Зөвшөөрөлгүй баригдсан 12 давхар барилгыг нураах асуудал "бүрхэгджээ"

Нийслэл хотод сүндэрлэх энэ олон барилгуудаас олонх нь хуулийн дагуу зөвшөөрлөө аван баригдсан байхад, ямар ч зөвшөөрөлгүй босгосон барилга ч буй. Мэдээж зөвшөөрөлгүй барилга барина гэдэг хуульд харш. Иймээс тэр олон зөвшөөрөлгүй барилгын тоог нийслэлээс гаргаж, жил бүр шахуу нураах ёстой, зөвшөөрөлгүй баригдсан барилгуудыг нэрлэдэг ч энэ нь цаасан дээрх тооноос хэтэрдэггүй билээ. Нэг үгээр, тухайн барилгуудыг нураах шийдвэр гардаг ч биеллээ олдоггүй. 

“Нураана” гэх яриа нэг хэсэг хугацаанд сүр дуулиантай яригдаж байгаад л намждаг байв. Харин өнгөрсөн гуравдугаар сард нэгэн зөвшөөрөлгүй барилгыг нураах ажил эхэлсэн нь Хан-Уул дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй баригдсан зочид буудлын зориулалттай 12 давхар барилгын өргөтгөл буюу хоёр давхар С корпус юм.

Уг барилгыг анх зочид буудлын зориулалтаар барьсан боловч өнөөг хэр дотор засал чимэглэл нь хийгдээгүй, ашиглалтад ороогүй юм. 

Мөн баригдсанаас хойш хажуу талын 14-р байрны 10 гаруй айлын цонхыг халхалж, найман жил нарны гэрэл хараагүй учир оршин суугчид 2009 оноос эхлэн энэ барилгын эзэн компанийн талаар шүүхэд гомдол гаргаж эхэлсэн гэдэг. Ингэснээр тэдний тэмцэл үр дүнгээ өгч, энэ онд өргөтгөлийг нураах ажлыг “Тод Бум” констракшн Нийслэлийн өмчийн харилцааны газартай гэрээ байгуулан гүйцэтгэсэн юм. Гэхдээ тус компани нь уг барилгын зөвхөн өргөтгөлийг л буулгах гэрээтэй, үндсэн 12 давхар барилгад ямар ч “гар хүрэх ч эрхгүй” байсан. 

Ингээд энэхүү зөвшөөрөлгүй баригдсан барилгын өргөтгөлийг нураадаг юм байж. Харин үндсэн 12 давхар барилгыг нураах асуудал одоог хүртэл биеллээ олоогүй байна. 

Тус барилгыг анх 2002 онд Нийслэлийн Засаг дарга байсан одоогийн УИХ-ын гишүүн М.Энхболд барилгын 490 метр кв газрын зөвшөөрлийг олгож байжээ. Дараа нь 2004 онд уг газрын хэмжээг нэмэгдүүлж нийтдээ 1320 метр квадрат талбайтай газрын зөвшөөрлийг бусдад шилжүүлэн худалдсан байдаг бол 2009 онд тухайн зочид буудлын ар талын орон сууцны оршин суугчдын гомдлын дагуу уг зөвшөөрлийг хүчингүй болгож, 2011 онд Захиргааны хэргийн шүүхээс уг барилгын ар талын хэсгийн С блокийг нураах шийдвэр гаргуулж байсан ч өнөөдрийг хүртэл энэхүү шийдвэр биеллээ олохгүй байсаар өнгөрсөн гуравдугаар сард хэрэгжсэн нь энэ. 

Иргэдийн айдас биеллээ олжээ

2009 онд тухайн үед хотын захирагчаар ажиллаж байсан Г.Мөнхбаяр энэхүү зөвшөөрлийг хүчингүй болгож, нураах шийдвэрийг Хан-Уул дүүргийн Засаг даргад үүрэг болгож байж. Мөн энэ дагуу Хан-Уул дүүргийн Засаг дарга 2011 онд уг барилгыг нураах шийдвэр гаргаж байсан ч өдийг хүртэл нураагаагүй байна. Харин хотын захирагч Э.Бат-Үүл 2012 онд уг барилгыг нураана гэж мэдэгдэж байсан удаатай. 

