“Соёл-Эрдэнэ”-ийг солгойруулагсад ичсэн болов уу?

Зуны өдрүүд ихэнхдээ л эрийн гурван наадмаас өөр үзэж харах зүйлээр дулимагхан, зулай дээрээс хурц наран ээж нозооруулахын зэрэгцээ үй зайгүй холхиж байдаг иргэд нь хөдөөг зориод нийслэл ч бас нойрмоглонхон байдагсан. Харин энэ жил манай төр засгийн удирдлагууд хийгээд шоу цэнгээн зохион байгуулагчид нойрмог зуныг сэрээх тоглолтууд зохион байгуулсаар байгаа нь олзуурхууштай.
Өчигдөр л гэхэд 45 жилийн түүхээ дархалсан “Соёл-Эрдэнэ” хамтлагийн зүрхэнд эгшиглэсэн дуунуудыг сонсохоор Чингисийн талбайг зорилоо. Харамсалтай нь, мөрөөдөл бүхэн төсөөлөлтэй яг таг дүйдэггүйн адилаар хүсэн хүлээж, догдлон тэмүүлж очсон тоглолт маань сэтгэл гонзойлгосон үзүүлбэрүүдээр эхлэв. Өөрөөр хэлбэл, надаас хоёр дахин урт настай хэрнээ гэр бүлийн минь нэгэн гишүүн мэт дотносон сэтгэл зүрхэнд амьдарсаар байдаг тэдгээр дууг манай шинэ үеийн "одод" даанч харамгүй “эдэллээ”. Зөөлөн уянгалаг хоолойгоороо олон хүний сэтгэлийг “эзэмддэг” A Cool, “Universe best songs”-оос төрсөн од А.Хишигдалай, тэр ч бүү хэл, манай рок попынхоны тэргүүн командлагчдын нэг гэгддэг “Нисванис”-ын Амгаа хүртэл дуулах биш “майллаа”. Хүн бүрийн сэтгэлд уянгалж байдаг дуунуудыг тэд сонсож өсөөгүй биш л байлтай. Улаанбаатар хотын төв талбайг нэлийтэл бүрхсэн үзэгчдийг үл тоолоо гэхэд Монголд хөгжмийн эрх чөлөөг авч ирж, рок попын тусгаар тогтнолыг зарласан “Соёл-Эрдэнэ”-ийн залуусыг эрх биш хүндэтгэмээр л санагдах юм. Тоглолтын нэр нь хүртэл “Алдрын хүндэтгэл” шүү дээ. Ингэхэд тэд тоглолтынхоо нэрийг уншиж, утга учрыг нь ойлгосон л байгаа даа гэж халагламаар. Уг нь солгой хоолойтой хүн хүртэл чангахан аялж зүрхэлмээргүй дуунууд юмсан. Бэлтгэл сургуулилт дутсан уу, эс бөгөөс “амьдаар дуулна гэдэг чанга хашхирахдаа л гол нь” гэдэг явцуу бодолдоо эрдсэн үү, юутай ч залуу үеийнхний шүтээн болсон дуучид “Соёл Эрдэнэ”-ийг солгойруулахаасаа санаа зовсонгүй.
Хөөрхөн алаг нүдээрээ эрчүүдийн сэтгэлийг соронздож, ялдам хоолойгоороо олон хүнийг “эвгүй байдалд оруулдаг” жүжигчин А.Гэрэлцэцэгийн янаглангуй хоолой ч бас энэ үдэш илүүдсэн мэт санагдсаныг нуух юун. Түүнтэй хамтран хөтөлсөн жүжигчин Бооёо хүртэл хөөрхөн бүсгүйн яриаг таслаад байсныг бодоход Мөрөөдлийн театрын нэгэн хошин шог дээр гардаг шиг “Чи зүгээр л “Тийм ээ” гэж хэлээд л зогсож бай” гэж хэлмээр санагдсаны илрэл болов уу.
