С.Бямбацогт: Хамтран ажиллах тухай ой санамж ийм богинохон байсанд харамсал илэрхийлье

УИХ-ын нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын зарим гишүүдийг огцруулах асуудлыг хэлэлцэж байгаатай холбогдуулан УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт МАН-ын бүлгийн дүгнэлтийг уншиж танилцууллаа. 

Тэрээр,

МАН эдийн засгийн хүндрэлийг даван туулах, улс төр, нийгмийн тогтвортой байдлыг бий болгохын тулд АН-ын гуйлт хүсэлтийг хүлээн авч Засгийн газарт орж ажилласан. Энэ нь хямралыг биш тогтворжилтыг, эвдрэлийг биш зөвшилцлийг, бэрхшээлийг биш боломжийг, намын биш улс орны эрх ашгийг эрхэмлэсэн сонголт байлаа. Ийм сонголт хийхэд, түүнийгээ түмэн олондоо тайлбарлан таниулах, намын гишүүддээ ойлгуулахад амар хялбар байгаагүй ээ. Биднийг ийм сонголт хийхийг гуйж, намын Бага хурлын гишүүдэд учирлаж хүссэн захидал илгээж, бүлгийн хуралд суун зовлонгоо тоочиж, Засагт хамтрах шийдвэрийг алгаа тосон талархан хүлээж авч байсан АН-ынхан замын дундаас зангаа хувиргалаа. 2012 оны сонгуулийн өмнө хамтран ажиллаж байхдаа ч гэрээгээ дангаараа цуцалж Засгаа орхин гарсан. Өнөөдөр бас гэрээгээ дангаараа цуцлан Засгийн газраас гарахыг шаардлаа. 1996 онд АН-ынхан сонгогчидтойгоо гэрээ байгуулаад амласандаа хүрээгүйг ард түмэн бидэнд ойрын өдрүүдэд дахин санууллаа. АН-тай байгуулсан гэрээ, гэрээ биш гэдгийг олон түмэн ам дамжуулан ярьж байна. "Ханилж яваад нөхрөө, унаж яваад морио" гэдэг ардынхаа сургаалийг эргэцүүлэн дүгнэлт хийе.

МАН-ыг хамтарсан Засгийн газарт ороход хууль, шударга ёс уланд гишгэгдсэн, худал мэдээллээр бүхнийг халхавчилсан, эдийн засаг бүхэлдээ хямралын байдалд орсон, төрд итгэх ард түмний итгэл алдарсан, баялаг бүтээгчид, хөрөнгө оруулагчдыг хянах, цагдах ажил гаарсан байсан. Улс орон цаашид ийм замаар явах боломжгүй нөхцөл үүссэн байлаа. Үүнийг эрх баригч АН-ынхан Та бүхэн сайтар ойлгож, хүлээн зөвшөөрч зөвхөн зөвшилцөл л энэ байдлаас гарах арга зам гэж тодорхойлж байсныг эргэн нэг сануулъя. 

МАН өөрсдийгөө, намаа, сонгуулиа бодсон бол хамтарсан Засгийн газарт орохгүй байсан гэдгээ тодорхой илэрхийлсэн. Хариуцлагатай, туршлагатай, тулхтай улс төрийн хүчний хувьд хүнд хэцүү байдлаас хойш суух эрх бидэнд байгаагүй ээ.  

2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр АН-ын дарга З.Энхболд та манай намын бүлэгт мэдээлэл хийхдээ "АН өнгөрсөн хоёр жил алдаа хийжээ. Н.Алтанхуягийн үйл ажиллагаа буруу байжээ гэдэг дүгнэлт хийгээд Энхболд гэдэг хүнийг гаргаж ирж байна. Хамтарч ажиллах тал руугаа явж магадгүй гэж л намайг сонгож байна шүү дээ. Би бол хамтраад явъя гэж байгаа юм. Үүнээс өөр зам харагдахгүй байна" хэмээн МАН-ыг засагт орохыг урьсан. Гэтэл АН-ын дарга З.Энхболд та 9 сарын өмнө ингэж хэлж байсныхаа яг эсрэг ажиллаж эхэллээ. "Хамтарч ажиллахаас өөр зам харагдахгүй байна" хэмээн учирлан гуйж байснаа мартаад "Хамтарч ажиллахаас татгалзаж байна" хэмээн сүржин мэдэгдэл хийх боллоо. Улс эх орныхоо эрх ашгийн төлөө хамтран ажиллах тухай таны ой санамж ийм богинохон байсанд харамсал илэрхийлье гэв.

Г.Уянга

Olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button