Э.Баттулга: Даншиг наадмаар жуулчдыг татна

Нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Э.Баттулгатай ярилцлаа.

Улаанбаатарын Даншиг наадмыг зохион байгуулснаар жуулчдыг татна гэж зохион байгуулагчид хэлж байна. Түүнийг дагаад яагаад даншиг наадмыг сонгов, ямар ач холбогдолтой вэ гээд олон асуулт гарч байна. Энэ талаар таны байр суурийг сонирхоё? 

-Манай “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөр үнд­сэндээ долоон хэсэг­тэй. Түүний нэг хэсэг нь жуулчдыг татах, соёл урлаг, спорт, аялал жуулчлалын арга хэм­жээг жилийн турш зохион байгуулж, тусгай сонирх­лын аяллаар ир­дэг зочид, жуулчдын тоог нэмэгдүүлэх зорилт тавь­сан. Энэ events  жуулч­лал бол  сүүлийн үед олон улсын аялал жуулч­лалд хүчтэй нөлөө үзүүлж байгаа. Тийм ч уч­раас дэлхийн олон орон ихээ­хэн  ач холбогдол өгч хөг­жүүлж байна. Монгол Ул­сын хувьд дэлхийд гар­сан ганцхан events-тэй улс. Тэр нь наадам. Долдугаар сард болдог энэ арга хэмжээний үеэр салбарын бодит байдлыг харах юм бол зочид буудлын тоо, нислэгийн суудал хоёроор хязгаарлагдаж л тодорхой тооны жуулчин ирдэг. Түүнээс биш боломж нэмэгдэхийн хэрээр Монголын эрийн гурван наадмыг үзэж сонирхох жуулчдын тоо өснө. Харин үүнийгээ  бид ойрын хэдэн жилд тэгтэл нь бүрэн дүүрэн ашиглах бололцоо харагдахгүй байгаа юм. Дор хаяж л наадмын нээлт болоход төв цэнгэлдэх маань 13-14-хөн  мянган хүний суудалтай.Нийслэл хотын хүн ам хэд билээ, дээр нь аймаг, сумдаас хүмүүс ирдэг. Иймд  “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөр хэрэгжүүлж буй байгууллагууд хоорондоо ярьж байгаад жуулчдад зориулсан арга хэмжээг жилийн өмнөөс гаргаж, зохион байгуулж байгаа. Энэ жил 30 ажил төлөвлөсөн. Үүнээс хамгийн онцлох үйл явдал бол даншиг наадам. Даншиг наадмыг яагаад сонгосон бэ гэвэл, Монголын аялал жуулчлалд маш том орон зай, боломж, зах зээл харагдаж байгаа, тэр нь монгол туургатан гэж бид үзсэн.

Тэднийг онцолсон нь ямар учиртайг тодруулахгүй юу?

-Нэгдүгээрт, газар нутгийн хувьд ойрхон, хоёрдугаарт соёл түүхээрээ холбогдсон ийм тохиолдолд жуулчдыг татах боломж бий. Тэгэхээр хэн манайд ойрхон байна гэхээр хоёр хөрш, түүний дотор монгол туургатнууд, хэн соёл түүхээрээ холбоотой вэ гэхээр мөн л монгол туургатан, буддын шашинтай хүмүүс байгаа юм. Тэгэхээр шашин соёлоор дамжуулж аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлогын үүднээс даншиг наадмыг зохион байгуулахаар төлөвлөсөн. Олон зорилго тавьсан, үр нөлөөг тооцсон ийм ажил байгаа. Аялал жуулчлалын салбарын хүний хувьд  хоёр орны аялагч жуулчдыг шашнаар, соёлоор дамжуулж татах бололцоо гэж харж  байгаа.

Яагаад 1922 оноос хойш зохигдохоо больсон даншиг наадмыг 100  жилийн дараа сэргээж байгаа юм бэ гэж асуух хүн олон байна?

-Аливаа юм түүх, уламжлалыг хадгалсан, эртний түүхтэй байх тусмаа үнэ цэнэтэй болж,  олон хүний сонирхлыг татдаг. Энэ нь шашин соёлоор  дамжуулан аялагч, жуулчдыг татах гэж буй бидний хувьд  брэнд байсан. Нэг үгээр хэлбэл, олон жил ашиглаагүй байсан том нөөцөө гаргаж  ирж байна гэж  болно.

