"Хог түүх аян"-ыг сонгуулийн пиар болгочихгүй юмсан

Найр наадам үргэлжилсэн Монгол эх орны минь цаг агаарын ааш аяг нь олдохгүй, хүмүүс амралтын байдалтай, улстөрчид ч нэгнээ муулж, хэрэлдэж хэлэлцэхгүй, амьдрал тайван үргэлжилсээн байна. Сошиал ертөнц ч энд тэнд амарч, зугаалсан, алжаалаа тайлсан, идсэн ууснаа “гайхуулах” хүмүүсийн зургаар дүүрэв. Гэхдээ энд нэг зүйлийг онцлоход ”#XorBucketChallenge” хэмээх аян хүчтэй өрнөж байна. Уг аяны зорилго нь эх орныхоо өнцөг булан бүрт байгаа хур хогуудыг цэвэрлэж, тэр хэрээрээ цэмцгэр сайхан орчинд амьдрахыг уриалж байгаа явдал юм. Аян ч нэлээд хүчтэй өрнөж, залуусыг эгнээндээ нэгтгээд амжсан. Яг л хэдэн сарын өмнө өрнөж байсан “Ice bucket challenge” шиг. Уг аян бол Америк төдийгүй дэлхий нийтийг хурдацтай хамарч буй Лоу Гехригийн эмгэг /ALS/ хэмээх хүний булчингийн үйл ажиллагааг саармагжуулж, улмаар үхэлд хүргэдэг аймшигт өвчнийг мэдрүүлэх, эсэргүүцэх хүрээнд зохион байгуулагдаж байсан.
Энэхүү өвчинтэй тэмцэх ашгийн бус сангаас зохион байгуулсан “Мөстэй Усны Сорилт”-д олон алдартан өөрийн сонирхлоор нэгдэж, хандив өргөхөөс гадна бусдыгаа ч энэхүү үйл ажиллагааңд нэгдэж хандив өргөхийг уриалж байсан билээ. Энэ аян Монголд ч өрнөж, урлаг соёлын алдартнууд мөстэй ус өөр дээрээ асгаж, “шоудсан”.
Харин ”#XorBucketChallenge” бол өөр. Дүрэм нь эхний хүн сонгосон газрынхаа хогийг цэвэрлээд дараагийн гурван хүнээ дуудна. Тухайн хүний дуудсан гурван хүн гурав хоногийн дотор гурван уут хогийг түүж зургаа оруулаад дараагийн гурван хүнээ дуудна. Хэрвээ хог түүж чадахгүй бол ТҮК-ийн гурван ажилчинд 5-20 мянган төгрөгийн үнийн дүн бүхий үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг бэлэглэх ёстой. Нэг хүн гурван уут хог түүснээр бид бүхэн цэвэр орчиңд эрүүл амьдрах нөхцөл бий болно гэсэн үг. Ийм л нэг аян наадмын дараагаас эхэлж, залуусыг байлдан дагуулж байна. Залуус янз бүрийн хүмүүсийг дуудаж байгаагаас гадна энэхүү аяны хамгийн бяцхан оролцогч зургаан настай Тэнгис хэмээх хүү Ерөнхийлөгчийн зөвлөх, МАН-ын даргын Олон нийт хэвлэл мэдээлэл хариуцсан зөвлөх зэрэг хүмүүсийг дуудсан нь олон хүний анхаарлыг татсан юм. Гэвч тэдгээр хүмүүс хүүгийн дуудлагыг хүлээн авч, тэр даруй даалгавраа гүйцэтгэсэн. Энэхүү мэдээллийг дэлхийн томоохон мэдээллийн агентлаг BBC хүртэл онцолсон юм.
