Ургацын 80 хувийг алдана, алдахгүй

Жил бүрийн өдийд шинэ ургацын ногоо гарчихсан иргэд хаа таарсан газраасаа эх орныхоо хөрсөнд ургасан шинэ ногоог боломжийн үнээр худалдан авдаг байсан. Харин энэ жилийн хувьд шинэ ногоо ховор байна. Дөнгөж одоо л гарч эхэлж байна. Ингэхдээ тэнгэрт хадсан өндөр үнээр худалдаалагдаж байгаа юм. Үүнтэй зэрэгцээд гурилын үнэ өнгөрсөн долоо хоногоос кг тутамдаа 50-100 төгрөгөөр нэмэгдээд байгаа. Тэгвэл энэ бүхний гол буруутан нь ган болж хувираад байгаа.
Сүүлийн дөрөв, таван жил бороо хур элбэг байж тариаланчид тариа, ногоогоо хангалттай авч байсан. Харин энэ жил гантай жилийн мөчлөг таарсан нь тариаланчдыг ийн ургац алдахад хүргээд байгаа юм. Тэгвэл мэдээж хэрэг олон жилийн хур борооны дараа гангийн мөчлөг таарах нь ойлгомжтой тул үүнд эртнээс бэлтгэх ёстой байсан гэдгийг зарим нь хэлж байгаа. Тиймээс үнэхээр л ургацынхаа 80 хувийг алдахад хүрэх юм бол үүнд салбарын сайд хариуцлага үүрэх ёстой гэж үзэх хүн цөөнгүй байна. Ямартай ч ХХААЯ болон тариалан эрхлэгчдийн холбооныхон эсрэг тэсрэг байр суурь илэрхийлж байгаа. Ингээд ургац тойрсон асуудлаар талуудын байр суурийг хүргэж байна.
“Газар тариалан” холбооны удирдах зөвлөлийн гишүүн Б.Эрдэнэбат: Ургацын 80 хувийг алдах нь тодорхой болсон
Манай холбооны Удирдах зөвлөлийн хурал долдугаар сарын 21-нд болсон. Газар тариалангийн нөхцөл байдлын талаар, үүсээд буй ган гачигтай холбоотой асуудлаар нэгтгэсэн мэдээнүүдээ эцсийн байдлаар авлаа. Энэ жилийн хувьд газар тариалангийн салбарт асар хүнд цохилт боллоо. Сүүлийн 35 жил болоогүй ган гачиг болсон байна. Сэлэнгэ мөрөн хүртэл хоёр метр доошилчихсон байх жишээтэй. Сэлэнгэ мөрнөөр өмдөө шууж байгаад л гараад явчихаж байна. Настайчууд хэлж байна л даа. Ийм ган гачиг үзээгүй гэж. Зүгээр нэг ган биш онцгой нөхцөл байдал үүсжээ гэцгээж байна.
Нэгэнт ургацынхаа 80 орчим хувийг алдах нь тодорхой болсон тул үүн дээр төр засаг ямар арга хэмжээ авахаа ярих цаг болсон. Байдал ямар байгааг эртхэн зарлах хэрэгтэй. Ер нь улс болгон маш хурдан хугацаанд хэцүү байгаагаа зарладаг. ОХУ гэхэд зургадугаар сарын аравдаар ургацынхаа 25 хувийг алдлаа гэж зарласан. Хятад ч ялгаагүй зарласан. Гэтэл өнөөдрийг хүртэл манай улсын хариуцсан яам нь таг дуугүй сууж байна. Гантай, гэхдээ бороо орж эхэлсэн учраас сэргэнэ гэцгээж байна л даа. Амны бэлгээс ашдын бэлгэ, битгий муу амла гэсэн улс л байна. Үнэн хэрэгтээ аргацаасан л яриа.
ХХАА-н сайд Р.Бурмаа: Ургацын 40 хувийг алдах магадлалтай
Архангай, Өвөрхангай аймгийн нутгаар зуншлага сайн, ургац хэвийн байна. Харин газар тариалангийн бүс нутаг болох Төв, Сэлэнгэ, Булган аймгууд нийт талбайн ургацынхаа 50-70 хувийг хураан авах төлөв байна. Энэ тоо нэмэгдэх боломжтой. Ургацын төлөв байдлын мэдээ нарийвчилсан байдлаар наймдугаар 25-нд гарна гэж сайд хэллээ.
Тавдугаар сарын цочир хүйтрэл, зургадугаар сарын хэт халалт ургацад муугаар нөлөөлсөн. Энэ жил ургац алдалт 80 хувьтай байна хэмээх мэдээлэл ч цацагдсан эхэлсэн. Тэгвэл салбарын сайд хэлэхдээ “Ургацын балансын дүн мэдээ наймдугаар сарын 25-наас гарах учир 80 хувь ургац алдана гэж хэлэхэд эрт байна. Бидний хийж буй тооцоогоор 40 хувийн ургац алдах магадлалтай. Улсын хэмжээнд энэ жил 300 мянган га талбайд улаан буудай тариалахаар төлөвлөсөн ч 359 мянган га-д тариалсан. Энэ жил 465 мянган тонн улаан буудай авна хэмээн төлөвлөсөн ч 280 мянга орчим тонныг авах тооцоо байна” гэлээ.