Уг “G.M.V” нэртэй зочид буудлын барилгыг “Адоре пропертиз” ХХК-ийн нэр дээр барьсан байна. Энэ барилга нь техникийн давхартайгаа нийт 13 давхар бөгөөд “Инкон” хэмээх Оросын хөрөнгө оруулалттай компани А, С гэсэн хоёр хэсгийн ажлыг гүйцэтгэсэн юм байна.

Харин барилгын эздийн тухайд тус барилга нь 2002 онд Бадрал, 2004 онд Анхбаяр, Цэцгээ нарын эзэмшлийнх байсан бөгөөд шүүхийн шийдвэрээр газрын бичгийг нь хүчингүй болгож байв. 

Гэвч өнөөдрийг хүртэл тус барилгын эх бие 12 давхрыг нураагаагүй байгаа гэдгийг албаныхан мэдэгдэж байна. 

Энэ талаар Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газрын Хэвлэл мэдээлэл хариуцсан мэргэжилтэн н. Батмандахаас тодруулахад “Зочид буудлын зориулалтаар баригдсан12 давхар барилгыг нураах шийдвэрийг манайхаас гаргадаггүй. Энэ талаар Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас тодруулсан  нь дээр байх. Нийслэл энэ талаар мэдэж байгаа. Ер нь бол 12 давхар барилгыг одоог хүртэл нураагаагүй хэвээр байгаа” гэсэн юм. 

Ингээд Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын эх сурвалжаас энэ талаар тодруулахад “ Нийслэлийн засаг дарга үнэхээр тэр барилгыг нураах шийдвэр гаргасан бол Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас тэр ажлыг хариуцна. Барилгыг нураах  гүйцэтгэх байгууллагыг НМХГ-аас сонгон шалгаруулна шүү дээ. Манайх үүнд хамаагүй” гэлээ. 

Иймээс тус барилгын С корпус буюу өргөтгөлийг “Тод Бум” констракшн Нийслэлийн өмчийн харилцааны газартай гэрээ байгуулан гүйцэтгэж байсан учир Нийслэлийн өмчийн харилцааны газартай холбогдож, энэ талаар тодруулахыг хүссэн ч Хэвлэл мэдээлэл хариуцсан ажилтан Л.Баянбат “Манай байгууллага одоогоор амралтын байдалтай байгаа. Энэ асуудалд хариулт өгөх хүн алга байна. Иймээс наймдугаар сарын 13-аас энэ асуудлаар тодруулж болно гэсэн юм. 

Ямартаа ч тус барилгыг барихдаа хууль зөрчсөн асуудал байгаа ч гэсэн энэ барилга бол хувь хүний өмч. Тухан хүн өөрийн хөрөнгөөр тус барилгыг барьсан. Тиймээс хувийн өмч рүү шууд халдах эрх ямар ч хууль хэрэгжүүлэгчид байхгүй аж. Хуулийн дагуу л асуудлыг шийдвэрлэнэ. Өөрөөр хэлбэл буулгаж, нураахаар болвол шүүхээр хэлэлцэгдэж байж асуудлыг шийдвэрлэгдэх учиртай юм байна.

Гэхдээ л тус 12 давхар барилгыг нураах асуудал хаа хаанаа “гацаатай" байгаа гэдэг нь үүнээс харагдаж байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Хотын захирагч Э.Бат-Үүл зөвшөөрөлгүй барилгуудыг нураана хэмээн мэдэгдэж байсан шигээ тус барилгыг нураах ажлыг эхлүүлэх байтугай энэ талаар ямар нэгэн шийдвэрийг доод газрууддаа одоог хүртэл өгөөгүй болох нь тодорхой байна. 

Тэгэхээр оршин суугчдын нар халхалж, нийтийн эзэмшлийн талбай дээр баригдсан тус барилгыг өргөтгөлийг нураачихаад үндсэн 12 давхар барилгыг нураахгүй өнгөрөх вий гэсэн оршин суугчдын айдас өнөөдөр биеллээ олчихоод байна.

Г.Уянга

olloo.mn 

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button