М.Лхагвасүрэн: Таван талт гэрээ хийгдсэний дараа "Өрхийн мэдээллийн сан"-гийн мэдээлэл задарна

10 хувийн урьдчилгаатай ипотекийн зээлд хамрагдахын тулд зээлдэгч ХАХНХЯ- наас гаргасан “Өрхийн мэдээллийн сан”-гийн 7-15 дугаар бүлэгт багтсан байх ёстой. Тодорхойлолтоо хэзээ авч, зээлд хамрагдаж эхлэх талаар иргэд сонирхож байна. Энэ талаар Нийгмийн халамж үйлчилгээний ерөнхий газрын Хүн амын хөгжил, нийгмийн халамж үйлчилгээний газрын дарга М.Лхагвасүрэнгээс тодрууллаа.

 

-“Өрхийн мэдээллийн сан”-гийн 7-15 дугаар бүлгийн иргэн гэдэг тодорхойлолтоо хззээнээс авч эхлэх вэ?

 

-Одоогоор таван талт гэрээ хийгдээгүй байгаа учраас “Өрхийн мэдээллийн сан”-гийн хэддүгээр бүлэгт байгаа тухай тодорхойлолт гаргаж өгөх болоогүй. Учир нь Хөгжлийн банктай гэрээ хийгдсэнээр тэднийх манай албан ёсны хэрэглэгч болж, хэрэглэгчийн эрхээрээ мэдээллийн санд нэвтрэн тухайн өрхийн мэдээлэл үнэн зөв эсэхийг шалгах ёстой. Өөрөөр хэлбэл, “Өрхийн мэдээллийн сан” таван талт гэрээ хийгдсэний дараа задарч иргэд тодорхойлолтоо авах эрх нээгдэнэ.

 

-Тэгэхээр таван талт гэрээ хийгдсэний дараа иргэд тодорхойлолтоо харъяа аймаг дүүргийнхээ Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсээс авна гэсэн үг үү?

 

-Тийм. Төрөөс үзүүлэх ямарваа нэгэн нийгмийн тусламж, үйлчилгээнд хамруулах өрх, иргэнийг тодорхойлоход ашиглах зорилгоор өрхүүдийг 20 бүлэгт хуваан ангилсан. Энэхүү санг бүрдүүлэх ажлыг 2013-2014 онд “Орлогыг орлуулан тооцох арга”-аар хийж дуусгасан юм. 10 хувийн урьдчилгаа төлж, орон сууцны зээлд хамрагдах хүсэлтэй иргэн уг сангийн хэддүгээр бүлэгт байгаа тухай тодорхойлолтыг аймаг, дүүргийнхээ Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэсээс авч, даргаар нь баталгаажуулах юм.

 

-Энэ тодорхойлолтыг ойролцоогоор хэчнээн иргэн авах бол?

 

-Өрхийн мэдээллийн сангийн 7-15 дугаар бүлэгт багтах өрх улсын хэмжээнд 294.000 гаруй, нийслэлийн хэмжээнд 102.000 орчим байдаг. Журамд хамрагдаж 10 хувийн зээл авах иргэдийн зээл 30 хүртэл жилийн хугацаатай байх бөгөөд Хөгжлийн банкны баталгаатай тэнцэх хэмжээний төлбөр бүрэн төлөгдөж дууссаны дараа баталгаа дуусгавар болохыг журамд тусгасан.

 

Зууны мэдээ

Д.Оюунчимэг

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button