МАН-ын зургаан сайдын хувь заяа тодорхой боллоо

УИХ-ын ээлжит бус чуулган эдгээр өдрүүдэд хуралдаж буй. Яаралтай хэлэлцэх хэд хэдэн асуудлуудыг чуулганаар хэлэлцэж буй. Тухайлбал Эдийн засгийн ил тод байдлын тухай, Эрүүгийн болон Өршөөлийн хууль зэрэг нэлээд чухал хуулийн төслүүдийг хэлэлцэж байгаа юм. Гэвч эдгээрээс илүү олны анхаарлыг татаж буй нэг асуудал бол Шийдлийн Засгийн газрын халаа сэлгээ юм. 

Наадмын өмнөхөн АН-ынхан цаашид МАН-тай хамтран ажиллах боломжгүй хэмээн мэдэгдэж, асуудлыг удирдах зөвлөлөөрөө хэлэлцүүлэн МАН-ыг засгаас хөөх шийдвэр гаргасан. Харин засагт үлдэнэ хэмээн нэг хэсэгтээ гүрийж  суусан МАН  зургаан сайдаа татахаар болж байна. Учир нь Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өчигдөр МАН-ын зургаан сайдыг огцруулах тогтоолын төслийг УИХ-ын даргад өргөн барилаа.

Шинэчлэлийн Засгийн газраа өөрсдөө унагасан АН Шийдлийн Засгийн газар байгуулж МАН-тай хамтармаар байна хэмээн өөрсдөө хадаг тавин гуйж байсан ч ийнхүү гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байна гэдэг шалтгаанаар тэднийг хөөсөн юм. Учир нь МАН  хамтарсан засаг байгуулахдаа хийсэн гэрээгээр хүлээсэн үүргээс ердөө албан тушаалын томилгоог л ягштал биелүүлж, бусад заалтаа биелүүлээгүй хэмээн АН үзсэн. Гэвч тэдний хамгийн их дургүйцлийг нь төрүүлж, засгаас хөөх шийдвэрт хүргэсэн зүйл бол МАН хавраас орон нутгуудаар явж иргэдийн санаа бодлыг сонсохдоо хамтарч байгуулсан засгаа үргэлж муулж явсан нь нөлөөлжээ. 

Нэгэнт МАН засгаас хөөгдөж байгаа тул шинээр зургаан сайд Шийдлийн Засгийн газрын танхимд орж ирэх нь. Чухам хэн хэн орж ирэх нь л анхаарал татаж байна. Эх сурвалжуудын хэлж буйгаар АН-аас хоёр, эвслээс дөрвөн сайд орж ирэхээр болсон аж. Тодруулбал Зам тээврийн сайд, Барилга хот байгуулалтын сайдад Ардчилсан нам хүнээ томилох бол, Шударга ёс эвслээс Шадар сайд, Сангийн сайд, БОНХАЖ сайд, Хөдөлмөрийн сайдад тус бүр хүнээ томилох бололтой.  Мөн шинээр томилогдох сайд нарыг УИХ-аас томилох  үүргийг Ч.Сайханбилэгт өгөөд байгаа. Тэгвэл Ерөнхийлөгчийн тэгтлээ эсэргүүцдэг давхар дээлтнүүдийн тоо дахин зургаагаар нэмэгдэх нь байна.  Дашрамд дуулгахад  Ерөнхийлөгч Засгийн халаа сэлгээний асуудлаар байр сууриа илэрхийлж дэмжихгүй гэдгээ мэдэгдсэн билээ. 

Ямартай ч Шадар сайд У.Хүрэлсүх, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд  Ц.Оюунхорол, Сангийн сайд Ж.Эрдэнэбат, Барилга хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар, Зам тээврийн сайд  Н.Төмөрхүү, Хөдөлмөрийн сайд С.Чинзориг нар сайдын суудлаа өгөх нь тодорхой боллоо. 

Б.Сансар
olloo.mn
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button