Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийг зориулалтаар нь ашиглаж байна уу

Орон нутгийн хөгжлийн сан гэдэг тухайн нутаг орны хөгжин цэцэглэх, бүтээн байгуулах ажлын гол тулгуур болж байдаг хөрөнгө билээ. Гэтэл эл хөрөнгөнөөс орон нутгийн удирдлагууд иргэдийнхээ саналыг авалгүйгээр зориулалтын бусаар захиран зарцуулах явдал гарсаар байна. 

Тодруулбал, Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөнөөс дур мэдэн баяр наадмын үйл ажиллагаанд зарцуулсан асуудал гарчээ. Энэ байдал Дорноговь аймагт гарсан байна.

АТГ-аас мэдээлж буйгаар, тус аймагт Засгийн газрын 271 дүгээр тогтоолоор Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөс Баяр наадмын зардалд Засгийн газрын тогтоосон жишиг хэмжээнээс хэт их хэтрүүлэн төлөвлөж, зарцуулжээ. Түүгээр ч зогсохгүй Орон нутгийг хөгжүүлэх бүтээн байгуулалтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахдаа бусдад давуу байдал олгох, гэрээний шаардлагыг хангуулан чанартай хийлгэх талаар гүйцэтгэлийн хяналт хангалтгүй байснаас зарим ажлууд чанаргүй хийгдэж байж. Мөн  Хатанбулаг суманд гэхэд Орон нутгийн хөгжлийн сангийн 2014 оны хөрөнгөөр иргэдийн санал аваагүй 60 ортой хүүхдийн дотуур байрны барилгын  санхүүжилтэд 200 000 000 төгрөг олгож Төсвийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.3.6 дахь “ Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийг орон нутгийн иргэдийн саналыг аваагүй … зардал арга хэмжээнд зарцуулахыг хориглоно.” гэсэн заалтыг зөрчсөн байна. Иймээс дээрх дутагдлыг арилгаж, арга хэмжээ авахыг АТГ-аас Дорноговь аймгийн удирдлагуудад мэдэгдээд байна. 

Уул нь үе үеийн Ерөнхий сайд Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулахгүй байхыг орон нутгуудын удирдлагуудад хатуу анхааруулж, баяр наадам тэмдэглэхгүй байх учиртайг ч олон удаа сануулсан сан. 

 Сангийн хөрөнгө зарцуулалтын тухайд хэлэхэд, Сангийн хөрөнгөөр сум, орон нутагт бараа ажил үйлчилгээ худалдан авах ажиллагааг Монгол улсын “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай” хууль болон түүнд холбогдох журмын дагуу зохион байгуулна. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар сумын бэлчээрийн нөхцөл байдлыг сайжруулах, булаг шанд, ундны усны эх, худаг гаргах хамгаалах,  бэлчээр хаших зэрэг холбогдох нарийн мэргэшил шаардахгүй энгийн ажлын гүйцэтгэлийг тухайн орон нутгийн иргэдээр олон нийтийн оролцоотой худалдан авах ажиллагааны журмын дагуу сонгон шалгаруулж хэрэгжүүлэхээр заасан байдаг билээ. 

Дашрамд дуулгахад, Монгол улсын Төсвийн тухай хууль, түүний 59 дүгээр зүйлд заасан “Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сан”, 60 дугаар зүйл “Орон нутгийн хөгжлийн сан” /цаашид “Сан” гэх/ зэрэг заалтыг үндэслэн улсын төсвөөс орон нутгийн хөгжлийг дэмжих зорилгоор хуваарилагдах хөрөнгийг нутгийн засаг захиргаа иргэд, олон нийтийн оролцоотой хамтын шийдвэрээр ил тод, хариуцлагатай захиран зарцуулах нөхцлийг бүрдүүлж төсөл, хөтөлбөр, арга хэмжээг хэрэгжүүлэх, хянах, тайлагнах, орон нутгийн чадавхитай уялдуулсан олон талын харилцааг зохицуулахад Орон нутгийн хөгжлийн сан оршиж буй. Сангийн зорилго нь орон нутгийн иргэдийн тогтвор суурьшилтай амьдрал, иргэдийн аж байдалд эерэг таатай нөлөөлөл бий болгох, ээлтэй орчинг бүрдүүлэхэд чиглэгдэнэ. Мөн Төрийн санд тусгай данстай байх бөгөөд сангийн орлого, зарлагыг энэхүү дансаар дамжуулан гүйцэтгэдэг. Иймээс уг сан нь Төрийн сангаас гадуур данстай байхыг хориглодог хуультай.

Г.Уянга

olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button