан газраасаа эх орныхоо хөрсөнд ургасан шинэ ногоог боломжийн үнээр худалдан авдаг байсан. Харин энэ жилийн хувьд шинэ ногоо ховор байна. Дөнгөж одоо л гарч эхэлж байна. Ингэхдээ тэнгэрт хадсан өндөр үнээр худалдаалагдаж байна.
Зарим томоохон сүлжээ дэлгүүрүүд болон хүнсний захуудад нэг кг шинэ ургацын төмс 2500 төгрөгөөр худалдаалагдаж байна. Харин бусад ногооны хувьд байцаа нэг кг нь 2800, манжин 2500, сонгино 1000-1500, төл сонгино 3500, лууван 1500 төгрөгөөр зарагдаж байна.
Шинэ ургацын ногооны үнэ ийн өндөр байгаа болон эрэлт их байгаагаас үүдэн урд хөршөөс орж ирдэг ногооны үнэ ч энэ жил өндөр байгаа юм. Тодруулбал захууд дээр нэг кг Голланд үрийн хужаа төмс 1200 төгрөг байгаа бол хүнсний дэлгүүрүүдэд 1300-1500 төгрөгөөр худалдаалагдаж байна.
Тэгвэл шинэ ургацын ногооны үнэ ийнхүү өндөр байгаа нь энэ жил ган ихтэй ургац муу байгаагаас болсон байна.Тиймээс энэ жилдээ бид өндөр үнэтэй ногоо идэх бололтой.