Б.Хашмаргад: Бурхан Халдуныг дэлхийн соёлын өвд бүртгүүлснээр бид давхар хариуцлага хүлээсэн
Хан Хэнтийн Улсын тусгай хамгаалалттай газрын Хамгаалалтын захиргааны дарга Б.Хашмаргадтай ярилцлаа.
– Бурхан Халдун уулыг Улсын тусгай хамгаалалтад авснаас өгсүүлээд ЮНЕСКО-гийн дэлхийн соёлын өвд бүртгүүлэх хүртэл танай Хамгаалалтын захиргаа ямар ажлуудыг санаачилж, хийж хэрэгжүүлж ирэв?
-Хан Хэнтийн Улсын тусгай хамгаалалттай газрын Хамгаалалтын захиргаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1995 онд гаргасан Бурхан Халдун хайрхан болон Отгонтэнгэр хайрхан, Богд хан уулыг Төрийн тахилгат болгох зарлигийн дагуу байгуулагдсан. Түүнээс хойш янз бүрийн төвшинд тодорхой хэмжээний ажлуудыг хийж ирсэн. Манай хамгаалалтын захиргааны зүгээс 2011 оноос Бурхан Халдуныг ЮНЕСКО-гийн соёлын өвд бүртгүүлэх ажлыг эхлүүлж, онцгой обьект болохыг олон нийтэд ойлгуулах зэргээр багагүй зүйлийг хийсэн. БОНХЯ, БСШУЯ хамтран ажлын хэсэг байгуулахад миний бие завшаанаар түүнд орж ажилласан. Энэ ажлын маань үр дүн гарч сая наадмын өмнө ЮНЕСКО-ийн дэлхийн соёлын өвд бүртгүүлсэн нь монголчуудын хувьд баярт үйл явдал. Монголчуудын түүх соёл дэлхийд ямар үнэ цэнэтэй болохыг харуулахад Уртнасан гуай, доктор Б.Цогтбаатар нарын олон хүний судалгааны бүтээл ихээхэн үүрэг гүйцэтгэсэн. Үүний өмнө манай Хамгаалалтын захиргаанаас санаачилж, 2013 оны арваннэгдүгээр сарын 4-нд Засгийн газраас Бурхан Халдуныг Үндэсний бахархалт хайрханаар зарласан. Үндэсний бахархалт хайрхан болгох үндэслэлүүдийг бид судалж материалуудыг бүрдүүлж өгсөн. Ер нь бол Бурхан Халдун хайрхан маань Төрийн бахархалт хайрханаар өргөмжлөгдөж, монголчуудын төдийгүй дэлхийн соёлын өвд бүртгэгдсэнээр бид давхар хариуцлага үүрч байгаа юм.
–Манай улсад төрийн тахилгат уул хайрхан олон бий. Тэр дотроос Бурхан Халдуныг онцгойлж авч үзэх ямар үндэслэлүүд байдаг вэ?
