Арван жилийн дотор хогноосоо салж, Азийн цагаан дагина нэрээ эргүүлэн авъя

Нийслэлийн хүн ам өдөр өдрөөр өсөхийн хэрээр асуудлууд ч нэмэгдсээр байна. Манай хотын хувьд хогны асуудлаа шийдэж чадахгүй явсаар хогондоо дарагдсан гэхэд хилсдэхгүй. Өндөр өндөр байшин барилгууд сүндэрлэхийн хэрээр эндээс гарсан барилгын хог хаягдал захын хорооллын гуу жалганд овоорч хур хог бий болгосоор байгаа. Уг асуудлыг шийдвэрлэхийн тулд холбогдох төрийн байгууллагууд шат дараатай ажлуудыг хийж байгаа ч төдийлөн үр дүнд хүрэхгүй байна. Энэ нь мэдээж иргэдийн амьдарч буй орчиндоо хоноцын сэтгэлгээгээр ханддагтай холбоотой. Хамгийн наад захын жишээг дурдахад иргэд хашааныхаа хогийг цэвэрлэчихээд хогны машин ирэхийг хүлээж тэсэлгүй гудамжиндаа гарган тавьдаг. Үүнийг нь золбин нохой нааш цааш нь чирч тэр хавийн гудамжийг тэр чигт нь хөглрүүлж орхидог. Мөн хүчтэй салхинд гудамжаар нэг тарах нь ч бий.
Нийслэл хотын хэмжээнд хогны асуудлыг дүүрэг бүр шийдвэрлэж байх учиртай ч Захирагчийн ажлын албанаас ерөнхий чиглэл өгч ажиллах ёстой аж. Иймээс бид Захирагчийн ажлын албатай холбогдон Улаанбаатар хотын хэмжээнд хур хогийг цэвэрлэх ажлыг хэрхэн хийж байгаа талаар тодрууллаа.
-Хур хог гэж бид ярьдаг. Түүнээс гадна хог жалга болгонд хог хурж байдаг. Үүнийг хэн цэвэрлэх ёстой юм бэ?
-Нийслэлд эзэнгүй хог хаягдал маш их байдаг. Далан дагаад амьдардаг иргэд хог хаягдлаа шууд асгадаг. Үүнийг заавал нийслэл, дүүргээс цэвэрлэх ёстой юм шиг бодолтой байх юм. Бид цэвэрлэх ажлаа хийлгүй л яах вэ. Гэхдээ 21 дүгээр зууны иргэд хотжих хэрэгтэй байна. Соёлтой байж, хог хаягдлаа энд тэнд хаяж, асгахгүй байх нь иргэний ухамсрын асуудал шүү дээ.
-Гэр хорооллын айлуудын хогийг хэд хоноод ачдаг вэ. Хогны машин ирдэггүй учраас л овоолоод орхихоос өөр аргагүй болдог гэж бас хүмүүс ярьдаг?
-Гэр хорооллын айлуудын хогийг сардаа 2-3 удаа ачдаг. Тэгэхээр 10 хоног тутам ачдаг гэсэн үг. Хог хаягдлыг тээвэрлэх асуудлыг тухайн дүүргийн Засаг дарга бүрэн шийддэг. Байрны айлуудын тухайд өдөр болгон цагийн хуваарийн дагуу, дуудлагаар юм уу хогийн бункер дүүрэхээр ачдаг.
Харин бид гэр хорооллын зарим айлуудаас хогны машин хэд хонож ирж хог ачдаг талаар тодруулсан юм.
БЗД-ийн 17 дугаар хорооны иргэн Ж.Бадамсүрэн: Хогны машин ирэхгүй байна гээд хогоо гудамжинд гаргаж тавьдаг хүмүүсийг ойлгодоггүй
Манай энэ хавь нэлээд зах газар болохоор хогны машин тэр бүр ирдэггүй л дээ. Гэхдээ сардаа нэг бол ирээд байдаг. Ер нь хур хог бий болж байгаа нь хүмүүсийн ухамсраас л болж байна гэж би бодож байна. Яагаад гэхээр хашааныхаа буланд хурааж байгаад хогны машин ирэхээр ачуулчих хогийг заавал гудамжинд гаргаж, гуу жалганд хаяж байгааг би ойлгодоггүй юм. Дээрх иргэний ярьсанчлан иргэд өөрийн хашаагаа цэвэрхэн байвал болоо гэсэн өчүүхэн бодлоосоо болж бусад айл хөршүүдийнхээ тав тухыг алдагдуулж хогоо хашаагаа давуулан хаяж буй нь Нийслэл хотын өнгө үзэмжийг гутааж байна.
Нийслэлийн өнгө төрх зөвхөн хотын төвд байдаг засмал зам, өндөр чамин барилга, өнгө өнгийн цэцэг биш гэдгийг манайхан ойлгож гэр хорооллын гудамж талбайгаа цэвэр цэмцгэр байлгах нь чухал юм. Үгүй бол адаглаад хөрсний бохирдлоос үүдэлтэй элдэв төрлийн өвчин эмгэг тусах нь элбэг болж байна.
