Чамлалттай цалин, өндөр хариуцлагын ард…

Наадам дууслаа, найман cap гарлаа. Бага насны хүүхэдтэй хүн бүр хүүхдээ хэнээр харуулах, цэцэрлэгт хэрхэн бүртгүүлэх, ажлаа тайван хийх ямар боломж байгааг эрэлхийлдэг. Гэвч найман сард цэцэрлэг тойрон эргэлдэх эцэг эхчүүд дараалал үүсгэн гадаа хонон өнжиж дугаарлах үзэгдэл жил бүр давтагдсаар байна.

 

Үнэндээ улсын хэмжээнд 2-5 насны 228.0 мянган хүүхэд (нийт хүн амын 7.4 хувь) байгаагаас 56.0 мянган хүүхэд сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд хамрагдаж чадахгүй байгаа гэсэн судалгааг аль таван жилийн өмнө гаргасан байдаг. Тэдгээр хүүхдүүдийн найман хувь нь нэгээс дээш цагаар гэртээ ганцаараа үлдэж, эсвэл 10 хүртэлх насны хүүхдээр харуулж үлдээсэн байна. Осол гэмтэлд өртсөн 2-4 насны хүүхдүүдийн 60.9 хувь нь гэртээ унаж, гэмтэх, түлэгдэх байдлаар гэмтсэн байдаг бол асран харах, хараа хяналтын гадуур байгаагаас cap бүр 15 хүүхэд амиа алдаж байгаа харамсалтай баримт байна.

 

Тиймээс сүүлийн гурван жилийн хугацаанд ярьж хэлэлцсээр “Хүүхэд харах үйлчилгээний тухай” хуулийг энэ оны долдугаар сарын 3-нд УИХ-аас батлан гаргасан билээ. Энэхүү хууль нь есдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэхээр болсон. Гэвч хууль төрөхийн өмнө, хэрэгжиж эхлэхийн өмнө яригдаж байсан олон асуултад эцэг эхчүүд хариулт нэхэж байна.

 

ХЭН ЯМАР ҮҮРЭГ, ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХ ВЭ?

 

Энэ талаар хуулинд тодорхой заасан байгаа. БСШУЯ, Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын яам, сум дүүргүүдийн Засаг дарга нар, аймаг дүүргийн боловсролын газар, хүүхэд харах үйлчилгээ эрхлэгч, эцэг эх гээд бүгд тодорхой үүрэг, хариуцлага хүлээх ёстой. Хүүхэд харах асрах, хооллох тоглуулах, хүмүүжүүлэх, хөгжүүлэх үүрэг бүхий энэхүү үйлчилгээг 18- 65 насны эрүүл саруул, сургалтад хамрагдаж гэрчилгээ авсан Монгол Улсын иргэн эрхэлж болно. Гэхдээ томчуудын хараа хяналт хайр халамж асаргаа сувилгаа хамгийн чухал бага насны хүүхдүүдээ даатган үлдээх хүмүүсийг хэрхэн сонгон шалгаруулж, хяналт тавих вэ гэдэг дээр эцэг эхчүүд санаа зовниж буй.

 

Уг нь цэцэрлэгийн багш нарыг дөрвөн жилийн сургалтаар бэлдэж гаргадаг. Харин одоо хүүхэд харах үйлчилгээг эрхлэх хүсэлтэй хэн ч тав хоногийн сургалтад суугаад энэ ажлыг хийж болохоор байгаа нь зарим талаар дэндүү эрсдэлтэй байна. Энэ сургалтыг аймаг дүүргийн боловсролын газар хөтөлбөрийг нь боловсруулж явуулах юм байна. Өөрийн хүүхдээ хайрлаж зөв өсгөн хүмүүжүүлж чаддаггүй хүмүүс хүний хүүхдэд хэрхэн яаж хандах бол. Гэхдээ энэ асуудалд эцэг, эхчүүд хариуцлагатай хандаж хүүхдээ харуулах хүнээ сайтар судалж, сонгон харилцан тохирсон яриа хөөрөө, гэрээ хийх эрх бий.

 

Хүүхэд харах үйлчилгээ эрхлэхийг хүсвэл эцэг эхтэй нь тохиролцож хүсэлт гаргуулаад, саналаа аймаг, дүүрэгтээ гаргасны дагуу газар дээр нь очиж, нөхцөл байдалтай нь танилцаж аймаг, дүүргийн Засаг дарга Засгийн газраас баталсан журамд заасан шаардлагыг хангасан байвал зөвшөөрөл өгнө гэж байгаа. Харин хүүхэд байлгахад шаардлагатай орчин нөхцлийг бүрдүүлэх нь хамгайн чухал шалгуур.

 

660 МЯНГЫГ САРД ХҮРГЭХ БОЛОМЖ БИЙ ЮУ?

 

Хүүхэд харах байранд хүн амьдардаггүй байх хамгийн эхний шалгуур. Тэгэхээр хувийн юмуу хөлсний байр хэрэгтэй болно. Тэр байраа цэцэрлэгийн шаардлага хангахаар тохижуулж, хангалттай гэрэлтүүлэгтэй, агааржуулалттай, дулаан байхаас эхлээд амь нас эрүүл мэндэд нь эрсдэлгүй байх, хүмүүжил сэтгэхүй зан харилцаанд нөлөөлөхгүй байх ёстой.

