З.Энхболд, Ч.Сайханбилэг нар тохиролцоонд хүрсэн бололтой

Улс төрд үүсээд байгаа нөхцөл байдлаас харахад АН-ынхан  багахан үл ойлголцлоос болж, дотроо л "жүжиг тоглоод" өнгөрчих шиг боллоо. Энэ жүжгийн зорилго нь ерөөсөө л МАН-ыг засгаас гаргах буюу засагт зүтгэж байгаа зургаан сайдыг суудлаас ховхлох улмаар, МАН-ыг ирэх жилиийн сонгуулиас өмнө “арчиж хаях” тактик шиг харагдана.

Өөрөөр хэлбэл, УИХ-д олонхи болсон АН-ынхан МАН-ын зургаан сайдыг огцруулах шийдвэр гаргасан нь цаагуураа Засгийг унагаах оролдлого биш байсан бололтой.

Юуны учир ингэж дүгнэв гэхээр өчигдөр УИХ дахь АН-ын бүлэг бүтэн таван цагийн турш хуралдахдаа “Засгийн газрыг огцруулах асуудлыг дэмжсэн гишүүдээ ирэх 2016 оны сонгуулиар өрсөлдүүлэхгүй” гэдэг хатуу сануулга гаргасан юм. Үүнээс үзэхэд тус намынхан Засгийн эсрэг саналтай гишүүдээ энэ сануулгаар хааж боож байгаад энэ засгаа авч үлдэх санаа өвөртөлж эхэлсэн нь тодорхой байна. Мөн гадуур яригдаад буй Засаг унах вий гэсэн түгшүүрийг таягдан хаях нөхцөл болж байна.

Үүнийг батлах шиг тус намын бүлгийн гишүүд “Ерөнхий сайд хийгээд Засгийн газрын тогтвортой ажиллагааг хангаж ажиллана” гэдэг дээр санал нэгдсэнээ мэдэгдсэн.

Энэ нь бүх юм байр байрандаа буюу З.Энхболд АН-ын дарга болон УИХ-ын даргын суудалтайгаа, Ч.Сайханбилэг ч Ерөнхий сайдын суудалдаа хэвээр үлдэхээр тохиролцсоныг илтгэнэ.

Ойлгомжтойгоор хэлбэл, АН-ын бүлгээс гаргасан шийдвэрүүд нь шийдвэр гэхээсээ илүү болзол шиг харагдсан. Намынхан нь Ч.Сайханбилэгийг тайвшруулж, чиний бүх эрх мэдэл хэвээрээ, бид ч чамайг дэмжинэ. Харин чи Засгийн газрын огцрох гишүүдийнхээ нэрсийг УИХ-д оруулж ирээд оронд нь томилох нэрсээ үтэр түргэн оруулж ир. Тэгэхдээ томилох сайд нар нь УИХ-ын гишүүн байх ёстой” гэсэн хэлэлцээр маягтай харагдаж байна.  Хэрэв АН-ынхан хэлсэн амандаа хүрч, Ч.Сайханбилэгийг тайшруулж чадсан бол Ерөнхий сайд тэрээр тун удахгүй Засгаас огцрох гишүүдийнхээ нэрсийг өргөн барих нь тодорхой.

Ямартаа ч АН-ын дарга З.Энхболд, гүйцэтгэх засаглалыг тэргүүлэгч Ч.Сайханбилэг нар учраа олсон бололтой дог шүү.

Г.Уянга

olloo.mn 

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button