Тэгвэл үүнээс гарах маш олон арга зам байна. Дэлхийн өндөр хөгжилтэй хотуудад ч манай нийслэл шиг хур хогоо дийлэхгүй болсон үе байсан уу гэвэл байсан. Харин тэд өдгөө асуудлаа шийдвэрлэж чадсан. Харин тэд хэрхэн уг асуудлаа шийдвэрлэсэн бэ гэвэл маш энгийн. Ердөө л төрийн байгууллагууд нь ард иргэдтэйгээ нягт хамтран ажиллаж аль аль талаасаа хичээсний үр дүнд өнөөдөр хамгийн чухал асуудлаа шийдвэрлэн санаа зовох зүйлгүй амьдарч байна.
Ганц жишээ дурдахад 1960-аад оны Япон орны дүр төрхөөс жаахан танилцуулъя. Хүн орон зайгүй шахм нарийн гудамжнуудын тохой булан бүрд гялгар уут, ногооны хальс, хаясан хувцас хунар гээд л энд тэндгүй хөглөрөөстэй. Хүмүүс нь цонхоороо шил лааз, цаас зэрэг элдэв хог хаягдлаа хаа сайгүй шидлээстэй. Гудамж талбай нь тэр аяараа хогийн цэг гэмээр. Ялаа батгана тэр дээр нь бөөгнөрөн шаваастай. Ойр хавьд нь хүмүүс хоол идэж буй аймшигт дүр төрх. Мөн ард иргэд нь гэдэсний халдварт өвчин тусаж, олноор үхэж үрэгдэж байв. Ийм л дүр төрхтэй байж.
Цаг хугацааны хувьд хагас зуун жилийн ялгаатай ч манай өнөөгийн гэр хорооллын дүр төрхтэй нэлээд төстэй гэмээр дүр зураг.
Ийм байдалтай байсан ард түмэн 1970-аад оны эхэн гэхэд л энэ байдлаасаа гарч чаджээ. 10 хүрэхгүй жилийн дотор газар, тэнгэр шиг ялгаатай шинэ Япон орныг бий болгож чадсан байгаа юм тэд. Тэдэнд хогноосоо салахад хамгийн ихээр нөлөөлсөн хүчин зүйл бол ерөөсөө л иргэдийн өөрсдийнх нь ухамсар байж. Эмх замбараагүй хаа сайгүй хаясан хог, эргээд эрүүл мэнд, амь насанд асар их хохирол учруулж буйг ухамсарласан хэрэг. Энэ нь тэдний хамгийн гашуун туршлага байж. Дээр нь жижигхэн газар нутагтай тул хог хаях юм бол амьдрах газар багасч байна гэдгийг ард иргэд нь ойлгожээ.
Мөн дэлхийд алдартай Панасоник компанийг үүсгэн байгуулагч, Японд менежментийн бурхан хэмээн хүндлэгддэг Мацүшита Кооносүкэ гэх энэ агуу хүний уриа их нөлөөлсөн аж.
“Япон орноо бүхэлд нь цэвэрхэн сайхан болгоё гэдэг бол сайхан үгнээс цаашгүй. Улс орноо бүхэлд нь сайхан болгохын өмнө эхлээд өөрийн эргэн тойрноо сайхан болго. Өөрийн эргэн тойрноо цэвэрлэж ч чадахгүй бол бүх улс орноо цэвэрлэж чадах уу” хэмээн хэлсэн нь энэхүү үгийг одоо хүртэл Япон хүн бүр мөрдсөөр иржээ. Ингээд хүн бүхэн өөрсдийн эргэн тойрныхоо жижигхэн хэсгийг цэвэрлэж байя гэсэн нэгэн сэтгэлээр шаргуу хичээсний дүнд хогноосоо маш хурдан салж, өдгөө дэлхийн хамгийн цэвэрхэн 10 улсын тоонд зүй ёсоор багтаж чадсан түүхтэй.
Иймээс бид ч гэсэн энэ улсын түүхийг өнөөдөр давтаж, хогноосоо богино хугацаанд салах боломж бий. Адаглаад алс холын Япон орны туршлагыг дууриаж чаддаггүй юмаа гэхэд хөдөөнийхөн хэмээн ад шоо үздэг бидний нэг хэсэг ард түмэн нүүж явахда бууриа цэвэрлээд, ачаад явдаг ухамсарыг нь өөрсддөө шингээчих хэрэгтэй байна. Бид дор бүрнээ нүүдэлчдийн энэ соёл, ухамсрыг өөртөө суулгаж чадвал энэ их хөглөрсөн их хогноос салах тийм ч хэцүү биш. 20,10 жил магадгүй түүнээс ч бага хугацааны өмнө бид хогноосоо салан, Азийн цагаан дагина нэрээ эргүүлэн авч чадах ч юм бил үү.
olloo.mn