Өршөөл үзүүлэх хууль батлагдвал хэнд үйлчлэх вэ

УИХ-ын гишүүн Л.Цог, Д.Ганбат, Б.Бат-Эрдэнэ, Ц.Оюунбаатар нар Өршөөл үзүүлэх тухай хуулийн төслийг өдгөөгөөс хоёр жилийн өмнө буюу 2013 онд  УИХ-ын дэд дарга Р.Гончигдоржид өргөн барьж байсан удаатай. Гэвч бүхэн бүтэн хоёр ажил хав дарагдаж, хэлэлцэхээс хэтрэхгүй байсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн төслийг гэнэт л хаврын ээлжит бус чуулганаар хэлэлцэхээр гаргаж ирсэн нь учиртай биз. Гэхдээ цг хуулийг хэлэлцэхгүй, хоног хугацаа алдсаны учир нь МАН-ынхантай холбоотой гэх.  МАН-ын эл хууль батлагдвал, МАХН-ын дарга Н.Энхбаярыг өршөөчих болов уу, гэсэн айдастай байсан учир хуулийн төслийг хэлэлцэхийг гацааж байсан гэлцэх. Гэтэл эл хуулийг хэлэлцэх,  МАН-ын зургаан сайд засгаас гарах зэрэг үйл явцыг харахад эл хуульд ихэд учир начир бий бололтой. 

 

​Өршөөлийн тухай хуулийг хаалттай хэлэлцэхийн учир юу вэ

Мэдээж, хуулийн төсөлд авууштай, нийгэм масст хамаатай зүйл заалтууд байгаа ч гэлээ энэ хуулиар далимдуулж хэсэг бүлэг эрх мэдэлтнүүд ялаас мултрах гэсэн оролдлого биеллээ олж болох талаар хэлэх хүн олон. 

Тэгэхээр бас л “Но” той хууль мэт. 

Учир нь ээлжит бус чуулганаар уг хуулийн төслийг хаалттай хэлэлцэж буй. Тэгэхээр эл хуультай холбоотойгоор гишүүд ямар санал хэлж, хуралдааны уур амьсгал ямархуу болж байна гэдгийг иргэд мэдэхгүй өнгөрнө гэсэн үг. Үнэхээр энэ хууль өргөн нийтэд зориулагдсан ганц удаагийн өршөөл үзүүлэх тухай хууль юм бол ингэж хаалттай хэлэлцэх шаардлага байсан гэж үү. Ер нь бол баймгүй мэт. Тэгэхээр энэхүү “Но”-той хуулийн зарим нэг заалтаар бусдын анхаарлыг татахгүй гэсэндээ хаалттай хэлэлцэж байгаа гэвэл худал хэлсэн болохгүй байх.

Энгийн иргэдэд ч эрх мэдэлтнүүд ч хамаатай 

Хуулийн төсөлд хөнгөн, хүндэвтэр, хүнд гэмт хэрэг үйлдэж анх удаа хорих ял шийтгүүлсэн, 18 насанд хүрээгүй хүүхэдтэй эмэгтэйчүүд, жирэмсэн эмэгтэйчүүд, хөдөлмөрийн чадвараа 70 ба түүнээс дээш хувиар алдаж тахир дутуу болсон хүмүүс, насанд хүрээгүй байхдаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг хүмүүсийг эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялаас өршөөн хэлтрүүлэхээр тусгажээ.   

Хуулийн төслийн 9.1.6-д заасан зарим төрлийн гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийг өршөөлд үл хамруулахаар заасан бөгөөд энэхүү заалт нь насанд хүрээгүй хүмүүст хамаарахгүй байхаар тусгасан байна. 

Хуулийн төслийн 6 дугаар зүйлд хүнд гэмт хэрэгт анх удаа 3-аас дээш жилийн хорих ял шийтгүүлсэн бол хорих ялын хугацааг харгалзан эдлээгүй үлдсэн ялын 50 хувийг өршөөн хасахаар тусгажээ.

Мөн хуулийн төслийн 7 дугаар зүйлд хэрэг бүртгэх, мөрдөн байцаах болон шүүхээр хянан хэлэлцэх шатанд байгаа хөнгөн, хүндэвтэр, зарим хүнд гэмт хэргийн ангилалд хамаарах эрүүгийн хэргийг тус тус хэрэгсэхгүй болгохоор тусгасан байна. Хүнд гэмт хэрэг үйлдсэн ч 3-аас дээш жилийн хорих ялаар шийтгүүлсэн бол өршөөгдөнө гэжээ.