-Тахилгат уул хайрхадаас язгуурын тахилгатай нь Хэнтийн хан, Отгонтэнгэр хайрхан, Богд хан уул гэж үздэг. Олноо өргөгдсөний II оноос эхлээд Дарьгангын Алтан-Овоог тахилгат уулын тоонд оруулан тахиж ирсэн байдаг. Тэр дотроос тахилга, тайлгын талаар түүх сударт илүүтэй бичигдэж, Монголын их эзэн Чингис хаантай холбоотой түүх сурвалжид орж, “Монголын нууц товчоо”-д үндсэн нэрээрээ 27 удаа дурдагдсан нь Бурхан Халдун хайрхан юм. Мөн зөвхөн Бурхан Халдун хайрханд Бүх цэргийн хар сүлдийг цэнгүүлэхээр Ерөнхийлөгчийн 1995 оны зарлигт онцолсон байдаг. Энэ санамсаргүй зүйл биш. Бурхан Халдун хайрхан монголчуудын эрт дээр үеэс тахиж ирсэн хайрхан, Их Эзэн Чингис хааныг тэнд оршоосон гэж үздэгийн хувьд 1227 оноос хойш Их хоригийг байгуулж, тусгайлсан хамгаалалтыг бий болгосон газар. Үндсэндээ 1992 онд анх удаа тусгай хамгаалалтад авсан юм биш, аль тэртээ 1227 оноос улбаатай гэж үзэж болно. Тахиж шүтэж буйн гол утга учир нь монголчуудын сүр хүч, сүлд хийморь, гадагшаа аян дайнд явахад Бүх цэргийн хар сүлдийг тэр үеэс эхлэн цэнгүүлдэг уламжлал тогтсон. Хэдийгээр Бурхан Халдунд сүүлд Дунд овоо, Бэлийн овоо ламын тахилгатай болж шашны зан үйл хийгддэг болсон ч Төрийн хар сүлдний тахилгатай газар юм. Төрийн тахилгатай бусад 10 уул хайрхан, жишээ нь Отгонтэнгэр Очирваанийн, Богд хан уул Манзушир хувилгааны гээд тус тусдаа шүтээнтэй, тэр байдлаар тахигддаг. Тэгвэл Бурхан Халдун уул Төрийн хар сүлдний тахилгатай гэдгээрээ онцлог. Нөгөөтэйгүүр, монголчууд Чингис хаан, түүнээс хойш их, бага хаадын үеэс бүгд тахиж, үеийн үедээ тахих ёстой гэж үр хойчдоо захиж ирсэн нь Төрийн бахархалт хайрхан болгох нэг үндэслэл болсон. Монгол үндэсний бахархалт хайрхан гэдгийн цаана Бурхан Халдун хайрханаа зүрхээ болгон тахиж явбал хойно байгаа буриадууд, урд байгаа өвөрмонгол, Халимаг, Тува гэхчлэн монгол туургатан бүгд сүүн цацлаа өргөж, мөргөж залбираад оюун санааны хувьд нэг байх боломжийг бүрдүүлж байгаагаараа онцлог. Тэгэхээр энэ ариун нандин, дагшин шүтээн рүүгээ буруу бусармаг байдлаар халдах, авирлах явдал байж болохгүй.
–Бурхан Халдунд харийн хүнийг бүү ойртуул гэсэн дээдсийн захиастай ч халдахыг завдсан тохиолдлууд цөөнгүй гардаг. Саяхан Францын жуулчид хууль бусаар нэвтэрч хайгуулын ажлын зураг гаргаж явсныг байгаль хамгаалагч, иргэд мэдээлснээр саатуулсан гэсэн. Юу болсон бэ?
-Ер нь бол Бурхан Халдуныг гадны судлаач, эрдэмтэд зэрэг янз бүрийн хүмүүс сонирхож, зохих зөвшөөрөл авалгүй хууль бусаар нэвтрэх оролдлого хийдэг. Зарим нөхцөлд манай дотоодын судлаачид болон янз бүрийн хүмүүст мөнгө өгч хахуульдах байдлаар ийм алхмууд өмнө нь хийгдэж байсан. Их төлөв археологийн судалгаа, эсвэл газарзүйн байршлын зураглал хийгээд явж байх жишээтэй. Ийм үйлдлүүд гаргаж байгаа нь харамсалтай. Францын тэр жуулчид хууль бусаар орж ирээд нууцаар очсон. Энд нэг л юмыг бодох хэрэгтэй. Монголчууд шүтээн рүүгээ халдахгүйгээр ойлгох ёстой. Тэнд гадны хүмүүс очиход тэднийг дагуулж яваа, унаа машинаар хангаж, тав, арван ам.долларыг нь авч хөлслөгдөн хөтөч, хэлмэрч нь болж, монголчуудаасаа зугтаад явж байгаа энэ хүмүүс бол үндсэндээ хээрийн боохойтой нийлсэн хотны нохой ямар байдаг вэ, тийм л байна.
–Францын жуулчид Бурхан Халдунд аялах зөвшөөрөлтэй байсан уу. Тэдэнд ямар хариуцлага тооцсон бол?
