Уурхайн хаалтыг зөв хийвэл ашиг авчирна

“Уурхайн хаалт-2015” онол практикийн хурал энэ сарын 20-21-нд Налайх хотод болно. 10 дахь жилдээ зохион байгуулагдаж буй энэхүү хурлыг “Уурхайг эдийн засгийн үр ашигтай хаах нь” сэдвийн хүрээнд зохион байгуулах юм.

Тус хурлаар  асуудлыг өргөн хэмжээнд авч үзэн, төр засгийнхан, эрдэм шинжилгээний байгууллага, судлаачид болон уул уурхайн компаниуд хамтран энэ сэдвээр ярилцана хэмээн зохион байгуулагчид онцолж байна.

Социализмын системээр явсан зүүн Германд уул уурхай хяналтгүй, төлөвлөлтгүй явснаар манай  Налайх шиг болсон жишээ цөөнгүй.  Тэгвэл Уул уурхайгаас үлдсэн том нүхийг усаар дүүргэн хиймэл нуур байгуулснаар аялал жуулчлалын томоохон байгууламжуудыг бий болгосон жишээ олон байдаг. Харин АНУ-д  “Монтана Бутти” хэмээх  хаагдсан уурхайг  музей болгосон нь олон улсад сайн жишиг хэмээн онцлогддог. Тэд уурхайнхаа төмөр замд ашиглаж байсан  хадаасыг бэлэг дурсгалын зүйл болгон өөрчилжээ. Үүнийг хийхэд  санаачилга, зохион байгуулалт, түүнийг ажил хэрэг болгодог боловсон хүчин хэрэгтэй. Энэ бол манайд улсад үгүйлэгдэж байгаа бодлого гэдэгтэй олон хүн санал нийлэх биз ээ. Улс орнууд Засгийн газрын төвшиндөө  асуудлыг эергээр шийдсэн байдаг.   Солонгосын “Мерико” компани Засгийн газрынхаа бодлогоор хаагдсан уурхайнуудыг нөхөн сэргээж, аялал жуулчлалын бүс болгож хөгжүүлсэн байна. Заавал хууль дүрэм гэлгүй өөрсдийн бололцоонд тулгуурлан эдийн засгаа тэтгэж, түүгээрээ улс орон, бүс нутгаа хөгжүүлэх гарц байгааг олон улсын эдгээр жишээнээс харж болох юм.

Энэ удаад зохион байгуулж буй “Уурхайн хаалт-2015” хурлаар дээрх асуудлыг дэвшүүлж ярилцахаар төлөвлөсөн байна. Мэдээж нэг удаагийн хурлаар асуудлыг шийдэх боломжгүй. Тиймээс эхний удаад нэгдмэл үзэл ойлголттой болох нь чухал гэдгийг зохион байгуулагчид онцоллоо. Компанийн хувьд уурхайн хаалт хийхэд их хэмжээний зардал гарах мэтээр харагддаг. Гэвч цаашдаа эдийн засгийн үр өгөөжтэй байвал энэ нь зөвхөн зардал биш юм. Магадгүй дараагийн үйлдвэрлэл эсвэл бүтээгдэхүүний хөрөнгө оруулалт болох давуу тал байж болно. Гэтэл зарим компани нөхөн сэргээлт хийхгүй орхих тал манайд ажиглагддаг.

Уул уурхай маш баян салбар, мөнгөний урсгал ч их. Энэ хэрээр зардал ч мөн шаардана. Өнөөдрийн өөхнөөс маргаашийн уушиг гэлцдэг. Тэгэхээр одоо олох ашгаас илүү ирээдүйд юуг үлдээх вэ гэдгийг тунгаах хэрэгтэй. Түүнээс гадна уул уурхайн салбарт даатгалын тогтолцоог хөгжүүлбэл нөхөн сэргээлт асуудал биш хэмээн мэргэжилтнүүд хэлж байна. Дотоодын даатгалын салбарыг уул уурхайтай уялдуулан хөгжүүлэх нэг шийдэл байж болох юм.

 

Зууны мэдээ

М.Хүслэн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button