Тариаланчид ургацынхаа 80 хувийг алдсан гэж дүгнэхэд эрт байгааг хэлж байна
Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн, Цагаануур, Түшиг, Хушаат зэрэг сумд бол газар тариалангийн гол бүс нутаг. Тэргүүлэх чиглэлээ ч тэд газар тариалан, эрчимжсэн мал аж ахуй гэж тодотгожээ. Тиймээс өрхийн аж ахуйгаас хальсан хүнсний ногооны тариалан эрхлэлтээс гадна, тариагаа улсад тушаах, энэ жилийн алдагдлаа хор хохирол багатай давах бодолтой байгаагаа орон нутгийн иргэд хэлж байна.
Тэд байгалийн гамшигт үзэгдэл гэдэг хэлж ирдэггүй асуудал. Дөрвөн жил дараалан сайхан дэлгэр зун болж нэг зундаа ган болдог байгалийн хуулийг сөрж чадахгүйгээс хойш одоо ургаж байгаа тариагаа асуудалгүй хурааж, улсдаа тохирсон үнээр өгчихвөл алдагдлаа нөхөөд ашиг гэх зүйлгүйгээр энэ жилийг өнгөрүүлчихнэ гэсэн бодолтой байгаа аж.. Тариалан эрхлэгчид нэг удаагийн алдагдлыг даах чадвартай байх учиртай.
Тиймдээ ч дотоодын тариалан эрхлэгчид ургац алдчихлаа, гаднаас шууд буудай импортоор оруулж ирнэ хэмээж сэтгэлийн хөөрлөөр асуудалд хандахгүй байхыг Засгийн газар, салбар яамны мэргэжилтнүүдэд дуулгаарай хэмээн захисан юм. Бид ургацынхаа 80 хувийг алдчихсан, гурил үнэд орно гэсэн хий хоосон цуурхлаар ард түмний санаа сэтгэлийг бухимдуулах бодолгүй байна хэмээн тариалан эрхлэгчид хэлж байлаа.
Зүүнбүрэн сумын Ерөнхий агрономич Т.Золзаяа “Бид хэтэрхий эрт дүгнэлт хийгээд байна.
Ургацаа алдлаа гэдгийг хэлэхэд ч эрт байгаа юм. Тодруулбал, Зүүнбүрэн сумын Ерөнхий агрономич Т.Золзаяа “Бид хэтэрхий эрт дүгнэлт хийгээд байна. Ургац алдаж байгаа нь үнэн. Гэхдээ 80 хувь хүргэж алдах нь юу л бол. Одоо тарианы болц хүртэл сар гаруйн хугацаа байгаа учраас энэ мэт цуурхал ард түмний сэтгэл санааг үймүүлнэ. Манай сумын хувьд ургацын алдагдал 50 хувьтай байгаа. Ногоочид бол төрөөс ямар ч дэмжлэг авдаггүй. Тэд гантай зун ч ургацаа алдаагүй. Төрөөс дэмжлэг авдаг тариаланчид маань асуудлыг ингэж хэт хөөрөгдөлгүй хүлээцтэй хандаж, нэг удаагийн эрсдэлээ тооцоолмоор байна” гэлээ.
Ургац алдах сургаар гурилын үнэ өсөж байна
Энэ жил ургацын 40-өөс дээш хувийг алдаж магадгүй гэх болгоомжлол хаа хаанаа байгаа. Тариаланчид ургацын 80 хувийг алдах дээрээ тулсан хэмээж байгаа бол салбарын яамнаас 30 орчим хувийг алдана хэмээж байгаа. Ямартай ч 30, 40, 80 ч бай ургац алдах нь нэгэнт тодорхой болсон тул үүнийг дагасан үнийн өсөлт аль хэдийн эхэлжээ.Тодруулбал гурилын үнэ кг тутамдаа 50-100 төгрөгөөр нэмэгдсэн байгааг худалдаачид хэлж байна. Мөн дотоодын гурилын үйлдвэрүүдийн уг өсөлтийг дагаад импортын гурилын үнэ ч өссөн байна. Тэгвэл ҮХААЯ-наас үйлдвэрүүд гурилынхаа үнийг ямар ч үндэслэлгүй нэмсэн гэж үзэж байгаа гэнэ. Тодруулбал, өнгөрсөн жилийн ургацаас Тариалан эрхлэлтийг дэмжих санд авсан 30 мянган тонн буудай агуулахад хадаглагдаж буй. Энэ буудайны нөөцийг оролцуулаад аравдугаар сар хүртэл дотооддын гурилын хэрэгцээгээ бүрэн хангах буудайны нөөц байгаа тухай яамныхан хэлж байна.
olloo.mn