Гэвч тоглолт тэр аяараа солгойрчихоогүй нь аз юм шүү. Тодруулбал, дуучин Б.Хонгор сэтгэл эмзэглүүлсэн энэ үдэшийг аварлаа. Аавыгаа дагаж, таван настайдаа анх урлагийн тайзнаа хөл тавьсан залуу аргагүй л “шийр заав”.
Тэмээн жингийн тэргүүн цуваа
Тэнгэрийн хаяанаас наашлан айсуй
Тэнүүн говийн тэнхээт алхаагаар
Тэнгэртэйгээ наашлан айсуй… хэмээн эгшиглэх үеэр Монголын хөгжмийн ертөнцөд наран мандуулсан Б.Баяр, Д.Галсанбат, Б.Нандинцэцэг, Д.Дамдинсүрэн, С.Цогтсайхан нар “ирж яваа” мэт тийм нэгэн хачин мэдрэмж бүх биеийг эзэмдлээ.
Мөн бараг л хэний ч танихгүй залуу дуучин Нацагааг онцолмоор байна. Сахал үсэндээ баригдсан намхан залуу “Эндүүрэл”-ийг дуулахаар тайзнаа гарч ирэхэд олон хүн миний адилаар “Хайран дууг алчих вий дээ” гэж бодсон байх. Түүнийг дуулж эхлэхэд өнөө л өөнтөгч зангаараа “Энэ эрчээрээ л дуусгаарай даа, залуу минь” хэмээн дотроо басч зогссоноо нуухгүй. Харин дууны дундуур үзэгчид суудлаасаа босч, залуу дуучдын нэрийг аварсан түүнд хүндэтгэл үзүүлсэн. Эхэлсэн шигээ дуусгаж чадсан Нацагааг басч зогссон би ч амаа барьсан шүү.
Энэ үдшийн хамгийн содон бэлэг бол“Соёл-Эрдэнэ” хамтлагийн ууган гишүүд болох Жагаа бөмбөрөө, Эрдэнэхуяг, Наранбаатар нар ятгаа 40 жилийн дараа хамтдаа тоглож, алдарт “Цэнхэр залаа”-гаа эгшиглүүлсэн явдал байлаа. Мөн энэ үдэш хамгийн ихээр үгүйлэгдсэн хүн бол дуучин Насантогтох байсан гэдэгтэй хэн ч маргахгүй байх. Сураг сонсох нь ээ, дуучин бүсгүй хөдөө явчихсан эзгүй байсан гэнэ лээ. Уг нь Насаа ирсэн бол энэ тоглолтонд бас нэгэн сайхан хөг нэмэгдэх л байлаа.
“Харанга”-ын Лхагваа, “Өргөө”-гийн Бархас, “Чингис хаан”-ы Жагаа нарын хоолой урьдын адилаар маргахын аргагүй сайхан дуугарч байсан. Мөн гитарчин Өөжгий, “Өргөө” хамтлагийн хөгжимчид, даралтат хөгжимчин Ц.Байдраг, хөтлөгчөөр томилогдсон “Шар айраг” хамтлагийн дуучин Ганхүү нарт үзэгчид онцсайн дүн тавьсан. Өвөрмонгол дахь тоглолтоо орхиод хамтлагийнхаа тоглолтонд оролцохоор ирсэн "Чингис хаан"-ы Жагааг гоцлох болов уу гэж үзэгчид дэндүү их хүлээсэн. Гэтэл түүнийг зөвхөн хоорт зогсоосон нь олон хүний сэтгэлийг гонсойлгосныг дурдахгүй өнгөрч болохгүй.
Харин “амьдаар дуулах” шалгалтандаа бүдэрсэн залуу дуучид өөрсдөд нь яг таарсан дүнг тавьсан үзэгчид хийгээд өөдөөс нь эгц ширтээд сууж байсан ах нараасаа ичсэн болов уу???
Өглөөний сонин
Ц.Баттуяа