Түүхий самар худалдаалагчдад хариуцлага тооцъё

Нийслэлийн гудамж талбай, автобусны буудлуудаар түүхий боргоцой зарагдаад эхэлчхэж. Жил бүр наймдугаар сар гарав уу үгүй юу иргэд түүхий боргоцой түүж, гар дээрээс худалдаалах явдал ихэсдэг бөгөөд үүнийг дагаад олон асуудал үүсдэг. Хушны самарт дургүй хүн гэж үгүй биз. Чигчий хурууны хумсны толион чинээ биетэй ч, өөртөө 19 төрлийн витаминыг агуулсан, гайхалтай амттай энэ жимс уургийн дутагдлыг нөхөн дархлааг сайжруулдаг ач тустай. Гэхдээ бүрэн болоогүй түүхий боргоцойг хэн нэгэн хэдэн төгрөгийн ашиг олох сэдлээр түүж, худалдаалаад байвал үүнийг дагаад үүсэх эрсдэлд хэн хариуцлага хүлээх вэ. Энэ жилийн хувьд манай улсад халдварт өвчний тархалт өндөр байгаа.

 

Бүр өнгөрөгч онд бүрэн устсан хэмээн гэрчилгээгээ хүртэл гардан авч байсан улаанбурхан өвчний халдвар дэгдэж, эдүгээ ч халдварласан хүний тоо буураагүй. Үүнээс гадна мал амьтны гаралтай боом, галзуу, тарваган тахал зэрэг халдварт өвчнүүд гарч, хорио цээрийн дэглэм тогтоогоод буй. Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний тухайд нэг аймгийн нэг сумын нутагт боом өвчний нэг, хоёр аймгийн хоёр сумын нутагт галзуу өвчний хоёр, нийт хоёр аймгийн гурван сумын нутагт гурван тохиолдлын голомтод тогтоосон хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэм үргэлжилж байгаа юм.

 

Тэгвэл халдварт өвчний тархалт буурахгүй байгаа энэ үед зөвхөн хушны самар гэлтгүй, түүхий жимс жимсгэнэ гар дээрээс худалдаалж буй иргэдэд тавих хяналтаа чангатгамаар байна. Болц гүйцээгүй самар давирхай ихтэй байдаг тул элдэв нян, вирус, бохирдлыг амархан татдаг бөгөөд халдварт өвчин тараах үндсэн нөхцөл болдог хэмээн мэргэжилтнүүд хэлээд байна. Тиймээс эрүүл ахуйн байдлаа бодсон ч одоогийн нөхцөл байдалд тохиромжгүй. Хуш модны самрыг аравдугаар сарын 15-наас дараа оны гуравдугаар сарын 15-ны хооронд бэлтгэх ёстой юм билээ. Гэвч долдугаар cap дуусаагүй байхад самар худалдаанд гарч эхэлсэн нь манайхны хэдэн бор төгрөг олох гэсэн шунахай сэдэлтэй холбоотой. Гудамжинд боргоцой худалдаалагдах болсноор салхинд гарангаа самар түүе гэсэн сэдэл хүмүүст төрж, самранд явах иргэдийн урсгал ч нэмэгдэх хандлагатай байна. Үүнийг дагаад хуш модны самар, шилмүүсээр хооллодог хур, сойр, хөтүү, жирх, хэрэм, баавгай, гахай зэрэг олон амьтан хоол тэжээл дутагдсанаас болж тоо толгой нь цөөрөх асуудал ч гарч байгааг энд дурьдахгүй өнгөрч болохгүй.

 

Ганцхан жишээ дурдахад л 2009- 2010 онд самар гараагүйгээс өлсгөлөн баавгай Хэнтий аймгийн Галшар сум хүртэл тал хээрээр тэнэж, хүний гарт өртсөн тохиолдол гарч байсан гашуун түүх байна. Түүнчлэн ургацгүй жил жирх, хэрэмний тоо толгой багассанаас булга, шилүүс зэрэг амьтны хоол тэжээл хомсдон, өсч үржих нь багасдаг байна. Тиймээс муна, шуудайгаа барин хушин ойг зоригсод амьд байгалийг өчүүхэн ч атугай бодож, ухаантай хандмаар юм. Ойн тухай хуулийн 38.5-д заасны дагуу их ургацын жил аль ч зориулалтаар, дунд ургацын жил зөвхөн ахуйн зориулалтаар ойгоос хуш модны самар түүж бэлтгэж болдог бөгөөд бага ургацын жил аль ч зориулалтаар түүж бэлтгэхийг хориглосон заалт байна. Хууль бусаар бэлтгэсэн, тээвэрлэсэн зөрчил гаргасан иргэнийг олсон орлогыг хурааж, нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагын нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 15 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус торгодог юм байна.

 

Иргэн нэг удаа цайруулсан самрыг 25 кг хүртэл хэмжээтэйгээр түүж болно. Ингэхдээ нэг кг цайруулсан самрыг түүхэд 500, мойл, нэрс, үхрийн нүд, гүзээлзгэнэ, улаалзгана хад зэрэг жимс, жимсгэнийг түүхэд 300 төгрөг тус тус төлөх ёстой. Тэгвэл самар түүхээр явж буй хүмүүс 25 кг бус 250 кг-ийг түүгээд гарахад тэднийг хянах хүн байхгүй нь хамгийн их анхаарал татсан асуудал. Бүр амташсан хэрээ 13 эргэнэ гэгчээр нэг очсон хүн дараа нь очихдоо бүр том муна авч очин модыг гэмтээх ч тохиолдол гардаг юм билээ. Тиймээс хушин ойг зоос болгон хардаг зарим нөхөд өөрийн олох ашгаа бус, олон нийтийн эрүүл ахуй, амьд байгалиа бодвол яасан юм. Ер нь ч эдгээр иргэдэд тавих, хяналтаа албаны хүмүүс нь чангатгах цаг болсон байна шүү.

 

Монголын мэдээ

Б.Даваа

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button