Ямар хэмжээний ашиг олоно гэж тооцож байгаа вэ?

 -Жуулчдад зориулсан арга хэмжээ учраас жилийн өмнөөс сурталчилж, мэдээлэл цацаж эхэлсэн. Гэхдээ эхний жилд том ашиг харж, олон мянган жуулчин ирнэ гэсэн хүлээлт тавиад хэрэггүй. Эхний зохиож буй арга хэмжээг  аялал жуулчлалын экспертүүд өөрсдөө үздэг, тэр нь хэр зохион байгуулалттай, жуулчдын сонирхлыг хэр зэрэг татахаас хамаарч дараа жилээс нь аяллын хөтөлбөртөө оруулах эсэхээ шийддэг. Энэ жилийн хувьд дэлхийн зах зээл дээр гарах эхний шанг татсан жил байна гэж харж байна. Ирэх жилээс  долдугаар сард эрийн гурван наадмаа хийж, наймдугаар сард даншиг наадмаа хийдэг хоёр том брэндтэй болно гэж бодож байна. Гурав дахь том зүйл нь  одоо хоёр жил дараалан зохион байгуулаад байгаа, ирэх өвөл гурав дахиа хийх Улаанбаатарын өвлийн наадам юм. Цаашид энэ гурван наадмыг хот орчим ирдэг жуулчдаа татах чиглэлд том арга хэмжээ болгохоор төлөвлөж байна.

Жуулчид үзэж харах юм олонтой, сонирхолтой  наадам болж чадна гэж үзэж байна уу?

-Ганц зүйлээр зочид, жуулчдыг татдаг наадам  гэж байхгүй. Наадмын өөрийнх нь онцлог өөр, өөр хүсэл сонирхолтой хүмүүст зориулсан үзэх, харах зүйлүүд байж гэмээ нь том хэмжээний наадам болж чаддаг. Даншиг наадмын тухайд  гэвэл сүсэгтэн олонд зориулсан мянган лам ном унших, ном хаялцах, дэмбээдэх, унзад хоолойтой лам нарын уралдаан зэрэг шашны арга хэмжээ байхаас гадна 21 аймаг, есөн дүүргийн аялал жуулчлалын гол бүтээгдэхүүн, бидний брэнд гэж нэрлэж сурсан, сүүлийн үед сор гэж нэрлэж буй “Сор бүтээгдэхүүний үзэсгэлэн” зохион байгуулна. Сарьдгийн хийдээс олдсон ховор олдворуудаар үзэсгэлэн гаргана.  Хүчит бөхийн барилдаан,  хурдан морины уралдаан болно. Долдугаар сард болдог Үндэсний их баяр наадмыг үзэж чадаагүй хүмүүст тэр орон зайг нөхнө. Нөгөө талаас Улаанбаатарын даншиг  наадмаас өөр хаана ч үзэж байгаагүй зүйлүүдийг сонирхуулахад онцлог нь оршиж  байгаа юм. Ингэж олон зүйлийг багтааж байгаа нь олон хэл, шашин соёлтой, янз бүрийн хүсэл сонирхолтой, янз бүрийн насны  хүмүүс ирнэ, тэр бүхэнд сонирхолтой байхыг бодолцсон. Эцсийн дүндээ мөнгөө хадгалах, аялал жуулчлал, түүнийг дагалдсан бараа таваарын худалдаагаар  дамжуулж эдийн засгийн өгөөжийг  иргэддээ өгөх  зорилт дэвшүүлж байна.

Та түрүүнд events  жуулчлал сүүлийн үед олон улсын аялал жуулчлалд хүчтэй нөлөө үзүүлж байгааг дурдсан. Энэ дашрамд events жуулчлалын  талаар сонирхоод авъя, уншигчдад ч хэрэгтэй мэдээлэл болно байх ? 