-Францын зургаан жуулчин ямар ч зөвшөөрөл аваагүй, нууцаар очсон байсан. Тэдний гаргасан ажлын зураг, бусад материалыг манай хүмүүс бүгдийг хурааж, холбогдох байгууллагуудад нь хүлээлгэж өгсөн. Монголын нутаг хаанаа ч эзэнтэй гэдгийг мэдрүүлж бусдад ч бас сургамж болох болов уу. Тэр талаарх тодорхой мэдээллийг холбогдох албаны хүмүүсээс асуух нь зүйтэй байх.
–Бурхан Халдун уул ЮНЕСКО-гийн соёлын өвд бүртгэгдсэнээр одоо байгаа төрийн тусгай хамгаалалтын горим, тэнд тогтоосон журамд өөрчлөлт орох уу?
-Журмыг бид бодох ёстой. Одоо мөрдөж байгаа журам бол 2013 онд Бурхан Халдун уулыг Үндэсний бахархалт хайрхан болгосны дараа гаргаж, сүүлд Хууль зүйн яам баталгаажуулсан. Гэхдээ нэг журам гаргачихаад түүнийгээ хөдөлшгүйгээр мөрдөөд явна гэсэн үг биш. Тухайлсан нэг ууланд аялах аяллын журмыг баталснаараа ач холбогдолтой ч шинэчлэх, сайжруулах, засах, Ерөнхийлөгчийн зарлиг, шийдвэртэй нийцүүлэх зэрэг хийх зүйл олон бий. Нэгдүгээрт, тэр журмаар гадны жуулчид ч, дотоодын аялагчид ч Бурхан Халдун хайрханд хүрэлгүй 17 км-ийн наанаас буюу Босго тэнгэрийн давааг хэтрэхгүйгээр уулынхаа барааг харж, сүү,идээний дээжээ өргөх, мөргөх, зургийг нь авах нөхцлийг бүрдүүлэхийг бид зорьсон. Энэ журам жишгээрээ явахад болохгүй юм байхгүй. Хэрэв гадаадын жуулчин, дотоодын аялагч гэж ялгаад очих газрыг нь хязгаарлачих юм бол яс үндэс, гарал угсаа, иргэншлээр нь ялгаварлан гадуурхсан хэлбэр болно. Нөгөө талаас 800 гаруй жилийн өмнөөс мөрдөгдсөн ёс заншил, дэг жаяг, нутгийн ард түмний дунд хууль болчихсон. Тухайлбал Босго тэнгэрийн даваанаас цааш харийн болоод янз бүрийн хүнийг хөл тавиулдаггүй байсан зэрэгт журам маань нэлээд дөхөж очсон. Тэгэхээр хайрханыхаа барааг бүтнээр нь харж, мөргөж залбирах, шүтлэгийн зан үйлээ гүйцэтгэх хамгийн боломжтой цэг нь энэ юм байна гэж бид Тарвагатайн тэгсгэр гэдэг газрыг сонгосон. Гадны жуулчин нь ч, дотоодын аялагч нь ч тэр газарт очиж мөргөж залбираад, зураг хөргөө аваад буцчихдаг бол болчихож байгаа юм. Гэтэл тийшээ очно гэж гараад хулгайгаар цааш нэвтэрч асуудал үүсгээд байдаг. Монголчууд маань үүнд сэтгэлээсээ хандмаар байна.
–Тухайлбал?
