Долоо хоногийн тойм

Өнгөрч буй долоо хоногт өрнөсөн онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Ардчилсан сонгуулийн 25 жилийн ой тохиолоо

 

\

Монгол Улсад 1990 оны долоодугаар сарын 29-ний өдөр анхны ардчилсан, чөлөөт сонгууль явуулсан байдаг. Энэ үйл явдлын 25 жилийн ой энэ долоо хоногт тохиолоо. Ойд зориулсан олон улсын хүндэтгэлийн хурал лхагва гарагт "Шангри Ла" зочид буудалд болсон юм. Хүндэтгэлийн хуралд Монголын төр, нийгмийн зүтгэлтэн, төлөөлөгчдөөс гадна гадаад улс орон,  олон улсын байгууллага, Улаанбаатар хот дахь  Дипломат корпусын тэргүүн, хавсран суугаа Элчин сайд нар  зэрэг гадаадын 100 гаруй төлөөлөгч, хүндэт зочид иржээ.

                                                                                                    

“Чингисийн хүрээ” жуулчны баазад болсон тус ойд зориулсан бэсрэг наадмыг Анхны ардчилсан сонгуулийн 25 жилийн ойн арга хэмжээг зохион байгуулах Ажлын хэсгийн ахлагч, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг болон хүндэтгэлийн хуралд оролцсон гадны зочид төлөөлөгчид үзэж сонирхлоо.Бэсрэг наадмын үеэр Цэргийн дуу, бүжгийн эрдмийн чуулгын уран бүтээлчид ардын урлагийн тоглолт сонирхууллаа

 

Цахим төлбөрийн системд шилжлээ

\

Хотын нийтийн тээвэр цахим төлбөрийн системд шилжсэн. Ингэснээр иргэд цахим карт эсвэл бэлэн мөнгөний хайрцгийг ашиглан автобусаар зорчиж байна. Одоогоор ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, мөн энгийн иргэдийн карт бэлэн болсон байгаа юм.  Харин оюутнуудын карт хараахан гарч амжаагүй байна. Ирэх сарын 15-наас оюутнуудын хөнгөлөлтийн карт олгогдож эхлэх ажээ. Нийслэлийн тээврийн газраас иргэдийг цахим картаа авч автобусаар үйлчлүүлэхийг уриаллаа.  

 

Тусгай олимпийн наадамд манай тамирчид амжилттай оролцож байна

 

\

АНУ-ын Лос Анжелес хотод зохион байгуулагдаж буй Дэлхийн Тусгай олимпод манай тамирчид амжилттай оролцож байна. Бөөрөнцөг шидэлтийн төрөлд Б.Тулга хүрэл медаль хүртсэн бол 100 метрийн гүйлтийн тамирчин М.Даваажаргал мөнгө, Б.Номиндарь хүрэл медаль хүртлээ. Мөн Тусгай олимпийн жүдо бөхийн тэмцээнээс Б.Мягмарсүрэн, н.Тэмүүлэн нар алт, мөнгөн медаль хүртсэн байна. Одоогоор манай баг тамирчид нэг алт, хоёр мөнгө, хоёр хүрэл медальтайгаар тэмцээнээ үргэлжлүүлж байна.

 

Шавжинд хазуулсан иргэн амиа алдлаа

 

\

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд амьтанд хазуулж, загатнах, хавдах зэргээр эмнэлзүйн шинж тэмдэг илэрч дөрвөн хүн эмнэлэгт хандаж, нэг хүн нас барлаа. ЗӨСҮТ-өөс өвчний шалтгааныг илрүүлэх, идэвхтэй тандалт судалгаа хийх мэргэжлийн баг ажиллуулах, хазсан амьтны зүйлийн бүрдлийг тогтоох, олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр сурталчилгаа хийх, аймгуудаас шавжинд хазуулж, эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн хүмүүсийн мэдээлэл цуглуулах зэрэг ажлыг хийж байна.

 

Б.Сансар
olloo.mn
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button