Твиттерээр хэрэлдээд, цагдаагийн үүд сахиад байж байх уу

Ц.Болорчулуун: Хэдий хэмжээний ургац алдах нь наймдугаар сарын 10-15-нд тогтоогдоно

/Хүнс, хөдөө аж ахуйн яамны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга/

-Хаврын тариалалтын дараа тав, зургадугаар сард ялангуяа газар тариалангийн бүс нутгуудаар хур тунадас маш бага орсон. Бас хэт их халж, хурц нартай байсан тул таримлуудын өсөлт зогсонги болсон. Зургадугаар сарын 28-наас долдугаар сарын 2-нд ажлын хэсгийнхэн газар тариалангийн бүс нутгуудаар буюу Төв аймгийн Угтаалцайдам, Цээл, Сэлэнгийн Орхонтуул, Хөвсгөлийн Тариалан, Булганы Хутаг-Өндөр, Тэшиг, Сэлэнгийн Цагааннуур, Хушаатаар явж хадлан тэжээл, ургац, гангийн байдалтай танилцсан.

Тэр үед газар тариалангийн бүс нутгаар гандуу байсан. Энэ сарын 2-ноос дээрх бүс нутгуудаар бороо орсон. Тэгэхээр дордоогүй, дээрдсэн байх гэж найдаж байна. Гэхдээ энэ нь ургацад төдийлөн нөлөөлөхгүй байж мэднэ. Энэ жил төлөвлөсөн хэмжээний ургац хурааж авч чадахгүй. Манай улс хэдий хэмжээний ургац алдах нь наймдугаар сарын 10-15-нд ургацын балансаар тогтоогдоно. Салбарын яам бороо оруулах ямар нэг арга хэмжээ авсан уу гэж байгаа. Үүлэнд зориудаар нөлөөлөх ажиллагааг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны харьяа алба хариуцдаг. Үүлэнд зориудаар нөлөөлөхөд жилд 900 орчим сум хэрэг болдог юм билээ.

Он гарахад 800 орчим сум байсан. Нэлээд хэдэн газар түймэртэй байсан учраас үүнийг ашигласан. Дөрөвдүгээр сараас эхлэн тав, зургадугаар сард үүлэнд зориудаар нөлөөлж бороо оруулахыг оролдсон. Бороо оруулах хэмжээний үүлний масс байгаагүй тул оролдлого төдийлөн амжилттай болоогүй, бага хэмжээний л тунадас орсон. Хамгийн сүүлд зургадугаар сарын эцсээр 178 сум байсан. Бид тэдгээрийг Ховд, Баян-Өлгий, Архангайгаас татаж авчраад нийт тариалалтын дийлэнх нь ногддог хэсгээр, Төв, Сэлэнгэ, Булган, Хэнтийд хуваарилсан.

Зарим газар бага хэмжээний бороо орсон. Ер нь зөвхөн Монголд хэт их халаагүй юм билээ. ОХУ, Пакистан, Энэтхэг, АНУ, Канад гээд хэд хэдэн оронд хэт халсан. Тариаланчид төлөвлөсөн ургацынхаа тодорхой хэмжээг алдах нь гэж байгаа. Зүүн талд жишээлбэл, Дорнодод байдал гайгүй байгаа. Биднийг явж байхад Булганы Хутаг-Өндөр, Сэлэнгийн Цагааннуур харьцангуй гайгүй байсан.

 
Л.Цандэлэг: Манай улс ургацынхаа 70 хувийг алдчихсан
/Монголын үр тариа эрхлэгчдийн “Газар тариалан” холбооны ерөнхийлөгч/

-Энэ жил нийт тарианы бараг 70 хувийг уриншгүй тариалсан. ХХААЯ үүнийг дэмжсэн. Монголын тариалангийн талбайн дийлэнх нь гангийн байдалд орсон. Хатсан цэцгэнд ус хийхээр ургадаг юм уу. Одоо бол нэгэнт өнгөрсөн. Би дөрөвдүгээр сараас хойш хаврын борооны хурыг буулгаж аваач ээ, ган болно шүү гэж хэлж байсан ч Р.Бурмаа сайд хүлээж аваагүй. Сая орсон бороо нэмэр болохгүй.

Манай улс ургацынхаа 70 хувийг алдчихсан. Одоо ямар ч найдваргүй, мал нь идэх өвсгүй болсон. Газар тариалангийн компаниуд маш хүнд байдалд орж, элгээрээ хэвтэх нь. Тариаланчид өнгөрсөн жил буудайгаа зарж чадаагүй. Энэ жил буудай хурааж авч чадахгүй. Хоёр жил цалин авахгүй хүн амьдарч чадах уу. Монголын нийт хүн амын 10 хувь буюу 300.000 хүн хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарт ажилладаг. Хөдөө байгаа ажилчид хаачих вэ, хотод орж ирээд юу хийж чадах вэ гээд асуудал бий. Хятад улс бас маш хүнд байгаа. Орос зарим хэсгээсээ гайгүй ургац авсан. Хойд хөрш буудай нийлүүлбэл үнээ нэмнэ.

