Шинэ сайд нарыг сонгох тун ярвигтай тулаан эхэллээ

АН-ын дарга  З.Энхболд санасандаа хүрэхэд дэндүү ойртлоо. Түүний найруулсан жүжиг амжилттай явагдаж, сайд нар гарах гарцгүй байдалд орж, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг түүний хэлснийг гүйцэлдүүлэхийн төлөө өөрийн хэлсэн амнаасаа буцсан тун эвгүй байдалд орчихоод байна. 

УИХ-ын хаврын чуулган завсарлаагүй, ээлжит бус чуулганы тов хараахан гараагүй байхад Ч.Сайханбилэг Гүйцэтгэх засаглалын тэргүүн би бээр зургаан сайдаа явуулж чадахгүй, УИХ-д өөрийн биеэр нэрсийг нь өргөн барьж чадахгүй хэмээн мэдэгдэж байсан. Тэгвэл өнөөдөр тэрээр З.Энхболдод “75-аар бууж өгч” хэлсэн дээрх үгнээсээ "татгалзаж", сайдын суудлаа хамгаалж үлдлээ. Энэ бол түүний, Засгийн газрын зарим гишүүдийг огцруулах тухай тогтоолын төслийг өргөн барьснаас тод томруун харагдана. Иргэд" тогтвортой төр засаг Монгол улсад юунаас ч илүү хэрэгтэй" хэмээн хичнээн хашгираад ч нэмэргүй болов. Учир нь АН-ынхан төрийн толгойд сууж байгаа цагт бусад нам байтугай өөрсдийн хүмүүсээ ч  энэ мэтээр “намнахад” харамсахгүй зүйл үгүй гэдэг нь 2012 оны сонгуулиас хойш засаглалд болж буй үйл явдлаас тодорхой харагдаж байна.

Н.Алтанхуягийн Засгийн газар хэрхэн огцорсон, одоогийн АН доторх тохиролцоо МАН-ын сайд нарыг буулгаснаар цаашид “явах” зүг чиг нь тодорхойлогдож байгаа зэргээс харахад, АН-ын дарга З.Энхболд тэргүүтэй удирдлагууд, олон фракц бүлэглэлийн нэгдэл болсон тус намаар төр удирдуулах нь тийм ч таатай сонголт бус гэдгийг дээрх үйл явц бэлхнээ илтгэх мэт.

Дээр хэлсэнчлэн АН-ын дарга  З.Энхболд санасандаа хүрэхэд дэндүү ойртсон бөгөөд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг л тохиролцоондоо хүрч, УИХ-д суудалтай гишүүдийг сайдад нэр дэвшүүлчихвэл энэ удаагийн шуугиан тэгсхийгээд намжих нь тодорхой байна. Бүр цаашилбал, З.Энхболд хийгээд түүний цаана байгаа эрхмүүдийн 2016 оны сонгуулийн төлөвлөгөөний бэлтгэл бараг л хангагдлаа гэсэн үг.

Харин Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, З.Энхболдыг хэлсэн даалгаврыг биелүүлэхгүй, түүнийг үл ойшоовол байдал хурцдаж, өөрийнх нь суудал ч ганхаж мэдэх аюултай.  Мэдээж, үүнийг тооцоолсон Ч.Сайханбилэг юу гэж гоомой зүйл хийх вэ. З.Энхболдын тавьсан саналаар цааш явах нь нэгэнт тодорхой болжээ. 

Тэгэхээр Шадар сайд У.Хүрэлсүх, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд  Ц.Оюунхорол, Сангийн сайд Ж.Эрдэнэбат, Барилга хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар, Зам тээврийн сайд  Н.Төмөрхүү, Хөдөлмөрийн сайд С.Чинзориг нар сайдын суудлаа өгөх нь тодорхой болсон энэ үед дараагийн сайд нарын нэрс яригдаж эхэлнэ. Ерөнхий сайд огцрох сайд нарын нэрсийг өргөн барихдаа тэдний оронд  томилох гишүүдийнхээ нэрсийг хамтад нь өргөн бариагүй нь бас учиртай. Сайд нараа УИХ-ын гишүүдээс сонголоо гэхэд, тэдгээр нэрсийг намын даргынхаа хүсэлд сонирхолд нийцүүлнэ гэдэг бас ярвигтай асуудал шүү. 

Иймээс зургаан сайд бүгд УИХ-аас сонгогдоно гэж тооцоолбол, УИХ-ын 76 гишүүний 36 нь АН, 26 нь МАН, бие даагч 3, үлдсэн 11 нь Шударга ёс эвслийн бүлгийнхэн байгаа. Тэгэхээр шинээр сонгогдох зургаан сайдын 2 нь Шударга ёс эвслээс гарах магадлалтай хэмээн өмнөх таамгийг хэвээр тооцвол үлдсэн дөрөв нь АН-аас буюу АН доторх фракц бүлэглэлээс сонгогдох учиртай. Үүнээс гадна З.Энхболд, Ч.Сайханбилэгт “Засгийн тогтвортой байдлыг хангана хэмээн амласан учир АН доторх фракц бүлэглэлийн гишүүдээс сонгохоос гадна нэг сайдын суудлаа бие даагч гурван гишүүний аль нэгэнд ч өгч болох талтай. 

Юутай ч шинэ сайд нарын нэрсийг таамаглахад ч бэрхтэй байгаа энэ үед АН-ынхан шинэ сайд нараа сонгох гээд бөөн бужигнаан байгаа. Тэглээ ч өнөөдрийн чуулганы хуралдааны эхэнд Засгийн газрын зарим гишүүдийг огцруулах тухай асуудалыг хэлэлцэхээр товлогдож. Тэгэхээр шинээр томилогдох сайд нарын нэрс дээрх тааврын дагуу өнөө маргаашгүй өргөн баригдах биз ээ.  

Г.Уянга

olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button