Малын тэжээл бэлтгэж буй аж ахуйн нэгжийг НӨАТ-аас чөлөөлөх үү

Улсын хэмжээнд энэ жил 66 сая мал зусч буй бөгөөд оны төгсгөлд 60 сая тоо толгой болно гэх тооцоог салбарын яамнаас хийгээд байна. Гэтэл энэ зун гантай байгаа учир ирэх өвөл зуд болох магадлалта. Тиймээс өвөлжилтөд сайн бэлтгэх хэрэгтэй гэдгийг хөдөө аж ахуйн мэргэжилтнүүдээс эхлээд жирийн малчид хүртэл хэлж буй.
Улсын хэмжээнд бэлчээрийн даац 20 сая малаар хэтэрсэн. Гантай нутгуудад бэлчээрийн даац дөрөв дахин хэтэрч, Сэлэнгэ, Дархан-Уул, Төв, Архангай, Өвөрхангай аймагт малын тоо толгой хэтэрчээ.
Тиймээс хөдөө аж ахуйн эдэлбэр газрыг ашиглаад, ашиг шимийг нь хүртээд өнгөрөх бус оготно зурамнаас ангижруулах, бэлчээрийн ургамал тариалах зэргээр ашиг шимийг нь сайжруулахад анхаарахаар болжээ. Малын хөлийн татварыг бэлчээр сайжруулахад зарцуулах аж. Өнгөрсөн 50 жилийн хугацаанд 10 сая га газрыг хөдөө аж ахуйн эдэлбэр газраас хасч уул уурхайд шилжүүлсэн мэдээлэл байна. Гэтэл сүүлийн нэг жилийн дотор 31 сая га газрыг уул уурхайд шилжүүлэх хүсэлт иржээ. Энэ бүхнийг зүй зохистой зохицуулах Бэлчээрийн хуулийг удахгүй өргөн барихаар салбарын яамнаас боловсруулж байгаа аж.
Харин энэ жилийн хадлан бэлтгэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор аймгуудын ЗДТГ-тай гэрээ байгуулж, урьдчилгаа төлбөргүйгээр бага оврын трактор олгожээ. Мөн 22 аж ахуйн нэгжийн техникийн шинэчлэлд нийт 7.5 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн дэмжлэг үзүүлжээ. Үүний үр дүнд 23.6 мянган га-д тэг элдэншүүлгийн технологиор үрлэх, 7.8 мянган га-д химийн уринш хийх, 7.5 мянган га-д сүрлэн хучлага үүсгэх боломж нэмж бүрдүүлсэн байна.
Түүнчлэн малын тэжээл бэлтгэж буй аж ахуйн нэгжийг НӨАТ-аас чөлөөлөхөөр болж байгаа гэх мэдээлэл байна. Хивгийн экспортыг хязгаарлах бодлого барьж, өвлийн бэлтгэлдээ салбар яам нь анхаараад эхэлжээ.
Г.Уянга
olloo.mn