 

Амрах, тоглох, гар угаах бие засах газартай, гал тогоо нь тусдаа байх зэрэг шалгуурыг тавина. Ийм байранд 5-6 хүүхэд хараад сард улсаас 660 мянган төгрөг авч хоол, ундаа зохицуулаад өөрийгөө цалинжуулна гэхээр чанга сонсогдож байгаа юм. Өглөө, өдөр хоёр удаагийн халуун хоол, үдээс өмнө, хойно хоёр удаагийн цайны үйлчилгээ үзүүлэх ёстой. Ямар ч хүн мөнгө олж өөрийгөө гэр бүлээ тэжээх гэж ажил хийдэг. Тэгэхээр аль болох ахиу цалин авахыг, илүү мөнгө гаргахыг бодно. Хүүхдийн хоол, цайны чанарт нөлөөлөх хангалттай шалтгаан болох юм шиг хар буух юм. Хүүхэд харах үйлчилгээний хүүхдийн хоолны үндсэн шимт бодис, илчлэгийн хэмжээ, хоолны орц нь бусад цэцэрлэгтэй адилхан байх ёстойг хуульчилсан. Гэвч төрөөс өгч байгаа мөнгө энэ бүхэнд хүрэх үү гэдэг асуудал.

 

Хүүхэд харах үйлчилгээний санхүүжилтийн төрөөс үзүүлэх дэмжлэг нь цэцэрлэгийн хүүхдэд олгодог хувьсах болон хоолны зардал юм. Харин халаалт, цахилгааны зардлын тухайн хүүхдэд ногдох хэсгийг эцэг, эх хариуцах бөгөөд сард 12100 төгрөг байхаар тооцжээ. Тиймээс энэ мөнгийг эцэг эх, асран хамгаалагчийн сайн дурын үндсэн дээр үзүүлэх нэмэлт төлбөр гэж ойлгож болох юм байна.

 

Мөн хүүхдийн сэтгэхүй бие бялдарын хөгжилд хэрэгтэй нэмэлт хичээл сургалт явуулах бол эцэг эхтэй тохирч төлбөр авч болно. Гэхдээ хүүхэд харах үйлчилгээ эрхлэгч эцэг эхчүүдээс өөрийн зоргоор төлбөр нэхэж болохгүй, төлбөрийн дээд хэмжээг төрөөс тогтоож өгөхийг “Хүүхэд харах үйлчилгээний тухай” хуулийн 10.2 заалтад тодорхой заасан байна. Мэдээж төрөөс санхүүжилт авахгүйгээр эцэг эхтэй тохиролцон хүүхэд харах үйлчилгээг эрхэлж болохыг ч тусгажээ.

 

ХҮҮХДЭЭ ХАРАХ УУ, АЖИЛ ХИЙХ ҮҮ ГЭДЭГ СОНГОЛТООС ТАТГАЛЗЪЯ

 

Энэ үйлчилгээнд сайн, муу тал харагдаж байна. Гэвч цэцэрлэг барьж өгөхийг хүлээх юм бол багадаа дахин дөрвөн жил хэрэгтэйг мэргэжилтнүүд хэлж байна. Нийслэлд цэцэрлэг барих газар олдохгүй,энэ асуудлыг шийдвэрлэж чадахгүй хугацаа алдсаар байгаагаас өнөөдрийн байдлаар нийслэлийн 45 хороо огт цэцэрлэггүй байна. Түүгээр ч барахгүй одоо ашиглагдаж байгаа 161 цэцэрлэгийн хүчин чадлын 22 хувийг ашиглах боломжгүй болж буй учраас хүүхдүүд гэртээ цоожтой үлдсээр байх нь.

 

Энэ хууль амьдралд хэрэгжиж эхэлбэл хүүхдээ хараад гэртээ суудаг 31413 ээжид ажил олдож, цоожтой хаалганы цаана үлддэг бяцхан үрс аюулгүй өсч бойжно. Мөн гэртээ цоожлогдоод үлдсэн хүүхдэдээ сэтгэл зовнин өдөржин цагаа харж суудаг эцэг, эхчүүд тайван ажлаа хийх нөхцөл бүрдэнэ гээд олон сайн талыг олж харж болно. Хүн болгон адилгүй гэдэг. Гэхдээ л ээж болгонд хүүхдээ хүмүүжүүлэх хатан ухаан бий. Харин бусдын хүүхэд гэсэн сэтгэлээр хандах нь цөөн байгаасай.

 

Уг нь байгууллага бүр дэргэдээ ажилчдын хүүхдүүдээ авдаг цэцэрлэгтэй бол эцэг эхчүүдийн ачаа хөнгөрнө. Нийгмийн асуудлаа шийдэж чадсан өндөр хөгжилтэй олон оронд байгууллагууд нь ажлын байрныхаа дэргэд цэцэрлэгтэй байдаг юм билээ. Өглөө хүүхдээ хөтөлж ирээд цэцэрлэгт нь оруулна, өдөр орж хөхүүлж, хооллож болно. Ажлаа тараад хүүхдээ аваад харина. Амар л амьдрал. Норвеги зэрэг зарим оронд парламент нь доороо цэцэрлэгтэй, эмэгтэй гишүүд нь өрөөндөө хүүхдийн өрөөтэй байх жишээтэй. Энэ бол бидний хүрэхийг зорих сайн жишээнүүд юм. Өнөөдөр бид хүний наад захын хэрэгцээ болох үр хүүхдээ осол эндэлгүй өсгөхийн тулд зовох биш оюун ухаан бие бялдар авьяас чадварт нь анхаардаг болох ёстой. Үүний тулд л хүүхэд харах үйлчилгээг улам боловсронгуй болгох хэрэгтэй юм.

 

Зууны мэдээ

Х.Монголхатан

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button