Хилчин хотхоны оршин суугчид борооны ус тосож байна

Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт байрлалтай Хилчин хотхоны оршин суугчид дахин хэрэглээний усгүй болжээ. Ашиглалтад орсон цагаасаа л эхлэн  асуудал гаргаж байсан Хилчин хотхоны оршин суугчид хүчтэй бороо орох бүрд ийм асуудалтай тулгардаг байна. Өмнө нь  усгүй  тав хонож байсан тус хотхоны оршин суугчид энэ удаад борооны ус тосож ариун цэврийн өрөөндөө хэрэглэж байгаа аж. Харин хэрэглээндээ дэлгүүрийн  цэвэр ус хэрэглэн өдөр, хоногийг зутруухан өнгөрөөж байгаа юм байна. 

Удаа дараа ийнхүү хэрэглээний ус тасарч буйд хотхоны оршин суугчид багагүй бухимдаж байгаагаа цахим ертөнцөөр илэрхийлж байна. Тэд хэлэхдээ уг хотхоны байрууд усны ундарга дээр барьсан учир  барилга нь суулт өгч, гараашнууд нь нуур мэт байнга устай байдаг болсон хэмээсэн юм. 

Эл асуудлаар холбогдох байгууллагуудад СӨХ болон оршин суугчдаас нь хүсэлт гаргаж, бичиг хүргүүлсэн ч одоогоор ямар нэгэн хариу өгөөгүй байгаа аж. Мөн ундны  усны ударга дээр барилга барих зөвшөөрөл өгсөн албаныхан ч энэ асуудлын хажуугаар зүгээр өнгөрөх ёсгүй хэмээн оршин суугчид онцолж байсан юм. 

Тус хотхонд нийтдээ 700 гаруй айл өрх амьдардаг юм байна.

Б.Сансар
olloo.mn
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button