Ээлжийн амралтын хоногийг 15 байсныг 20 болгож болохгүй

Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос цалин хөлс болоод өргөн баригдсан хөдөлмөрийн тухай хуультай холбоотой асуудлаар мэдээлэл хийх үеэрээ, хуулинд тусгагдсан амралтын хоногийг тооцох, гадаадад ажилчдыг хувь хэмжээг нэмсэн зэрэг асуудлыг эргэн харах ёстойг мэдэгдлээ.
МҮЭХ-ны Ерөнхийлөгч Х. Амгаланбаатар хэлэхдээ "Хөдөлмөрийн тухай хууль өнгөрсөн зургаадугаар сард өргөн баригдсан. Энэ хуулийн төсөл дээр Монголын үйлдвэрчний эвлэл хамтран ажилласан боловч зарим өөрчлөлтийг нэмэлтээр оруулсныг эсэргүүцэж байна. Тухайлбал ээлжийн амралтын хоногийг 15 байсныг 20 болгох нь тухайн аж ахуй нэгж байгууллага амралтаа зохицуулдаг хяналтгүй болох нөхцөл бүрдэнэ гэж үзэж байна" гэв.
Намрын чуулганаар батлагдах Хөдөлмөрийн тухай хуулинд зарим тодруулах дахин авч үзэх асуудал байгааг онцоллоо. Юутай ч салбар хариуцсан үйлдвэрчний эвлэлүүд дуу хоолойгоо хүргэж ажиллахаа илэрхийлэв.
Дашрамд дуулгахад, Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2015-2016 оны Улсын хэлэлцээрээр хүлээсэн үүргээ талууд хэрэгжүүлж, эдийн засгийн хямралын нөхцөлд ажлын байр хадгалах, хамгаалахад чиглэсэн хөдөлмөр эрхлэлтийн хөтөлбөр, төслийг шинээр боловсруулж хэрэгжүүлэх шаардлагатай хууль тогтоомжид өөрчлөлт оруулах зэрэг чиглэлээр ажиллаж байна. Төрийн албан хаагчдын цалин хөлс, нийгмийн даатгалын шимтгэлийн зардалд 90 тэрбум, тэтгэвэр нэмэгдүүлэхэд улсын төсвөөс нийгмийн даатгалын санд олгох татаасыг 13 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж 2015 оны төсвийн тодотголд тусган УИХ-аар шийдвэрлүүлэхээр болсон байгаа аж. Ингэснээр төсөвт ямар нэгэн дарамт үүсгэхгүйгээр шийдэх боломжтой болж байгаа гэнэ.
olloo.mn