Б.Болор: Аж ахуйн нэгжүүдийг хохиролгүй болгох тал дээр ажиллаж байна

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Б.Болор өнөөдөр /2015.08.05/ Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төсөлд тусгагдсан гол заалтууд болон аж ахуйн нэгжүүдэд үзүүлэх хөнгөлөлтийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийв.

Төсвийн байнгын хорооны Мягмар гарагийн /2015.08.04/ хуралдаанаар Монгол Улсын төсвийн 2008-2014 онуудын хөрөнгө оруулалтад тусган бүрэн хэрэгжүүлж дууссан, гэрээний үлдэгдэл санхүүжилт бүхий векселиэр санхүүжүүлэх төсөл арга хэмжээнүүдийн хэрэгжилтийн байдлыг шалгах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулах Байнгын хорооны тогтоол баталсан. Энэ талаар Төсвийн байнгын хорооны дарга Б.Болор, “Векселиэр санхүүжүүлэх төсөл арга хэмжээнүүдийн хэрэгжилтийн байдлыг шалгаж дуусах хүртэлх хугацаанд уг арга хэмжээнүүдэд төсвөөс санхүүжилт гаргахгүй байх арга хэмжээ авч ажиллахыг Засгийн газарт даалгасан юм. Энэ оны 01 дүгээр сард Монгол Улсын Их Хурал Засгийн газарт маш тодорхой үүрэг өгсөн. 2012-2014 онуудад ажилаа хийж гүйцэтгэсэн аж ахуй нэгжүүдийн өрийг барагдуулах. Гэтэл олон сарын дараа гэнэт 200 гаруй тэрбум төгрөгийн вексель гаргах шийдвэртэй холбогдуулан гомдол, мэдээлэл ихээр ирж байна. Тухайлбал санхүүжилт авах аж ахуйн нэгж, байгууллага нь дарааллын бус эсхүл уг хугацаанд хамаарагдаагүй гэх мэт. Иймд энэхүү арга хэмжээнүүдийн хэрэгжилтийн байдлыг шалгах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулахаар болсон. Энэ нь санхүүжилт гаргахгүй гэсэн үг биш харин ажлын тав хоногийн дотор багтаан нягталж, аж ахуйн нэгжүүдийг хохиролгүй болгох тал дээр ажиллаж байна” гэлээ.

Улсын Их Хурлын 2014 оны 34 дүгээр тогтоолоор бизнес, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх, хувийн хэвшлийг дэмжих ажлын хүрээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын татварын ачааллыг бууруулж, тайлагнах журмыг хөнгөвчлөх, ил тод, нээлттэй болгох, зарим татварын хөнгөлөлт үзүүлэх чиглэлээр татварын холбогдох хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулж, өргөн мэдүүлэхийг Засгийн газарт үүрэг болгосон.

Уг хуулийн төслийг Засгийн газраас санаачлан боловсруулж 2015 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн бөгөөд төслийг хаврын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцээд зарчмын зөрүүтэй зарим асуудлаар төслийг хэлэлцэх боломжгүй гэсэн үндэслэлээр Засгийн газарт буцаасан тул уг хуулийн төслийг дахин боловсруулан өргөн барьсан байна.

Энэхүү хуулийн төсөлд татвар, нийгмийн даатгалаас гадна үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэл болон хуулийн этгээдийн бүртгэл, нягтлан бодох бүртгэлийн асуудлыг тусгаж, урьд гарч байсан хуулиудаас илүү өргөн хүрээг хамарсан зохицуулалт оруулж, үүний үр дүнд эдийн засгийн ил тод байдлыг бүрдүүлэх нэг удаагийн журмыг тодорхойлжээ.

Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төслийг баталж хэрэгжүүлсний үр дүнд илрээгүй байсан орлого, хөрөнгө ил гарч, тэдгээрийг хууль ёсны бүртгэл хяналтад оруулж, цаашид хууль тогтоомжийн дагуу татвар ногдох боломжтой болж, татварын суурь өргөсөх, санхүүгийн болон татварын хуурамч тайлангуудыг аливаа хүү, торгуульгүйгээр залруулж, зөв гольдрилд оруулах чиглэлээр бодитой үр дүн гарна гэж хууль санаачлагчид төлөвлөж байгаа хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button