Огцрох сайд нарын залгамж халаа хэн байх вэ

Хаврын ээлжит бус чуулган ирэх даваа гарагт эхэлнэ. Энэ өдөр анхаарлын гол сэдэв болоод буй МАН-ын засгаас гарах, эсэх асуудал УИХ-ын түвшинд яригдана. Хэдийгээр Засгийг газраас МАН-ын сайд нарыг огцроох асуудлыг УИХ-д албан ёсоор өргөн бариагүй ч эл асуудлыг хэлэлцэх тов аль хэдийн гарсан. Учир нь УИХ-ын дарга З.Энхболд хэлэлцэхээр захирамжлаад буй билээ. Мөн тэрээр Ерөнхийлөгчтэй уулзах үеэрээ “Засгийн газрын тогтвортой байдлаар оролдохгүй, харин хариуцлагагүй сайд нарт хариуцлага тооцож огцруулах нь зүйтэй” гэх үгийг хэлж байсан. Тэгэхээр УИХ-ын дарга, АН-ын дарга тэрээр нэгэнт гаргасан шийдвэрээсээ няцахгүй, “хэлсэн бол хийнэ” гэсэн бодолтой байгаа нь энэ бүхнээс тодорхой харагдаж байна.
Үнэхээр л АН-ынхны хэлдгээр МАН-ынхан муу ажилласнаа хүлээн зөвшөөрч, зургаан сайд нь Засгаас гарлаа гэхэд тэдний орны хүнийг томилох тухай асуудал зайлшгүй гарч ирнэ.
Тэгэхээр зургаан сайдын суудлыг хэн орлох вэ гэдэгт хариу өгөх гээд үзье. Одоогийн гадуур тарж байгаа шумаар бол Шадар сайд У.Хүрэлсүхийн оронд МАХН-ын дарга Н.Энхбаярын хүү Э.Батшугар МАХН –аас орж ирэх талтай гэнэ.
Мөн БОАЖНХЯ-ны сайд Д.Оюунхоролыг УИХ-ын гишүүн Г.Баярсайхан, Барилга хот байгуулалтын сайд Д.Цогтбаатарыг УИХ-ын гишүүн Д.Арвин, Сангийн сайд Ж.Эрдэнэбатын оронд Б.Гарамгайбаатар, Зам тээврийн сайд Н.Төмөрхүүгийн оронд А.Гансүх нарыг томилох сураг дуулдана. Харин Хөдөлмөрийн сайд С.Чинзоригийн оронд бие даагч гишүүн Ц.Даваасүрэнг томилох магадлал тун өндөр гэх.
Үүнээс гадна Харин Монгол Улсын сайд М.Энхсайханы оронд МАХН-аас УИХ-ын гишүүн Н.Батцэрэгийг томилж магадгүй гэх яриа ч бас байна. Энэ нь Тавантолгойн асуудалтай холбоотойгоор үүсэж байж мэдэх.
Хэрэв ийм томилгоо хийгдвэл МАХН сайдын суудлаа хоёроор нэмж, ЭМС-ын сайд Г.Шийлэгдэмбатай хамт нийт гурван суудалтай болох нь. Мөн Засгийн газар бие даагч гишүүн нэг сайдтай болох бол бусад нь бүгд АН-аас гарсан сайд нар байх дүр зураг харагдаж байна. Гэхдээ энэ дүр зураг бол Засгийн газар огцрохгүй, зөвхөн МАН-ын сайд нар огцорсон үед гарах томилгоонууд гэж харагдаж буй.
Харин Улс төр судлаачид МАН Засгаас гарлаа гэхэд Шийдлийн Засгийн дагаад огцрох магадлал тун өдөр байгааг анхааруулж буй. Учир нь Ч.Сайханбилэгийн тухайд МАН-ыг Засгаас гаргахыг эсэргүүцэж байгаа нь Засгаа унагачих вий гэсэн болгоомжлолтой холбоотой болохыг тэд хэлж байгаа юм. Ийм байдал үүсэж ч болзошгүй.
Яагаад гэхээр Г.Уянга тэргүүтэй гишүүд Засгийн газрыг огцруулах асуудлыг хаврын чуулганы үед гарган тавьж байсан. Энэ асуудал ээлжит бус чуулганы үеэр сөхөгдөх нь тодорхой. Эндээс харахад асуудал зургаан сайдтай хариуцлага тооцох гэсэн “нэртэй” боловч үүний цаана Ч.Сайханбилэгийг огцруулах, засгийг унагах ажиллагаа явагдаж буй гэдэгтэй олон хүн санал нийлж байна.
Хэрэв Засаг огцорлоо гэхэд Ерөнхий сайдын суудлыг хэн залгамжлах вэ гэдэг асуудал бас гарч ирж таараа. Үүнийг улс төрийнхөн харахдаа, Ч.Сайханбилэгийн Засгийн газрыг Н.Алтанхуягийн танхимыг огцруулсан тэр аргаар огцруулаад намын дарга З.Энхболд Ерөнхий сайдын суудалд санаархаж байх магадлалтай хэмээн таамаглаж буй. Учир нь түүний зүгээс ирэх сонгуульд намаа удирдан орох, цаашлаад Ерөнхий сайдаар үргэлжлүүлэн суух сонирхол их бий гэлцэх. Иймээс л МАН-ын зургаан сайдыг огцруулах асуудлыг дэвшүүлж, энэ бүх будилааныг хутгасан гол эзнээр З.Энхболдыг нэрлээд байна.
Ийнхүү МАН-ын сайд нарыг огцрууллаа гэхэд дараагийн сайд нарын залгамж халаа хэн байх вэ гэсэн таамаг энэ мэтээр хөвөрсөөр л байна.
olloo.mn