Өршөөлийн тухай хуулиар хууль хэрэгжиж эхэлснээс өмнө хэрэг үйлдсэн бүх хүмүүст энэхүү хууль хэрэгжиж эхэлнэ гэж тусгасан боловч зарим тохиолдолд өршөөлийн  хуулиар өршөөн хэлтрүүлэхгүй заалтууд бий. Үүний нэг нь тухайн ялтан хохирогчдод учруулсан хохирлоо заавал барагдуулсан байх ёстой гэж заажээ. Хэрэв хохирлоо барагдуулаагүй бол ялаа гүйцэд эдлэх юм байна. Их, бага хэмжээгээр бусдын эд хөрөнгийг залилсан иргэд мөрдөн байцаалт, хэрэг бүртгэл, шүүх дээр ял шийтгэл хүлээсэн нөхцөлд хохирлоо заавал төлсөн байх ёстой аж.

Тэгэхээр энэ зүйл заалтын хүрээнд зарим нэг дарга нар нуусан хөрөнгөө ил болгож зарласнаар өршөөлд хамрагдах бололцоо үүсэх боломж байгааг илтгэнэ. Хэрэв ял эдэлж буй бага алтан албан тушаалтнууд хохирлоо барагдуулчихвал ялаас мултрах боломж бүрдэх. Үүнд нь өнөөдөр УИХ-ын чуулганаар хэлэлцэж буй Эдийн засгийн ил тод байдлын туххай хууль ихээхэн түшиц болох бололтой.

Үүнээс гадна уг төслийн хувьцааны арилжаатай холбоотой заалтууд ч зарим гишүүдийн анхаарлыг татаад эхэлжээ.

Ялангуяа Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль дээр авилгалын шинж чанартай асуудлаа ил тод болгосон тохиолдолд өршөөнө гэсэн заалт явж байгааг зарим гишүүд хэлж байна. Тэгэхээр эл хуулийн төслийг чуулганаар хэдий хаалттай хэлэлцэж байгаа ч хуулийн талаарх дүр зураг олон нийтэд “буугаад эхэллээ”.

 

Эл хуулийг батлахыг хүсэгчид хэн бэ

Таамаг ёсоор бол экс Ерөнхийлөгч Н.Энхбаяраас эхлээд улсын хөрөнгө шамшигдуулсан тендерийн асуудалтай Н.Түмэндэмбэрэл, өөр бусад татварын асуудалтай бас эдийн засгийн гэмт хэрэгтэн гэх цолыг зүүсэн бага ялтай албан тушаалтнууд ч  хохирлоо барагдуулчихвал эл хуулийн хүрээнд суллагдах магадлал өндөр байна. Мөн одоо хэрэг нь шалгагдаж байгаа А.Гансүх гэх мэтийн хүмүүсийн хэрэг ч хэрэгсэхгүй болох магадлалтай гэсэн хардлага байна. 

Массаар нь авч үзвэл, Эрүүгийн өршөөлийн хууль батлагдсанаар ял эдэлж байгаа 1600-2000 хүн суллагдах боломжтой болох бөгөөд 4000 хүнд энэ хуульд огт хамрагдахгүй үлдэхээр байгаа ажээ. Улмаар эл хуулийн хүрээнд хэргээ хэрэгсэхгүй болгосон зарим нэг улс төрчийн замнал ирэх жилийн сонгуультай холбогдож мэдэх юм.

 

Өршөөлийн ашиг тус ба муу нөлөө

Гэхдээ тоо баримт дурдвал, Монгол Улсад 2009 оноос хойш Өршөөлийн тухай хууль батлагдаж гараагүй аж. Манайд мөрдөгдөж буй Эрүүгийн хуулиудыг чанга байна хэмээн шүүмжилдэг. Өнөөдрийн байдлаар Монголд 7000 гаруй хоригдол байгаа. Тэдний 3000 орчим нь хүндэвтэр, үлдсэн нь бусад төрлийн буюу заавал нийгмээс тусгаарлах шаардлагагүй хүмүүс байна. Монгол Улсын төсвөөс жилд 12 тэрбум төгрөгийг хоригдлуудын зардалд өгдөг. өөрөөр хэлбэл, нэг ялтанд өдрийн 10650 төгрөгийн зардлыг төрөөс гаргадаг. Жилд нэг ялтанд 200 мянган төгрөгийн хувцас тараадаг байна. Тэгэхээр Өршөөлийн хуулийн хүрээнд  1600-2000 хүн суллагдана хэмээн тооцвол улсын ачаа, төсөвт тусах хүндрэл бас багасах төлөв ажиглагдаж байна. 

Ер нь манай улсад зургаан удаагийн өршөөлийн хуулиар 7000 гаруй хүн суллагдсан байдаг. Эдгээрээс 400 орчим нь дахин хэрэг хийж хорих ял гэсэн тоо баримт бий. Тиймээс өршөөлийн хууль хэрэглээ гэхэд гарах дараагийн үр дагаврыг хамгаас түрүүнд тооцох л хэрэгтэй байгаа юм даа. 

Г.Уянга 

olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button