Тус агентлагийн мэдээлэлд, “Монголын фэйсбүүк хэрэглэгчид үндэсний их баяр наадмаараа гол ус, байгалиа цэвэрлэх аяныг эхлүүлэн наадлаа. Хог түүх аянд нэгдсэн фэйсбүүк хэрэглэгч гурван өдрийн дотор гурван уут хог түүх бөгөөд түүнийгээ харуулсан зураг, бичлэгийг өөрийн цахим хуудастаа оруулж, гурван найзыгаа энэ аянд нэгдэхийг урих юм хэмээсэн байна. Өнгөрсөн жил олон улсын хэмжээнд өрнөсөн “Ice bucket challenge” аяныг тэд ийн өөрчилж, хог түүх аян болгосон нь энэ. Аянд оролцогч гурван өдрийн дотор гурван уут хогоо түүж амжихгүй бол 10 доллар хүртэлх мөнгийг төлөх ёстой гэнэ. Маш олон залуус аянд нэгдэн ”#XorBucketChallenge” фэйсбүүк хаягт зураг, дүрс бичлэгээ оруулсаар байна. Зөвхөн www.mminfo.mn вэб сайтын пост л гэхэд фэйсбүүк хэрэглэгчдээс 50 мянган лайк цуглуулсан байгаа юм. Зарим гайхалтай оролцогчдоос дурьдвал, зургаан настай Тэнгис гэдэг хүү Ерөнхийлөгчийн зөвлөх, намын даргын Олон нийт хэвлэл мэдээлэл хариуцсан зөвлөх зэрэг хүмүүсийг дуудсан байсан юм. Энэ мэтээр Засгийн газрын албан тушаалтан, загвар өмсөгчид хэвлэл мэдээллийн байгууллагын захирал, эрхлэгч зэрэг хүмүүс ч энэ аянд нэгдэн уут барьж, гол мөрөн, зам талбайн хогийг цэвэрлэн аянд нэгдэж байна" хэмээсэн нь сошиал ертөнцийн хэрэглэгчдийг энэхүү аянд татагдан ороход түлхэц болж өгсөн юм.
Тэгвэл аливаа нэг зүйлийг заавал улстөржүүлҗ пиарьш зэвсэг болгон ашиглах сонирхолтой хэсэг бүлэг нөхдүүд байна аа. BBC агентлаг хүртэл онцолсон монгол залуучуудын санаачилсан ”#XorBucketChallenge аян”-д улстөрчдөөс олон хүнийг дуудаж байгаа бөгөөд тэд ч эхнээсээ дуудлагыг хүлээн авснаа мэдэгдээд байгаа. Улстөрчдөөс, тэр дундаа Засаг дарга нараас хамгийн түрүүнд Баянгол дүүргийн Засаг дарга Д.Оросоо дуудлагыг хүлээн авснаа мэдэгдэж, даалгавраа гүйцэтгэсэн. Хамгийн түрүүнд гүйцэтгэсэн нь сайн хэрэг боловч, тэрбээр ”#Хог- BucketChallenge аян”-аар далимдуулан “шоудаад” амжив.
Учир нь залуус энэхүү аяныг үнэн сэтгэлээсээ дэмжиж, портер дүүрэн хог түүснээ гэрэл зургаар баталгаажуулан харуулж байхад Засаг дарга Д.Оросоо цагаан цамц, шинэ шүүр барьсан зургаа оруулж нэг их ажил хийсэн хүн болж харагдах гэсэн нь олон хүний, тэр дундаа баянголчуудын бухимдлыг төрүүлээд амжжээ. Тухайлбал түүний фэйсбүүкт үлдээсэн зургийн дор “Энэ нэг юм манайхнаас нэр дэвшиж гарсан юм. Бараг л диваажинд амьдруулахаар юм амлаж, долоочих шахан байж гарсан даа. Одоо бол сахил хүртээд шал дордсон. Манай гэрийн тэр хавь дайңд нэрвэгдсэн мэт л болоод байна. 10 хороолол, 5-р хороо, 47-ын А, Б гэх хэдэн байр. Ер нь тэр хавь бүхэлдээ. Үүнээс дор байхыг хэзээ ч үзсэнгүй. Тэгсэн мань хүн ингээд л цэвэрхэн хувцаслаж, тоос тортогонд шүргээгүй шинэ шүүр бариад л хогны цаана нэг их лут гавъяа байгуулсан хүн аятай патиараа татуулаад л өөрийгөө рекламдаж явах гэж. Ичих нүүр энэ хүнд алга даа” хэмээн бухимдлаа илэрхийлсэн байсан.
