Дональд Трампыг сонгуулийн сунгаанд байх хэрэгтэй гэж үзлээ

Ирэх онд АНУ-д явагдах Ерөнхийлөгчийн сонгуулийн нэр дэвшигчийг тодруулах Бүгд найрамдах намын сунгаанд өрсөлдөхөө албан ёсоор зарласан үл хөдлөхийн тэрбумтан ДоналдТрамп сүүлийн уед өөрийн хийсэн мэдэгдэлтэй холбоотой асуудалд орооцолдоод буй. Гэвч энэ бүхнээс үл хамааран намын сунгаанд нэр дэвшигчид дотроо тэрбээр хамгийн их дэмжлэгтэй эрхмээр нэрлэгдээд байна. Сүүлийн үед явуулсан олон нийтийн судалгааны дүнгээс энэ нь тодорхой харагдаж байгаа юм. ДоналдТрампын хувьд өнгөрөгч зургадугаар сарын дундуур сонгуульд нэр дэвшихээ мэдэгдсэн бөгөөд цагаачидтай холбоотой хатуухан мэдэгдлийг хийснээр хэд хэдэн асуудалд орооцолдоод байгаа билээ.

 

Мөн энэ сарын 18-нд Бүгд найрамдах намын нэр хүндтэй сенатч Жон Маккэйнийг “Дайны баатар биш” гэх зэргээр шүүмжилж, зарим хүмүүсийн дүргүйг хүргэж байсан. Тэгвэл саяхны олон нийтийн судалгаанд оролцсон Бүгд найрамдах намын дэмжигчид болон нам бус 419 хүний ихэнх нь буюу 52 хувь нь тэдгээр мэдэгдлийн дараа ч ‘Трамп сунгаанд үргэлжлүүлэн өрсөлдөх хэрэгтэй” гэж хариулсан байна. Харин сунгаанаас нэрээ татах хэрэгтэй гэж 33 хувь нь хариулсан байна.

 

Мөн Ерөнхийлөгчийн сонгуульд бие дааж нэр дэвших хэрэгтэй хэмээн судалгаанд оролцогсдын 15 хувь нь үзсэн байх юм. Түүнчлэн, Бугд найрамдах намын дэмжигчдэд “Одоогийн нэр дэвшигчдээс нээлттэй хэлэлцүүлэгт оруулахыг хүсч буй дэвшигч байна уу. Байвал хэн бэ” гэсэн асуултыг тавихад ДоналдТрамп хэмээн хамгийн олон буюу 18 хувь нь хариулсан байна. Харин хоёрдугаарт Флорида мужийн захирагч асан Жеб Буш 14 хувийн саналаар, харин үлдсэн нэр дэвшигчид 10 хүрэхгүй хувийн саналыг авчээ.

 

Мөн эцэст нь “хэн Бүгд найрамдах намыг төлөөлж Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх вэ” гэсэн асуултад дэмжигчдийн 40 хувь нь Жеб Буш хэмээн хариулсан бол Трампыг 18 хувь, Скотт Уөкерийг 11 хувь нь Ерөнхийлөгчид өрсөлдөх хэрэгтэй хэмээн үзсэн байна. Зөвхөн Бугд найрамдах намын дэмжигчид дотроо Жеб Буш 31 хувь, Трамп 22 хувь, Уокер 14 хувийн дэмжлэгтэй байгаа нь судалгаанаас харагдаж байгаа юм. Харин Бугд найрамдах намын өрсөлдөгч Ардчилсан намын нэр дэвшигчдийн тухайд Төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтонг ирэх оны сонгуульд нэр дэвшүүлэхийг намын дэмжигчдийн 76 хувь нь дэмжиж байгаа аж. Ардчилсан намын дэмжигчид болон Ардчилсан намд элэгтэй нам бус нийт 392 хүний дунд явуулсан судалгаагаар 78 хувь нь Хиллариг дэмжжээ. Дээрх судалгааг CNN болон судалгааны ORC байгууллага гурван өдрийн хугацаатайгаар явуулсан бөгөөд АНУ-ын насанд хүрсэн 1017 хүнийг оролцуулжээ.

 

Эдгээр судалгаанаас харвал Бүгд найрамдах намаас Бушийнхны залгамжлагч гурав дахь үеийн Буш, харин Ардчилсан намаас Клинтоныхон гарч, тэдний хооронд ширүүн сонгуулийн тулаан өрнөх байдал ажиглагдаж байгааг зарим эх сурвалж дурьджээ.

 

Монголын мэдээ
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button