-Бурхан Халдун руу гадны хүмүүсийг дагуулж очоод л цаашаа хууль бусаар нэвтрэхийг завддаг байж болохгүй шүү дээ. Тэр байтугай Босго тэнгэрийн даваагаар түүхий мах давуулдаггүй хуучны уламжлалтай. Тэнд очихоосоо өмнө бэлтгэлээ базааж, дандаа болсон идээ авч очдог. Тийм хатуу цээртэй, хориг бүхий байгаа нь монголчуудын эцэг дээдсээсээ тогтоосон ёс заншил. ЮНЕСКО юуг онцолж соёлын өвд бүртгэж байна гэхээр “Монголын нууц товчоо”-нд үндсэн нэрээрээ 27 удаа бүртгэгдсэн, монголчуудын төрт ёс, Их Эзэн Чингис хаан, монгол түмний зан заншил бүх юмыг шингээсэн хайрхан байна гэж үзсэн. Энэ хайрхан дээр одоогоор археологийн ямар нэгэн олдворын ул мөр илрээгүй, судалгаа хийгдээгүй. Тэгсэн ч гэсэн гадны хүн очуулдаггүй. 800 гаруй жил ингэж явж ирсэн тэр ёс заншлыг бид хадгалж үлдсэн. Түүнийх нь үндсэнд ЮНЕСКО дэлхийн соёлын өвд бүртгэсэн. Тэгэхээр бид энэ үнэ цэнэтэй гэж бүртгэсэн хайрханаа үнэ цэнэгүй болгох гэж гадны хүмүүсийг хууль бусаар авч очиж бусармаг үйлдэл хийдгээ болих ёстой. Энд хэлэхгүй, шүүмжлэхгүй өнгөрч болохгүй өөр нэг асуудал бол манай зарим хүмүүсийн сэтгэлийн шунал гэж нэг юм байна. Бурхан Халдун хайрханд ч байна уу, бусад тахилгат уул хайрханд ч гэсэн сэтгэл байвал газар холдохгүй гэгчээр байгаа газраасаа цай, идээний дээжээ өргөхөд хүрч байдаг. Ямар ч нөхцөлд тийм байдаг. Жишээ нь, Бурхан Халдун хайрханд Ховдын хязгаараас байна уу, Дорнодын тал, эсвэл Өмнийн говиос цай, сүүгээ өргөж ёсоо гүйцэтгэхэд тэр хүмүүсийн итгэл сэтгэл хүрч байдаг гэж үздэг. Гэтэл одоогийн зарим хүний хүсэл шунал заавал уул, хайрхадын орой дээр гарах гэж улайрдаг. Бурхан гэчихээд тэр бурхныхаа зулай дээр гишгэж кайф авдаг монголчуудын сэтгэлийн шунал, бараг хагас галзуурал шиг үйлдэл нь ганц Бурхан Халдун ч биш бусад тахилгат уул хайрханд нөлөөлж байна. Монголчууд хэзээ байтлаа толгойтой бүхэн нь Бурхан Халдун дээр гарна гэж явж байсан юм бэ. Тийм зүйл байхгүй. Түүхийн сурвалжаас харж байхад тодорхой тооны цөөхөн хүн уулын оройд гардаг, хүрдэг, тахьдаг. Тэр нь төрөөс томилогдож, тахилгын зан үйлийг хийгээд буцдаг байсан. Ийм л уламжлалтай байсан. Монголчууд тахилга, тайлга гэдэг хоёр өөр зүйлийг нэг юм шиг ойлгож төөрөлдчихөөд ялгаж салгаж чадахаа байсан. Бид энэ чиглэлд Түүх, археологийн хүрээлэнтэй хамтарч сүүлийн гурван жил судалгаа хийлээ. Бурхан Халдун хайрхантай холбоотой архивын материалуудаас манж, түвд, монгол бичгээр бичсэн 649 хуудас материал олдсон. Түүнд нэг ч удаа түмэн олноороо Бурхан Халдуны оройд гарч тахилга тайлга хийж байсан сурвалж алга. Орчин цагийн тахилгын зан үйлийг бол 1995 оноос Ерөнхийлөгчийн зарлигаар хийж эхэлсэн. Энэ жил бид жишиг болгох үүднээс хайрханаас 40 км-ийн наад талаас тайлгын зан үйлийг хийлгэсэн. Энд Хэрлэнгийн дээд Цагаан арлын Алтан Үлдийн овоо гэж байсныг хэлмэгдүүлэлтийн үед Дотоод яамнаас хүмүүс томилж устгуулсныг 2014 онд манай Хамгаалалтын захиргаа, Дашчойлин хийдийнхэнтэй хамтран сэргээсэн. Тайлгын зан үйлийг ямар ч үед тэндээс хийнэ. Харин Төрийн тахилга болсон үед Тэнгэрийн овоон дээр тахилга, тайлга хийхээр шийдвэрлүүлж чадсан. Энэ нь ганц Бурхан Халдун хайрханд ч биш бусад уул овоодод жишиг болох байх.