Мөн “Баянгол дүүргийн гуравдугаар хороог цэвэрлэх аян эхэлсэн бол яамай даа. “Барс” хүнсний зах болон явган хүний гүүрний хоёр талыг цэвэрлэж сайхан болгох хэрэгтэй. Ер нь аливаа ажлыг реклам сурталчилгаа маягаар хиймээргүй байна. “Барс” захын явган хүний гүүрний урд талын хоёрдогч түүхий эд авдаг газрыг хаах хэрэгтэй байна шүү, Оросоо дарга аа. Болж өгвөл газар дээр нь ирж үзэх хэрэгтэй байна” хэмээн сэтгэгдлээ илэрхийлсэн байв. Энэ мэтчилэн олон хүн сэтгэгдлээ илэрхийлсэн байсан бөгөөд түүнийг зүгээр л ”#Хог- BucketChallenge аян”-аар “шоудлаа”, сонгуулийн пиар хийлээ гэж үзэх хүн олон байсан юм. Мөн тэрбээр Сумогийн 68 дахь их аварга Д.Дагвадорҗ "Баялаг Бүтээгчдийг дэмжих холбоо"-ны Ерөнхийлөгч Ч.Даваабаяр, МЗХ-ны Ерөнхийлөгч А.Мөнхбат нарыг дуудсан байсан. Одоогоор түүний дуудлагыг их аварга Д.Дагвадорж хүлээн аваад, тун удахгүй гурван уут хогоо түүх юм гэнэ билээ. Ямартай ч ”#XorBucketChallenge” аян үр дүнгээ өгч, залуусыг нэгдэж, нийлж чаддагийг харуулж байна. Харин хийж, бүтээе, цэвэрлэе, цэвэрхэн орчинд амьдаръя гэсэн залуусын энэ их оргилуун сэтгэлийг сонгуулийн хар, цагаан пиартаа оруулж,
улстөржүүлэх хэрэггүй л юмсан.
Бас болоогүй нийгмийн хариуцлагаа ухамсарладаг хэмээн байнга зарладаг үүрэн телефоны оператор компаниуд болон төрийн байгууллагууд энэхүү аянд дуудагдсан хэрнээ, нүдэн балай, чихэн дүлий суусаар байгаа юм. Тодруулбал, Хүүхдийн төлөө үндэсний газар, Нийгмийн халамж үйлчилгээний ерөнхий газар, Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс, Чингэлтэй дүүргийн Хөдөлмөрийн хэлтэс, Ж.Ган-Эрдэнэ даргатай Баянгол дүүргийн Хөдөлмөрийн хэлтэс, Алтанцэцэг даргатай Хан- Уул дүүргийн Хөдөлмөрийн хэлтэс болон НТВ телевиз, UBS телевиз, Боловсрол суваг телевиз, Юнителгрупп, Скайтел групп, Мобиком корпораци зэрэг эдгээр байгууллагууд өнөөдрийг хүртэл ямар нэгэн хариу өгөөгүй байна. Эдгээр байгууллага, компаниуд энэхүү аянд дуудагдсанаа мэдээгүй юу, эсвэл хог түүх ажлаас хойш суусан уу, бүр бүгдээрээ амраад явчихсан уу. Ямартай ч өнөөдрийг хүртэл хог түүсэн зургаа оруулаагүй байна. Мөн ДМ-ийн залуус Сэлбэ голын эрэг дагуу, 100 айлын гүүрний хажууг цэвэрлэж, амьдрах орчиндооцэвэрхэн байх ёстой ухамсрыг иргэддээ суулгах энэ зөв ажлыг тасалдуулахгүй цааш нь үргэлжлүүлэх үүднээс нийслэлчүддээ үлгэр дууриалал үзүүлэн оролцоосой гэж Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлийг дуудсан байна билээ. Эрхэм улстөрчид минь энгийн иргэдтэйгээ нийлээд, ил харагдах хог буртгаа цэвэрлэе. Тэгэхдээ битгий “шоудаарай”.
Монголын мэдээ
Э.Туул