Ч.Сайханбилэг: Зургаан сайдын асуудал хэвээрээ, намынхаа даргад шаардлага хүргүүллээ

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг дөнгөж сая мэдээлэл хийлээ. Тэрээр “Улс орны эрх ашиг, дараа нь улс төрийн намуудын эрх ашиг, хэсэг бүлэг, хувь хүмүүс, хувь улс төрчдийн эрх ашиг гээд бид бүхэн С.Зориг агсны хэлсэн энэ эрх ашгийн эрэмбийг байнга санаж байх ёстой. Улс үндэстний эрх ашгийг хангахын тулд хамгийн түрүүнд юу хийх ёстой вэ гэхээр парламентын засаглалтай манайх шиг улсад УИХ-д байгаа олонхи, олон суудал бүрдүүлж байгаа улс төрийн намын дарга нь Ерөнхий сайдын хувьд хамт байж ажиллах нь улс төрийн тогтвортой байдлыг хангахад хамгийн чухал үүрэгтэй гэж үзэж байгаа. Ийм саналыг, ийм зарчмыг, зөвлөмжийг манай бүлгийн гишүүд надтай уулзахдаа хэлж байгаа. Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль тогтоомжид нийцүүлж мөн Ардчилсан намаас гаргасан шийдвэрээ хүндэтгэж байна” гээд дараах шийдвэрийг гаргаснаа танилцуулав.
Тэрээр “Зургаан сайдыг огцруулах, чөлөөлөх энэ асуудал хуулийнхаа хувьд явж байна. Би танхимын сайд нартайгаа уулзсан. Ямар ч байсан зургаан сайдыг огцруулах нэгэнт улс төрийн намын шийдвэр гарсан учраас үйл ажиллагаа нь процессын дагуу үргэлжлээд явж байна. Засгийн газрын тухай хуулийн 23.1.1-д заасны дагуу энэ асуудлыг Ерөнхий сайдын хувьд Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцнө.
Зургаан сайдын асуудлыг чөлөөлснөөр энэ асуудал өөрөө шийдэгдэхгүй. Асуудал нээлттэй хэвээрээ байсаар байх болно. Тийм учраас миний түрүүний хэлдэг намын дарга, Ерөнхий сайд хоёр хамт байх ёстой гэдэг асуудлыг үндсэнд нь шийдэх ёстой. Одоо бид намрын чуулганаар ярих гэж байгаа Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, энэ чиглэлийн хариултыг нь улс орон даяар гаргах ёстой гэж үзэж байна” гэлээ.
Иймээс тэрээр УИХ-ын дарга, Ардчилсан намын дарга З.Энхболдод Үндэсний зөвлөлдөх хорооны ээлжит бус хуралдааныг наймдугаар сарын 3-ны ээлжит бус чуулганаас өмнө зарлан хуралдуулж намын дарга, гүйцэтгэх засаглалын тэргүүн хоёр нэг байх асуудлыг нэг тийш нь гаргаж шийдэх шаардлагыг тавьсан байна. Өөрөөр хэлбэл, ҮЗХ-ны бүрэлдэхүүн гэдэг нь гүйцэтгэх зөвлөлийн гишүүд, УИХ-ын гишүүд, ҮЗХ-ын гишүүд байдаг учир маш яаралтай ҮЗХ-ны ээлжит бус хуралдааныг хуралдуулж, Намын дарга, Ерөнхий сайд хоёр нэг байх асуудлыг шийдвэрлэхийг хүсчээ.
Olloo.mn