Нийслэлийн дагуул Налайх хотын Захирагчийн ажлын албаны орон тоог баталлаа

Нийслэлийн Засаг дарга “Налайх хотын Захирагчийн ажлын албаны дүрэм, орон тооны хязгаарыг батлах тухай” А/639 дүгээр захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн дагуул Налайх хотын Захирагчийн ажлын албаны дүрмийг баталж, шинээр Захирагчийн Ажлын алба байгуулагдсантай холбогдуулан Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газрын ажлын албаны орон тоо 21, Налайх хотын Захирагчийн ажлын албаны орон тоо 14 байхаар тус тус баталлаа.

 

Батлагдсан дүрэм, орон тооны хязгаарт нийцүүлэн байгууллагын дотоод журам, нийт албан тушаалын ажлын байрны тодорхойлолтыг боловсруулан баталж, дүүргийн Засаг даргын Тамгын газраас шилжин ирсэн албан хаагчдыг томилж ажиллахыг Налайх хотын Захирагч Ш.Хаанд үүрэг болгов.

 

Налайх хотын Захирагчийн ажлын албаны дүрмээр хүлээсэн чиг үүрэгтэй үйл ажиллагаагаа уялдуулан давхардлыг бий болгохгүй байх зарчмыг баримтлан батлагдсан төсөв, орон тооны хязгаарт багтаан Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газрын бүтэц, орон тоог баталж мөрдүүлэхийг Налайх дүүргийн Засаг дарга Х.Болдбаатарт, орон тооны хязгаарыг баримтлан Налайх дүүргийн 2015 оны төсөвт төсвийн зохицуулалт хийж, хамтран ажиллахыг Налайх дүүргийн Засаг дарга Х.Болдбаатар, Налайх хотын Захирагч Ш.Хаан нарт үүрэг болголоо.

 

Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуунд даалгав гэж Нийслэлийн ЗДТГ – ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button