О.Батболд: Сүрьеэгийн нян биеийн дархлаа сулрах үед идэвхждэг

Тамхи татдаг эрчүүд ганц хоёр ханиалгахыг энгийн үзэгдэл гэж үздэг. Тэгвэл энэ нь уушгины өвчтэй болох эх үүсвэр гэдгийг эмч хэлж байна. Энэ тухай Улсын II төв эмнэлгийн Уушги судлалын тасгийн эрхлэгч О.Батболдтой ярилцлаа.

СҮРЬЕЭ УУШГИ УСЖИХ НЭГ ШАЛТГААН БОЛЖ БАЙНА

Ярилцлагынхаа эхэнд танай тасгийн бүтэц бүрэлдэхүүнтэй танилцъя. Эмч ажилтны хүрэлцээ хангамж хэр байна вэ?

– Манай тасаг өнгөрсөн онд эмнэлгийн захирлын тушаалаар шинээр бий бол­сон. Хэвтэн эмчлүүлэх зориу­лалт бүхий 15 ор, гурван эмч, таван сувилагчийн орон тоотойгоор үйл ажиллагаа явуулж байна.

Сүүлийн үед манайд уушгины өвчлөл тэр дундаа сүрьеэгийн өвчин залуужих хандлагатай байна. Мөн уушги усжих, устах гэж их ярьдаг болж. Ер нь  өвчлөл хэр байна вэ?

– Уушги усжих буюу цээжний хөндийд шингэн хуралдлаа гэж ярьдаг. Цээжний хөндийд шингэн хуралдах долоо найман шалтгаан байдаг. Уушгины өвчнөөс болж усжиж байгаа шалтгаан нь үрэвсэлт өвчинүүд, хавдар, гэмтлийн шалтгаантай  байдаг. Бусад өвчний хувьд зүрх судасны өвчин, бөөрний, сахарын, элэгний   гэх мэт олон өвчний хүндрэлүүдийн үед цээжний хөндийд шингэн хурдаг. Сүүлийн үед сүрьеэ өвчин ихээр оношлогдох болсон. Нийт сүрьеэгийн тохиолдлын 70 орчим хувь нь уушгины хэлбэрийн сүрьеэ, 30 хувь нь бусад эрхтний сүрьеэ буюу нүдний, бөөрний, гэдэсний, ясны, үений гээд бүх эрхтний сүрьеэ байдаг. Сүрьеэ өвчин бол цээжний хөндийд шингэн хурах томоохон шалтгааны нэг нь болж байдаг.

ХАЛДВАР АВСАН ЭСЭХИЙГ МЭДЭХ АРГА НЬ СҮРЬЕЭГИЙН СОРИЛ

Сүрьеэгийн халдвартай гэдгээ хэрхэн мэдэх вэ. Мөн сүрьеэгийн нян идэвхтэй, идэвхгүй байх талаар тайлбарлаж өгөөч?

-Уушгины халдвартай хэлбэрийн сүрьеэгээр өвчилсөн хүний ханиалгаж, найтаах болон   цэртэй хамт сүрьеэгийн нян гадгаш цацагдан гардаг. Энэ агаараар амьс­галсан хүмүүс сүрьеэгийн халдвар авдаг. Сүрьеэ өвчний халдвар авсан хүн бүхэн өвчлөөд байдагүй. Сүрьеэгийн халдвар авсан хүн насан туршдаа өвдөхгүй байж болно. Зарим нэг хүн амьдралын аль нэг үедээ өвчилж болох ба тухайн хүний дархлаа  сулрах үед сүрьеэгийн нян үржиж эмнэл зүйн шинжүүд илэрдэг. Энэ үед сүрьеэгээр өвчиллөө гэж хэлнэ. Сүрьеэгийн халдвар авсан эсэхийг мэдэх арга бол сорил юм. Энэ сорилыг аймаг дүүргийн эрүүл мэндийн төвүүд болон ХӨСҮТ-д хийж байгаа.

Уушгины өвчлөлд тамхи татах нь бас их хор нөлөөтэй байх. Тамхинаас үүдэлтэй ямар өвчлөлүүд байна. Ирж байгаа үйлч­лүүлэгчдийн  цөөнгүй хэсэг нь ямар шалтгаантай хандаж байна вэ?

-Тамхидалт сүүлийн үед ихэссэн. Дэлхий нийтэд тамхинаас үйдэлтэй өвчнөөс  болж жил бүр таван сая гаруй хүн нас бардаг. Тамхийг өсвөр үеийн хүүхдүүдэд, арван жилийнхэн эхэн үедээ сонирхлын журмаар том болсноо мэдрэх, мундаг хүн болж харагдах гэж хэрэглэдэг болов уу. Тамхинд хүний биед муу сөрөг нөлөөтэй. 4000 гаруй төрлийн хорт бодис агуулагддаг. Тэдгээрийн  40 гаруй төрлийн хорт бодис нь хүний бие махбодид хорт хавдар үүсгэдэг. Уушгины хавдрын 90 хувь нь тамхинаас үүдэлтэй байдаг. Зөвхөн уушги гэлтгүй бусад эрхтэнд хавдар болон өвчин үүсэх гол эрсдэлт хүчин зүйл  болж байдаг. Уушгины архаг бөглөрөлт өвчин, архаг бронхит буюу гуурсан хоолойн архаг үрэвсэл өвчнөөр  өвчлөгсдийн 90 орчим хувь нь тамхи татсантай холбоотой үүсдэг. Дан ганц тамхи татахаас гадна дам тамхидалтад өртөгсөд уушгины архаг бөглөрөлт, гуурсан хоолойн архаг үрэвсэл өвчнөөр өвдөх эрсдэлд ордог.

ТОМУУ, УУШИГНЫ ҮРЭВСЛЭЭС СЭРГИЙЛЭХ ВАКЦИН ХИЙЛГЭХ НЬ ЧУХАЛ

Зам, барилгын салбарт ажилладаг хүмүүс тоосжилтоос үүдэн уушгины өвчнөөр өвчилдөг гэж сонссон. Ер нь ямар хүмүүс уушгины архаг бөглөрөлт өвчнөөр өвчлөх эрсдэлтэй байдаг вэ?

-Уушгины архаг бөглөрөлт өвчтөй хүмүүс ихэнх нь олон жилээр тоос шороо ихтэй уул уурхай, газар тариалан, үйлдвэр барилга мөн утаатай нөхцөлд ажиллаж, амьдарсан байдаг. Түүнээс гадна  халаах төхөөрөмж хэрэглэх, ургамлын тоос, нүүрс, ил задгай гал, дутуу шаталттай зуух зэрэг нь гэрийн  доторх агаарыг бохирдуулах нөлөөтэй. Хоол хийх, сууц халаах зэрэгт нүүрс  түлэх нь гэр доторх агаарын бохирдлыг үүсгэж  уушгины архаг бөглөрөлт өвчний  чухал эрсдэлт хүчин зүйл болдог. Энэ өвчний үед илрэх  үндсэн шинжүүд нь архаг, даамжрах хандлагатай амьсгаадалт, ханиалга, цэр гарах явдал юм. Эдгээр шинжүүд өдөр бүр харилцан адилгүй ямагт өөрчлөгдөж байдаг онцлогтой. Дээрх  шинжүүд илэрсэн бол уушгины архаг бөглөрөлт өвний  эрсдэлт хүчин зүйлийн нөлөөлөлд өртсөн хүмүүсийг илрүүлэн  халгаат хүчин зүйлийг арилгах, зохих эмчилгээг хийх шаардлагатай.

 

Зууны мэдээ

Б.Туул, Э.Гантөмөр

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button