Гудамжнаас дутуу боловсорсон самар авч, идэхгүй байхыг анхааруулж байна

Сүүлийн өдрүүдэд гудамжинд болц нь гүйцээгүй самар зарах нь олширч байгаа тул иргэдийг түүхий самар түүхгүй, идэхгүй байхыг мэргэжлийн байгууллага анхааруулж байна.

 

Одоогоор самар боловсорч гүйцээгүйн дээр хотын ойролцоох зарим ойд шавьжны хор цацсан нь иргэдийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх магадлалтай аж. Хуш модны самрыг журамд зааснаар аравдугаар сарын 15-наас дараа оны гуравдугаар сарын 15-ны хооронд бэлтгэдэг.

Самрыг боловсорч гүйцэхээс өмнө түүх нь хуш модонд сөрөг нөлөө үзүүлж, ирэх жилийн ургацад ч нөлөөлдөг байна. Түүхий болц гүйцээгүй боргоцой нь мөчрөөс салж унахад бэрхшээлтэй байдаг тул түүнийг түүхийн тулд модны гол ишийг мунаар хүчтэй цохиж, мөчрийг хугалж байж түүдэг. Ингэснээр хуш модны гол иш, титмийг гэмтээдэг байна.Мөн нөгөө талаар болц гүйцээгүй самар нь давирхай ихтэй байдаг учраас нян, вирус, бохирдлыг амархан татдаг бөгөөд халдварт өвчин тараах нөхцөл болдог тул эрүүл ахуйн хувьд тохиромжгүй юм. Түүнчлэн анхаарал болгоомжгүйгээс ой хээрийн түймэр гарах эрсдэлд ч хүргэдэг байна.

Хуш модны самрыг аравдугаар сарын 15-наас өмнө түүх нь Ойн тухай хуулийн 38.1-д “Иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж байгууллагад ойн дагалт баялгийн нөөц ашиглах эрхийн бичгийг тухайн он анги /байхгүй бол тухайн нутаг дэвсгэрийн байгаль хамгаалагч/ олгоно, 38.3-д “Иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж байгууллага ойн дагалт баялгийг төлбөртэйгээр ашиглана” гэж заасныг, “Ойн дагалт баялаг хамгаалах, зохистой ашиглах журам”-ын 2.8-д “Нөөц бэлтгэх зөвшөөрлийг эрхийн бичгээр олгоно”, 3.7-д “Хуш модны самрыг аравдугаар сарын 15-наас дараа оны гуравдугаар сарын 15-ны дотор бэлтгэнэ” гэж заасныг тус тус зөрчиж байгаа аж.

 

Б.Сансар

olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button