70 саяар боссон гэх усан хөшигний бодит өртөг хэд вэ?

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Тулгар төрийн 2224, Их монгол улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ой үндэсний их баяр наадмыг угтан хэд хэдэн тохижилтын ажлыг хийжээ.Тухайлбал, Арслантай гүүр, Зайсангийн гүүрүүдэд баригдсан нийслэлийн хөрсний бохирдол, тоосжилтыг багасгах усан хөшгийг энд нэрлэж байна.

 

Тус усан хөшгүүд гэрэлтдэг бөгөөд наадмаас өмнө ашиглалтад орсон ч саяхан албан ёсоор ажил гүйцэтгэгч "Хан-Урсгал" компани “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” НӨҮГ-т хүлээлгэн өглөө. Ингэснээр дээрх усан хөшгүүдийн арчлалт, тохижилтыг Улаанбаатар хот хариуцан ажиллах юм. Гүйцэтгэгч компанийн зүгээс усан хөшгөнд гурван жилийн баталгаа өгчээ.

 

Сэлбэ голын гадаргууны уснаас усаа шахах энэхүү байгууламжийг усаа цэвэрлэх боломжгүй, бороо орсон, үер буусан үед бохир ус урсах магадлалтай гэхчлэн зарим иргэд шүүмжилж байна. Харин хотын зүгээс арчлалтын асуудлыг хариуцах учир илүү тордож, тохижуулна гэлээ.

Ямартай ч  нийслэлийн удирдлагууд нэлээд олуулаа очиж, тууз хайчлан нээсэн уг усан хөшгийн талаар иргэд нэлээд ам султай байна. Учир нь татвар төлөгчдийн мөнгөнөөс бүхэл бүтэн 70 сая төгрөгийг ийм зүйлд зарцуулсанд тэд дургүй байгаа юм. Гэхдээ яг ч усан хөшиг хийлээ гэж буруутгаагүй. Харин  дэлхийн өндөр хөгжилтэй  хотуудын адил тийм л  бүтээн байгуулалтыг хүлээж байсан ч 70 байтугай долоон сая төгрөгтэй тэнцэх хэмжээнд ч хүрч харагдахгүй ажил хийсэнд дургүйцэж байгаа юм. 

Гэвч албаныхан найман настай балчир хүүхдэд ч гологдохоор энэ ажлаа яаж 70 сая төгрөгийн өртөгтэй болсон талаар тайлбарлахыг хүсэхгүй байсан юм. Яг үнэндээ нээлтэд нь очсон сэтгүүлчид тэр дор нь л энэ үнэхээр 70 саяар бүтэв үү гэхэд хотынхон илт дургүйцэж сэтгүүлчийг барьж авч зодох нь холгүй авирласан юм. Ингээд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал усан хөшигний талаар асуусан сэтгүүлчид хариулт өгөхөөс татгалзаж, дараах зүйлийг хэлсэн “Хийсэн ажлынхаа талаар нууж хаагаад байх юм байхгүй. Та нарын ямар учраас хотын ажлыг харлуулж байгааг чинь мэдэж байна” гэлээ. 

Ийнхүү  нэлээд хэд хоног нам гүм чимээгүй байсны эцэст Нийслэлийн засаг дарга энэ усан хөшигний нийт зардал өртөг хэд болсон талаар тодорхой тайлбарлахыг үүрэгдсэн. Тэд ч Засаг даргын үүргийн дагуу тайлбарлалаа. Ингэхдээ нэлээд тооцоолж яг 70 сая төгрөгт багтаан хэллээ. Үүнийгээ мэргэжлийн хүн ийнхүү тооцоолж гаргасан хэмээж байгаа юм. Тэдний гаргасан тооцооллоор материалын зардал 13.2 сая, угсралтын зардал 5.8 сая, тээврийн зардал /портер, өрөмдлөг/ 23.7 сая, бусад зардал буюу шууд болон нэмэгдэл, ашиглалтын зардал 27.4 сая нийт 70.9 сая болсон  аж.  Гэвч иргэд энэ тооцоог худал хэмээсэн хэвээр байгаа.

Иргэд өөрсдөө тооцоолж үзэн яаж ч бодсон 70 сая болохгүй гэдгийг хэлж байна. Тэд “Портер 1км -д 50 000-аар явна гэсэн байна. Ойролоцоогоор 5 мянгаар л явдаг. Өрөмдлөг нэг цагт 400 мянгаар хийдэг. Гэтэл 1 сая 500 мянга гэсэн байна. Энд гүний худаг өрөмдөх ямар ч шаардлагагүй. Энэ чинь гол шүү дээ. 2-3 метрийн доор л хөрсний ус маш их байгаа. Хэрэв үнэхээр ийм бохирдолтой гол дотор гүний худаг өрөмдсөн бол маш буруу зүйл хийсэн байна. Нийслэлчүүдийн ундны усанд шууд л голын бохирдолтой ус холилдоно гэсэн үг” хэмээн хэлж байна. 

Тэгвэл энэ их үнээр боссон усан хөшиг өнөөдөр ямар байдалтай байна вэ? Манай сурвалжлах баг ням гарагт /2015.08.02/ очиж үзэхэд Арслантай гүүрийн хоёр талын усан хөшигний хойд талд нь засварын ажил үргэлжилж байлаа. Тав, зургаан хүн өндөр шат тавин гагнуурын ажил байсан юм. Тэднээс яг ямар эвдрэл гарсан болоод засварын ажлыг  хэзээ дуусаж, хэвийн ажиллагаатай болох талаар асуусан боловч хариулт өгөхөөс эрс татгалзсан. Харин урд талынх нь усан хөшиг хэвийн ажиллаж байлаа. 

Ямартай ч албаныхан өөрсдийн хийсэн ажлыг улс төрийн зорилготой харлуулж байна хэмээн хээв нэг хэлж сууна.Харин энэ хийсэн гээд байгаа бүтээн байгуулалт нь улс төржсөн, төржөөгүй татвар төлөгчдийн мөнгийг урсгаж орхисон зүйл гэдгийг  захын хүн харж байна. Яг үнэндээ тэдэнд өөрөөр тайлбарлах арга байхгүйдээ өөрсдөө улстөртэй холбон тайлбарлаж байж болох юм. 

Мэдээж хэрэг нийслэл хот маань өнгө зүс  орж, тохижиж байвал бид баярлана. Өнгөрсөн жилүүдэд хотынхны гаргасан шийдвэр бүрийг л нийслэлчүүд дэмжин ирсэн. Гэвч энэ удаад арай л хэтэрч байна. Ингээд болоогүй цаашид ийм усан хөшгийг маршалын гүүрэнд хийнэ гэж байгаа. Бас л 70 сая төгрөг зарлагдаад иргэдийн сэтгэлд нийцэхгүй зүйл хийчих вий гэсэндээ өнөөдөр ингэтлээ эсэргүүцэж байгаа юм. 

\

\

\

Б.Сансар
olloo.mn
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button