Тариалан эрхлэлтийг дэмжих санд хадгалж байгаа 30 мянган тонн бол хэрэгцээний ердөө 10 орчим хувь. Цаана нь 90 гаруй хувийг яаж хангах вэ. Энэ жил чанар муутай, бага зэргийн буудай хурааж авна. Гэтэл намайг Сүхбаатар дүүргийн цагдаагийн газраас Р.Бурмаа сайдын гомдлоор дуудсан. Яаралтай ирж уулз гэсэн. Хөдөө ажилтай яваа учраас шууд очих боломжгүй байна. Хот ороод цагдаагийн газарт очно.

Р.Бурмаа сайд намайг хэвлэл мэдээллийн хэрэгслээр өөрийнх нь нэр төрд халдсан гэх үндэслэлээр тус дүүргийн Цагдаагийн газарт гомдол гаргасан байна гэсэн. Би анхнаасаа Р.Бурмаа сайдтай таардаггүй, хэл амаа ололцдоггүй байсан. Энэ хүн салбараа удирдаж чадахгүй байгаа нь нууц биш шүү дээ. Бид өнгөрсөн дөрөвдүгээр сараас хойш үүл буудаж бороо оруулах шаардлагатай байна гэдгийг удаа дараа хэлсэн. Гэсэн ч “Үүл буудах сум байхгүй. Сумаа захиалж авахаар тендер зарласан ч будилаантсан” гэдэг хачин тайлбар хийсээр өдийг хүрсэн. Уг нь яаралтай ажилд тендер зарлаад байх шаардлагагүй. Гэтэл энэ мэтээр цаг алдсан атлаа одоо, өнгөрсөн хойно яамны зүгээс Хятадаас үүл буудах зорилгоор 1000-аад сум оруулж ирж байгаа юм билээ.

 

Ургацынхаа 70 хувийг алдсан гэдэг үнэн үү, Ерөнхий сайд аа

Энэ зун ихэнх нутгаар зуншлага муу, нийт нутгийн 60 хувь нь гандуу болон гантай байгаатай холбоотойгоор нийт ургацын 80 хувийг алдах нөхцөл байдал үүсч, ард иргэд идэх хоолгүй болж мэдэхээр байгаа талаар амтай болгон ярьж, өнөөдрөөс гурил будаагаа нөөцөлж эхлээд байна. Гэтэл салбар яамныхан нэгэнт байгалийн гамшиг, ган зудтай нүүр тулж байгаа юм чинь бид яах вэ дээ, арга хэмжээ аваад ч нэмэр алга гэх ухааны зүйл яриад сууж байна.

Бүр  тариаланчид нь сайдтайгаа таарахгүй, салбар яамны бодлого алдагдсан, сайдын нэр хүндэд халдсан гэх зэргээр “хэрүүлийн алим” шидэлцээд л сууж байна. Сайд нь аргаа бараад холбооныхоо ерөнхийлөгчийг цагдаад өгсөн гээд байгаа. Өнөөх нь ч хуйнаасаа сэлмээ сугалаад, хэрүүл эхлүүлсэн сайд руу чиглүүлнэ гэдгээ жиргэчихлээ. Ёстой л өнөө дээдэх нь суудлаа олохгүй бол доодох нь гүйдлээ олохгүй гэгч л болж байна. Тэгээд ч твиттер хэмээх өөрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг сошиал талбарт хэрэлдээд байх нь хэр оновчтой юм бэ дээ. Төрийн бодлогыг твиттерээр дамжуулаад, хувь хүний үзэл шингээгээд хэрүүл болгох хэрэг байсан уу.

Уг нь салбар яамныхан газар тариалангийн гол бүс нутагт үйл ажиллагаа эрхэлж буй тариаланчидтайгаа очиж уулзаад, холбооноос нь дэмжлэг аваад гар нийлж ажлаа хийсэн бол ард түмэн гурил, будаагүй болох дээрээ тулахгүй л байсан байх. Гэтэл яамны дарга нар аймгуудын Засаг дарга болон Хөдөө аж ахуйн газрын дарга нартай уулзаж, ургацын талаар ярилцсан гэнэ. Сайд дарга нарт цаасан дээрх тоо чухал болохоос биш, газар дээрээс хурааж авах ургац тийм ч чухал биш хэмээн учир мэдэх хүмүүс хэлж байна лээ. Ер нь ч сүүлийн үеийн дарга нар сэтгэлээсээ ажиллахаа больсон гэдгийг эрхэм сайд мэддэггүй л юм байх даа, одоо хүртэл.

Яамны нөхдүүдийг ирэхэд нь өнөөх эрхэм дарга нар “Одоо байгаа нөөцөөр аравдугаар сарыг хүртэл дотоодын хэрэгцээгээ хангаад, үлдсэн хугацаанд цаг агаар тогтуун байвал 60 хувийн ургац авна гэсэн найдлага тавьж байгаа” хэмээн хэлжээ. Гэтэл газар дээр нь тариагаа тарьчихаад байгаа хүмүүс ургацынхаа 70-80 хувийг алдчихлаа хэмээн сэтгэлээр унаж, гасалж сууна. Үнэхээр Монгол Улс чинь ургацынхаа 80 хувийг алдчихаад байгаа юм уу, үгүй юу гэдгийг одоо Ерөнхий сайд тогтоогоосой. Хэн нэгэн бизнесмэн, дарга нарын үгэнд орж, нөхцөл байдлыг тодорхойлж байхын оронд газар дээр нь нэг очоод үзчихээсэй билээ. Ард түмэнд цаасан дээрх тоо биш тавган дахь хоол нь чухал болоод байна шүү, эрхэм Ерөнхий сайд аа.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button