Байнгын хороод Засгийн газрын зарим гишүүдийг огцруулах саналыг хэлэлцэж дэмжлээ

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Монгол Улсын Засгийн газрын зарим гишүүдийг огцруулах тухай тогтоолын төслийг өчигдөр Улсын Их Хурлын даргад өргөн барьсан. Энэ үндсэн дээр МАН-аас нэр дэвшин Засгийн газрын гишүүнээр томилогдон ажиллаж байгаа нэр бүхий 6 сайдыг огцруулах саналыг Улсын Их Хурлын холбогдох байнгын хороодын өнөөдрийн хуралдаанаар /2015.08.06/ хэлэлцэж шийдвэрлэлээ.

Засгийн газрын зарим гишүүдийг огцруулах тухай тогтоолын төслийн талаар Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд С.Баярцогт холбогдох байнгын хороодын хуралдаанд танилцуулсан юм. Ардчилсан нам Монгол Ардын намын хооронд 2014 оны 12 дугаар сарын 9-ний өдөр байгуулсан Харилцан итгэлцэл, хамтын ажиллагааны гэрээний хэрэгжилтийг УИХ дахь Ардчилсан намын бүлэг болон Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөл “хангалтгүй” гэж дүгнэн, нэн даруй цуцлахаар шийдвэрлэсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтыг үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний үндсэн дээр МАН-аас нэр дэвшин Засгийн газрын гишүүнээр томилогдон ажиллаж байгаа нэр бүхий 6 сайдыг Монгол Улсын Засгийн газрын гишүүний үүрэгт ажлаас огцруулах саналыг тогтоолын төсөлд дурджээ.

                                   Эдийн засгийн байнгын хороо:

Тус байнгын хорооны хуралдаанаар Дамдины Цогтбаатарыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Барилга, хот байгуулалтын сайдын; Намхайн Төмөрхүүг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Зам, тээврийн сайдын үүрэгт ажлаас огцруулах саналыг хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийн 54.5 хувийн саналаар дэмжив.

Төсвийн байнгын хороо

Тус байнгын хорооны хуралдаанаар Жаргалтулгын Эрдэнэбатыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Сангийн сайдын үүрэгт ажлаас огцруулах саналыг хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийн 76.9 хувийн саналаар дэмжлээ.

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо:

Тус байнгын хорооны хуралдаан 10 цаг 50 минутад 63.2 хувийн ирцтэй эхэлж, Хөдөлмөрийн тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэж санал, дүгнэлт боловсруулах үүрэгтэй ажлын хэсэг байгуулах тухай байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэж, уг ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн А.Тлейханаар ахлуулан байгуулахаар болов.

Дараа нь Содномын Чинзоригийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хөдөлмөрийн сайдын үүрэг ажлаас огцруулах саналыг хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийн 84.6 хувийн саналаар дэмжсэн юм.

Төрийн байгуулалтын байнгын хороо:

Тус байнгын хорооны өнөөдрийн хуралдаан 11 цаг 44 минутад 57.9 хувийн ирцтэй эхэлж, Ухнаагийн Хүрэлсүхийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын Шадар сайдын үүрэгт ажлаас огцруулах саналыг хэлэлцэв. Энэ талаар Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд С.Баярцогтын хийсэн танилцуулгатай холбогдуулан байнгын хорооны гишүүд асуулт асууж, үг хэлсний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 80 хувь нь У.Хүрэлсүхийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын Шадар сайдын үүрэгт ажлаас огцруулахыг дэмжлээ гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button