Векселийг мөнгөжөөгүй байгаа гэв

Сангийн сайд Ж.Эрдэнэбат хэд хоногийн өмнө  векселиэр санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний талаар мэдээлэл хийж, 2008-2014 оны төсвийн жилд бүрэн санхүүжигдээгүй нийт 235 төсөл, арга хэмжээг өрийн бичгээр буюу векселиэр баталгаажуулахаар Засгийн газраас шийдвэр гаргасан талаар мэдэгдэж байсан билээ.

 

Тэгвэл өнөөдөр энэ асуудлаар дахин хэвлэлийн хурал зарлаж, дээрх онуудад төсвийн байгууллагуудын захиалгаар ажил, үйлчилгээ гүйцэтгэсэн аж ахуйн нэгж, компаниудын авч чадаагүй төлбөрийг өрийн бичгээр барагдуулах буюу Вексель бичих ажлыг тодорхойгүй хугацаагаар зогсоосон талаар мэдээллээ.

 

Тэрээр “Өнөөдрийн байдлаар нийт 81 аж ахуйн нэгжид 95.2 тэрбум төгрөгний Вексель бичиж, холбогдох гүйцэтгэгч компаниудад хүлээлгэн өгч, арилжааны банкуудад албан бичгээр мэдэгдлийг хүргүүлээд байсан. Гэвч УИХ-ын Төсвийн байнгын хороо Векселиэр санхүүжүүлэх төсөл, арга хэмжээний хэрэгжилтийн байдлыг шалгаж дуусах хүртэлх хугацаанд нэг ч төгрөгний Вексель мөнгөжөөгүй байгаа” гэсэн юм.

 

Сангийн яамнаас өнгөрсөн долдугаар сарын 29-ний өдөр нийт найман арилжааны банктай Төлбөр баталгаажуулах тухай гэрээг байгуулан, мөн сарын 30-ны өдрөөс эхлэн Вексель бичиж эхэлсэн юм байна. Гэвч Сангийн яамнаас Вексель бичихдээ тогтоолд заасан төсөл арга хэмжээний үлдэгдэл төлбөрийг салбарын яамнаас ирүүлсэн гүйцэтгэлийг үндэслэн Сангийн сайдын 2012 оны тушаалаар баталсан Санхүүжилтийн эрх нээхэд баримтлах журмын дагуу нийт 15 шалгуур үзүүлэлтийг хангасан байдлыг хянан, баталгаажуулах ажлыг хийжээ.

Г.Уянга

olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button