–Өнгөрсөн хавар болсон Бурхан Халдуны Төрийн их тахилга ёс журмын дагуу болж чадсан гэсэн үг үү. Цаашид анхаармаар ямар асуудлууд байна?
-Тахилга, тайлга хоёрыг салгаж өгснөөрөө том дэвшил болсон. Тэнгэрийн овоонд бол Ерөнхийлөгчийн томилсон 15 хүн болон Хар сүлдний тахилга хийх хүмүүс очих ёстой. Орон нутгаас зөвшөөрөл өгснөөр олон тооны хүн очуулсан тал бий. Гэхдээ харьцангуй цөөн хүн тахилга, тайлгад оролцсон. Өмнөх тахилгуудын үеэр 5-6 зуун мянган машин очиж, хэдэн мянган хүн хайрханы орой дээр гарч талхалдаг байсан. Энэ явдал багассан. Цаашид Бурхан Халдуны орой руу очиж байгаа хүмүүсийг аль болох цөөрүүлье, машины тоог 10-аас хэтрүүлэхгүй байя гэдэгт тогтсон. Төрийн ёслолын албанаас Бурхан Халдун хайрханы Тэнгэрийн овоог төрөөс тахихаар тогтоосон байдаг. Цаашид энэ жилийн жишгээр явах уу, уламжлалаа баримталж сайжруулсан байдлаар явах уу гэдгийг тогтоож өгөх байх.
–Төрийн бахархалт хайрхан болгож, улмаар ЮНЕСКО-д бүртгүүлснээр хяналт, хамгаалалтыг илүү сайжруулах шаардлага тулгарч байна гэж ойлгож байна. Хүний нөөц, боломж хэр байдаг вэ?
-Би түрүүнд хэлсэн, Бурхан Халдун хайрханаа дэлхийн соёлын өвд бүртгүүлнэ гэдэг бидэнд ч бас давхар хариуцлага ирж байгаа юм. Мөн өөрсдөдөө илүү том боломжийг нээж байна. ЮНЕСКО-д бүртгүүлнэ гэдэг нөгөө талаар илүү том хамгаалалтад орох ёстой гэсэн үг. Яагаад гэвэл, монголчуудын өв соёл төдийгүй дэлхийн өв соёлд тооцогдож байна. Мөн миний түрүүнд Хар сүлдний тахилгатай гэж онцолж хэлээд байгаагийн учир ч тэр. Ийм учраас Батлан хамгаалах яам ч гэсэн онцгой анхаарал тавих ёстой. Давхар хамгаалалцах ёстой. Мөн Бурхан Халдун хайрханыг дэлхийн соёлын өвд бүртгүүлснээр хадгалалт, хамгаалалтыг хариуцсан нэгжийг байгуулах үүргийг хүлээдэг. БОНХАЖЯ, БСШУЯ хамтарсан шийдэлд хүрэх байх. Хамгаалалтын чиг үүрэг бүхий газар маань үндсэндээ Хан Хэнтийн дархан цаазат газрын 90 хувийг хамардаг. Дархан газрын дотроо шинээр бүтэц бий болгох уу, шинээр соёлын өвийн чиг үүрэг бүхий бүтцийг байгуулах уу. Ямар ч байсан төрийн зүгээс нэмэлт хүн хүч, боломж, хамгаалалт хяналтыг сайжруулах үүргийг хүлээж байгаа. Бид байгалийн талаас нь хамгаалж ирсэн бол одоо соёлын талаас өндөр хамгаалалтад орох шинэ нөхцөл байдал үүсч байна.
Зууны мэдээ
Ч.Үл-Олдох