Ё.Отгонбаяр: Жинхэнэ уймраа хүн бол З.Энхболд та

УИХ-ын чуулганы хуралдаан нэлээд ширүүхэн болж байна. Хэлэлцүүлгийн үеэр Д.Лүндээжанцан гишүүн “Сүүлийн үед МАН-ынхан сандал ширээтэйгээ зууралдлаа гэх пиарыг их явуулж байна л даа. Энэ чинь галав юулэх биш шүү дээ. АН-ын Гүйцэтгэх зөвлөл УИХ-ын бүтцийн байгууллагад үүрэг өгч байх жишээтэй. Ерөнхийлөгч сайд нарыг огцруулахыг дэмжихгүй байгаагаа илэрхийлсэн. Гэтэл өргөн мэдүүлээгүй байхад эл асуудлыг зарлаж байх жишээтэй. Үндэслэл нь юу вэ гэхээр АН, МАН гэрээгээ биелүүлээгүй учраас гэж байгаа. Энэ гэрээнд биелсэн ч юм байна, биелүүлээгүй ч юм байна. Ардчилсан намаас болсон нь бүр их байна. Тиймээс хариуцлагаа хамтдаа үүрэх ёстой. Хэрэв гэрээнийхээ заалтуудыг адилхан биелүүлээгүй бол АН ямар хариуцлага хүлээх ёстой вэ. Миний хувьд АН, МАН засгаас хоёулаа гарах ёстой.” хэмээн саналаа илэрхийлсэн юм.
Гэтэл УИХ-ын дарга З.Энхболд “Д.Лүндээжанцан гишүүнийг уймраа юм ярьж байна” гэсэн юм. Үүнийг сонссон Ё.Отгонбаяр гишүүн “ Манай нам сөрөг хүчнээрээ үлдэх ёстой гэж үзэж байсан хүн л дээ. Нэг хэсгийгээ дарамталдаг, иргэдээ барьж хорьсон, ичих айхаа мэддэггүй байдал бий боллоо. Цаашдаа эдийн засаг улам сайжирна гэж ойлгож болох уу. Таны засгийн газар АН, МАН гэж хоёр хөлтэй Засгийн газар байсан. Өнөөдөр нэг хөлөө тайраад сууж байна. Энэ чинь улстөрийн тогтвортой байдал бий болгоно. Улс төрийн тогтворгүй байдал эдийн засгийн тогтворгүй байдал бий болно. Ерөнхий сайд аа, таны үг үг биш боллоо. Нэг гоё үг хэлээд ам руугаа алгадуулж байдаг. Таны шийдлийг шийдэл биш гэж үзэхэд хэцүү байна. Та хэзээ болтол морь унасан толгойгүй хүн шиг явах вэ. Хөрөнгө оруулагчид зугатах процесс үргэжлээд байна шүү дээ. Хоёр том нам нийлсэн юм бол улс төр нь тогтвортой, бид хөрөнгө хийж болох нь гэж хөрөнгө оруулагчид хэлж байсан. Баяраа өөрөө уначихсан юм ш тээ гэгчээр та нар Тавантолгойг унагасан, өөр бусад хуулиудаа ч унагасан. Өөрсдөө халтирч уначихаад битгий ингэж ярьж бай. УИХ-ын даргаа танд хандаж хэлэхэд, та настай хүнийг уймраа энэ тэр гэж хэлж болохгүй. Та есөн сарын өмнө манай бүлэг дээр юу гэж ярилаа. Та өөрөө л жинхэнэ уймраа хүн байна” хэмээн өмөөрөв. Үүний хариуд УИХ-ын дарга эрхийнхээ дагуу микрофоныг нь хаагаад, "Чиний ярьж байгаа юм чинь таалагдахгүй байна" гэв.
Хэлэлцүүлэг үргэлжилсээр.
Olloo.mn