– Events  жуулчлал дотроо дөрвөн төрөлтэй. Эхнийх нь орон нутгийн шинж чанартай, тухайлбал сумын наадам, түмэн тэмээний баяр, мөсний баяр гэх зэрэг манайд цөөнгүй зохиогддог баярууд үүнд орно.  Бүсийн чанартай наадмууд ч үүнд багтана. Тэгвэл тухайн нэг  газрын үндсэн арга хэмжээ болдог аялал жуулчлал ч бас бий. Mega events буюу олимпийн наадам, хөлбөмбөгийн тэмцээнтэй адил шатлалын хувьд Улаанбаатар орчим зохиогдож буй наадмууд том хэмжээний арга хэмжээ болно гэж найдаж байна.

Улс орны эдийн засаг хүнд байхад жуулчдад зориулсан хөтөлбөрүүд хөрөнгө мөнгө их зарж байна гэсэн шүүмжлэл хэлэх хүн бас бий. Энэ тухайд…

-Янз бүрийн шүүмжлэл хэлэхийг үгүйсгэхгүй. Гэхдээ events арга хэмжээ  гэдэг нэг удаа зохион байгуулагдаж байгаа мэт боловч нэлээн хэдэн жилийн  сурталчилгаа болдгоороо онцлог. Жишээлбэл “Учиртай гурван толгой” дуурийг  500 жуулчин үзсэн байлаа гэхэд  түүгээр дамжиж олон мянган хүнд мэдээлэл түгдэг. Улаанбаатарыг морьтой, явган явдаг нүүдэлчдийн хот гэдэг байсан тэр хүмүүсийн төсөөлөл өөрөө  үндэсний сонгодог урлагтай газар юм байна шүү гэсэн ойлголтыг бий болгож өгдөг, өөрөөр хэлбэл тухайн газрын имижийг бүрдүүлж өгдгөөрөө онцлог юм. Тэгэхээр ийм арга хэмжээг гадаад, дотоодод болдог том экспо шиг биш гэхэд учир холбогдлыг нь зөв ойлгох нь зүйтэй. Өөр нэг асуудал бол хүмүүсийн соёлын ухамсрыг бий болгох, төлөвшүүлэхэд ихээхэн үүрэг гүйцэтгэдэг. Энэ жилээс төв талбайд олон нийтийн арга хэмжээ зохион байгуулж байхад тухайн дуучны биеэ авч явах байдал, хүмүүс хоорондын харилцаа, урлагийн тоглолт юм уу, үзэсгэлэн яармаг дуусахад ямар ч хоггүй байгаа нь хамтаар амьдрах соёл, суурин соёлын төлөвшлийг бий болгоход томоохон дэвшлийг бий болгож байгаа гэж харж байна.

Тэгэхээр  аялагч, жуулчдыг татах үндэсний томоохон брэндүүдээ олон болгосноор, тухайлбал наадам гэхэд л давтамжийг нь нэмснээр зочид, жуулчдын  урсгалыг татах боломжтой гэж та үзэж байна уу?

-Бид өнгөрсөн 20 жилийн турш, эхний 10, 15 жилд нь Утай Гүмбэн, Төвд  Лхасыг зорьж хамаг мөнгөө урсгалаа. Одоо сүүлийн таван жил Итгэлт хамба руу аялж бүх мөнгөө урсгаж байна. Алийн болгон ингэж байх вэ, аялал жуулчлал болон уул уурхайн салбараар орж ирж байгаа   валютын урсгалаа бид дотооддоо хадгалах учиртай. Түүгээр зогсохгүй гаднаас оруулж ирэх хэрэгтэй байна. Яагаад бид  заавал  үрэх ёстой юм бэ. Өнөөдөр буддын шашны гурван том төвийн нэг нь Монгол гэж бүгд хүлээн зөвшөөрдөг. Тэгсэн атлаа тэр имижээ бататгах, давуу талаа ашиглах арга механизмыг өнөө хүртэл  хэрэгжүүлсэнгүй, нэг ч алхам хийсэнгүй. Тэгвэл тэр чиглэл дэх  хамгийн том алхмыг бид Улаанбаатарын даншиг наадам гэж харж байгаа.

Зууны мэдээ

Ч.Үл-Олдох

 

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button