Даншиг наадмын өглөө эв нэгдэл, амар амгаланг даатгаж ном хурна

“Даншиг наадам-Хүрээ цам-2015” наадмын ач холбогдол, баярын үеэр болох шашны зан үйлийн талаар Гандантэгчэнлин хийдийн олон нийттэй харилцах албаны дарга С.Даваапүрэв, Мамба дацан хийдийн тэргүүн, хамба лам Д.Нацагдорж нар өчигдөр мэдээлэл хийлээ. Тэдний байр суурийг тоймлон хүргэе.

С.Даваапүрэв: МОНГОЛЧУУДЫН ЭРХ ЧӨЛӨӨ, ӨВ СОЁЛЫН ИЛЭРХИЙЛЭЛ 

-Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Гандантэгчэнлин хийд, Монголын бурхан шашинтны хот болон хөдөө орон нутгийн сүм хийдүүдийн хамтарсан “Даншиг наадам-Хүрээ цам-2015” наадмыг монгол орныхоо эв нэгдэл, сайн сайхан, өв соёл, ёс уламжлалаа сэргээн дэвжээх зорилгоор хийх гэж байна. Энэ сарын 8-9-нд болох наадмын бэлтгэл хангагдсан.Даншиг наадмыг анх Монголын шашны тэргүүн Өндөр гэгээнд зориулж, бүх хошуугаараа нэгдэн нэг санаа зорилгоор өргөж байсан түүхтэй. Үүнээс хойш Монгол зарим улс орны эрхшээлд орсон хэдий ч өөрийн тусгаар тогтнол, үндэсний онцлог соёл, зан заншлын хамгийн том илэрхийлэл болж ирсэн юм. Монголчуудын эрх чөлөө, тусгаар тогтнолыг авчрахад Даншиг наадмын үүрэг маш чухал байсан гэж түү­хэнд тэмдэглэгдсэн бай­даг. Тиймээс Даншиг наадмын утга учрыг ойлгуулах, монголчуудынхаа гайхамшигт өв соёлыг зөвхөн өөрийн ард түмэндээ бус дэлхийд сурталчлан таниулах, дэлгэрүүлэх, хадгалан авч үлдэх ач холбогдолтой. Сүсэгтэн олны мэдлэг нэмэгдэж, цаашид зөв сүжигтэй байх эх үндэс тавигдах юм. Даншиг наадам цаашид дуурсагдах түүхэн үйл явдал болох юм. Энэ наадамд оролцож байгаа сүсэгтэн олон ч түүхэн үйл явдалд оролцож байгаагаараа онцлогтой юм.

 

Д.Нацагдорж : МОНГОЛЧУУДЫНХАА ЭВ НЭГДЭЛ,  АМАР АМГАЛАНГИЙН ТӨЛӨӨ  НОМ УНШИНА 

-Монголчууд олон мянган жилийн турш бурхны шашныг дээд­лэн хөгжүүлж ирлээ.   Мон­гол Улс Буддын орон гэдгээрээ дэлхийд  алдар­шиж, номт гурван орны нэгэнд багтаж явсан түүх, уламжлалтай. Өнөөдөр бидний зохион байгуулж байгаа үйл ажиллагаа бол нийт монголчуудынхаа төлөө, мөн Монголынхоо өв соёлыг ард түмэндээ таниулахаас гадна дэлхийн ард түмэнд таниулах холыг харсан бодлого юм. Гэхдээ монголчууд маань нэг зүйлийг бодох хэрэгтэй. Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот дэлхийд танигдсан. Гэтэл энэ нийслэлийн суурийг Өндөр гэгээн тавьсан түүхтэй. Тиймээс энэ жил 380 жилийн ойг нь тэмдэглэх нь зүйтэй юм. Цаашид жил болгон тэмдэглэхээр ярьж байна. Ирэх бямба, ням гаригт наадмын цогц үйл ажиллагаа болно.  Улаанбаатар хотод байгаа сүм, хийдийн хамба, лам хуврагуудад бүх мэдээлэл тарсан. Бямба гаригийн өглөөний 06:00 цагт Чингисийн талбайд Монголын ард түмнээ даатгаж, эв нэгдэл, амар амгаланг дуудсан шашны номуудыг уншина. Түүнээс гадна Хүй долоон худагт Жахар цам, Хүрээ цам болно. Үүнийг  Гандантэгчэнлин хийдийн тусгай номыг нь үзэж бэлтгэгдсэн лам хуврагууд ёс жаягийнх  нь дагуу хийнэ. Нийт уншигдаж байгаа номуу­дын тайлбар англи, монгол хэл дээр тайлбарлагдахаар зохион байгуулж байна.

 

Зууны мэдээ

Ч.Олдох

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button