Халх голд чөлөөт бүс байгуулах нь зөв үү

Монгол орны зүүн хязгаар Халхголд үр хөдөө аж ахуйн чөлөөт бүс байгуулахаар салбар яам ажиллаж байгаа. УИХ-ын хаврын чуулганаар хуулийн төслийг өргөн барьж хэлэлцүүлсэн. Тэгвэл энэ үеэр ХАА-н мэргэжилтэй гишүүд чөлөөт бүс байгуулахыг эрс эсэргүүцэж байсан юм. Гэвч хууль санаачлагчид энд чөлөөт бүс байгуулах нь эдийн засгийн  болоод бусад олон талын ач холбогдолтой гэдгийг хэлж байлаа. Тэгвэл энэ асуудлаар хэн хэн ямар байр суурь илэрхийлснийг хүргэж байна. 

УИХ-ын гишүүн  Д.Лүндээжанцан: “1990 оны дөрөвдүгээр сард би Халх голд очсон юм. Тэгэхэд Хүчит гэдэг хүнтэй Атрын таван сангийн аж ахуй байгуулах хуралт дээр таарсан. Түүхийн үүц болсон Халх голыг хагалж болохгүй гэдэг байр сууриа илэрхийлж байсан. Энэ бол үргэлжийн бодолд явсаар ирсэн. Одоо тэр цаг нь болж уу гэвэл үр тарианы чиглэлийн газар хагалж болохгүй гэдэг саналтай байна. Харин төмс, хүнсний ногоо, жимсний  зориулалтаар хагалаад “Халх гол” чөлөөт бүс байгуулах чиглэлээр бол ажиллаж болох юм. Энэ асуудал бүр 25 жилийн өмнө яригдаж байсан асуудал. Чөлөөт бүс хэлбэрээр ашиглаж болно. Харин үр тарианы чиглэлээр ашиглавал экологи, ан амьтан, түүх соёлын хувьд эрсдэлтэй. Үүнийг байнгын хорооны дарга юу гэж бодож байна вэ” гэсэн юм.

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун: "Хөдөө аж ахуйн салбар бидэнд маш чухал. Иймд ДХБ-аас тогтоосон хүнсний импортын гаалийн татвар дээд тал нь 20 хувь байна гэсэнд бид тулгах ёстой. Импортлогчид 20 хувийн татвар төлөх нь зөв. Халх голд Монголын хаана ч байхгүйгээр хамгийн их өвс ургадаг газар. Энд чөлөөт бүс байгуулахыг дэмжинэ. Гэхдээ Мэнэнгийн тал тэр чигээрээ багтах ёсгүй шүү. Би тэнд насаараа ажилласан хүн. Энэ бүсэд Буйр нуурын нөлөө их. Маш их шүүдэр буудаг. Тэнд газар тариалан эрхлэх гээд үнэнд гүйцэгдсэн ААН-үүд бий.

УИХ-ын гишүүн Су.Батболд "Бид хэдийгээр том газар нутагтай ч тариалангийн бүс багатай. Миний бодлоор бид төвийн бүсээ газар тариаланд бүрэн дүүрэн ашигласны дараа л Халх гол руу орох нь зөв. Би байнгын хорооны даргын хувьд энэ төслийг нэгдсэн чуулганы танхим руу оруулахгүй байж болох байсан ч Монголд төр байна уу гэдэг эргэлзээтэй боллоо. Бид энд Халх голын тал газрыг ирээдүйдээ нөөцөлнө гээд шийдсэн байхад Аймгийн засаг дарга нь дур мэдэн 20000 га хагалуулчихсан. Тэгээд ч 500 000 гатай чөлөөт бүс гэж байхгүй.Шаардлагатай гэж үзвэл энэ төслийг буцаана. ААН-үүд Халх гол руу шуналын нүдээр харж байна. Дорнодын засаг даргад хариуцлага тооцох ёстой. Тэр хүнд хэн зөвшөөрөл өгөв"     

ХХАА-н сайд Р.Бурмаа: Халх голын хөрс эмзэг учраас ойн зурвас байгуулах, стандартын дагуу төлөвлөлт хийх гээд энэ бүх шаардлага тавигдана. Зоргоороо хэдэн мянган га газрыг хагалах зөвшөөрөл өгөхгүй ээ. Хөрөнгө оруулалтын тал дээр Чөлөөт бүсийн хуулийн дагуу 300 мянган доллараас дээш хөрөнгө оруулалтыг чөлөөт бүсийн хөрөнгө оруулалт гэнэ гэж тусгаж өгсөн. ТЭЗҮ-ийн хувьд Дэлхийн банктай яриа, хэлэлцээр хийж хөнгөлөлттэй зээлийн асуудлыг ярьж байгаа. Дээр нь Солонгос, Хятадтай ярьж байна. Мал нядалгаа, хорио цээрийг лаборатори хийхээр ч ярьж байна.

УИХ-ын чуулганы  танхимд гишүүд ийм байр суурь илэрхийлж байсан бол энэ салбарын мэргэжилтнүүд ямар байр суурьтай байгаа талаар Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны академийн академич Ж.Мижиддоржоос зарим асуултад хариулт авлаа. 

-Халх голын орчимд ХАА-н чөлөөт бүс байгуулахын ач холбогдол юу вэ?

-Олон талын ач холбогдолтой. Нийгэм, эдийн засгийн хувьд гэвэл бүс, орон нутгийн нийгэм эдийн засгийн хөгжлийг хурдасгах эрчимжүүлэх, шинжлэх ухааны багтаамж ихтэй ХАА-н бүтээгдэхүүнийг эдийн засгийн эргэлтэд оруулах, мөн ур чадвар, мэдлэгийн санг бүрдүүлж улмаар инновацийн нөөц бий болгох, өндөр технологи инновацийн үйл ажиллагааг дагнан явуулах компани үйлдвэрлэгчид бий болох. Түүнийгээ бүтээгдэхүүн болгох, экспортлох, өөрөөр хэлбэл олон улсын төвшинд мэдлэг шингэсэн ХАА-н бүтээгдэхүүн үйлдвэрлэлээр танигдах юм. Харин төрийн бодлогын хувьд гадаадын хөрөнгө оруулалт, өндөр технологи, үйлчилгээ нэвтрүүлэх, өндөр мэргэшсэн хүмүүст шинэ ажлын байр бий болгох зэрэг болно. Харин хөрөнгө оруулагчдын хувьд үйлдвэрлэлийг хэрэглэгчдэд ойртуулах, импорт, экспортын гаалийн татварыг тогтвортой багасгах, дэд бүтцийг хөгжүүлэх, хямд ажиллах хүчин ашиглах гээд олон зүйл бий.

-Тус бүс нутгийн газрын хөрс шимгүй гэх зүйлийг хэлэх хүн байгаа?

-Энэ бүс нутаг үржил шим сайтай хөрс, бэлчээртэй, ХАА-д тохиромжтой уур амьсгалтай, инновацилах чадвар султай ч ажиллаж амьдрах хүсэл тэмүүлэл, дадлага туршлагатай хүмүүсийн нөөц хэвээр байгаа учраас, хөдөө аж ахуй үр ашигтай, тогтвортой хөгжих нөхцөлийг нь чөлөөт бүс хэлбэрээр бүрдүүлээд өгөх шаардлагатай байгаа юм. Мөн гадаад зах зээлд ойрхон тул импорт болон экспортыг богино хугацаанд бага зардлаар хийх боломжтой зэрэг олон зүйлийг дурдаж болох юм.

Б.Сансар
olloo.mn
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button