МАН ийм хариу барих гэнэ

Монголд улстөр ёстой л хэцүү таавар шиг болчихлоо. Алиныг нь ч хэнийг нь ч гэхэв. Нам, төр хоёр холилдчихоод хэн нь улс орноо удирдаж байгааг ойлгоход бэрх байна. Тэр дотор зургаан сайдаараа засагт дэнчин тавьсан МАН-ынхан улстөрд болж байгаа бүхний эсрэг янз бүрийн тайлбар тоочоод байгаа. Өнгөрсөн даваа гарагт өөрсдийнх нь оролцоогүй ээлжит бус чуулганы нээлтийг хууль бус гэх нь улстөрийн ээдрээтэй байдлыг үндсээр нь тас атгах бодлого бололтой.

 

Уг нь хаврын чуулган завсарлахын өмнө АН-ын Гүйцэтгэх зөвлөл хуралдаад МАН-тай хамтарсан засаг байгуулах гэрээгээ цуцлах шийдвэр гаргасан. Энэ нь МАН-д танай сайдуудыг Засгийн газраас хөөнө шүү гэсэн сануулга байсан. Тэгэхэд МАН-ынхан бид Засгийн газарт гуйлгаж орсон. Тиймээс сандал ширээтэй огтхон ч зууралдахгүй маягийн юм ярьцгааж байсан санагдана. Гэтэл одоо болохоор огт өөр нүүр царай харуулж байх юм.

 

Ээлжит бус чуулганы хэлэлцэх асуудалд зургаан сайдыг огцруулах асуудлыг яаран сандран оруулсан З.Энхболдын алдаан дээр дөрөөлж түүнийг Ерөнхий сайдын бүрэн эрхэнд халдаж өргөн баригдаагүй асуудлыг УИХ-аар хэлэлцэх нь Үндсэн хууль зөрчсөн хэрэг гэж үзэж байгаа юм байна. Энэ талаараа Үндсэн хуулийн цэцэд хандахаа ч ярилцаж байгаа гэнэ.

 

Ээлжит бус чуулган яагаад хууль бус юм бэ гэсэн асуултад УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт хариулахдаа, “УИХ-ын чуулганыг ээлжит бусаар зарлах нь улс орны амин чухал, тулгамдсан асуудал хэлэлцэх шаардлагатай үед хийх ажил. Гэтэл болсон түүхий боловсруулалтай Эрүүгийн, Эдийн засгийн өршөөлийн тухай хуулиуд, мөн галт зэвсгийн тухай гээд энэ цаг үед онцын шаардлагатай бус дагавар асуудлууд жагсааж тэргүүнд манай намаас Засгийн газарт ажиглаж байгаа зургаан сайдыг огцруулъя гэсэн нь утга учиргүй юм. Зүгээр л дураа хүрэхээр л улстөрийн тоглолт хийж, албан тушаалын панз наймаа үсэргэх гэсэн явдал” гэв.

 

Эдний намынхан нэг сүрхий муу санаа агуулж байна. Тэр нь АН-ынхан дотроо удирдах хүмүүс нь зодолдоод эхлэв. Тэгж байхад дундуур орох хэрэггүй. Харин хэрүүл нь жаахан намжих аяс харагдвал бүр ноцтой хэрүүлийн алим холоос шидэж нэгэнт ноцсон галыг дэврээх бодлоготой байх шиг.

 

Мөн нам, төрийн ажил холилдчихоод байгааг одоо л харж байгаа мэт ярих юм. МАН-ынхан төрийн ордон болон өөрийн цагаан байшиндаа сав л хийвэл хуралдаж байгаа. Гэхдээ АН-ынхны хэрүүл зөрчлийг гайхаж харах мөртлөө өөр дотроо ч толхилдож л байх юм. Уржигдар болсон хурал дээрээ С.Бямбацогт Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулийн төслийг бүлгээрээ дэмжихгүй гэсэн атлаа өөрчлөлтийн санал боловсруулах тухай ам алдаж Ц.Нямдоржоос “Чи З.Энхболдод барьцаалагдсан байх” гэсэн зэмлэл хүртжээ.

 

Ер нь МАН-ын эцсийн алхам нь улстөрийн өнөөгийн түвэгтэй байдалд ямар гаргалгаа байхыг харахын оронд элдэв ов мэх гаргаж хэлэлцэх асуудлыг тасалдуулах тухай хор найруулж байгаа бололтой. Энэ нь хашир хуульч Д.Лүндээжанцангийн “Манайхаан болж өгвөл л завсарлага аваад байх юм шүү” гэсэн үгнээс ил байна. Хэрэв зээ зургаан сайдаа огцруулах дээрээ тулбал Засгийн газрыг бүхэлд нь унагах занга бэлдэж байгаа сураг бий. Тэгэхлээр АН-ынхны зорилго, шийдвэр тамтаг болж мэдэх хачин дүр зураг бас харагдаж байгаа юм.

 

 Зууны мэдээ

Ц.Жаргалсүрэн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button