Үд дундад гуниг царцана

/Олон улсын аавуудын өдөрт зориулав/

Хариултыг нь олох гэж шаналдаг олон бодролын дундуур хага зүсэн орж ирсэн нь “ААВ” гэх гуравхан үсэгтэй, гүн утгатай үг байлаа. Миний хувьд бол түмэн шархтай, төсөөлшгүй хол хөндий зүйл л дээ. 

Хэн нэгэн “Хайрт аав” гэдэг дугаараас хэзээ ч дуудлага хүлээн авч үзээгүй гэж санаашрангуй хэлэхийг олонтаа сонссон. Тэдний дэргэд би аавтай хүн шиг л толгой хаялдаг. Гэвч… 

Охид ихэвчлэн “Аав аа” гэж хэлд ордог доо. Харин энэ үг миний үгсийн санд анхнаасаа л байгаагүй. Яагаад гэж үү? Ард ханхайдаг хайрхан шиг, хажуугаас түшдэг өвгөн царс шиг, хальтрахад харц нь гэмшдэг, өндийгөөд босоход сэтгэлээрээ тулдаг, тэр нөмөр нөөлөг анхнаасаа л миний дэргэд байгаагүй юм. Өргөсөн эхийгээ “ээж” гэж дууддаг хэрнээ эцгийгээ “аав” гэж дуудаагүй, хачирхалтай юм шүү. 

Олон охид аавдаа гомдож шаналахыг, ааваасаа болж уйлахыг, аавыгаа хайж гансрахыг, аавгүйгээсээ болж шархлахыг харсан. Тэдний гуниг сэтгэл дундуур шалбааг үсчүүлэн туучиж, “ХҮҮХДЭЭРЭЭ Л ҮХЭХСЭН” гэдэг мөнхийн хүслийг минь шавартай хутгаж орхидог байлаа. Гэвч өнөөх тунгалаг хоёр болор гэнэгүй инээмсэглэсээр л…

Өргөсөн эх минь намайг “Сайхан нүдтэй…” хэмээн өхөөрддөгсөн. Зовлон шаналал, энэлэн хайлан гэдгийг огт мэдэхгүй мэт инээмхийлсээр байдаг тунгалаг болорт тэр өөрийгөө олж хараад тийн баясдаг байсан юм болов уу. Өргөсөн эцэг минь харин “Айхтар нүдтэй…” гэж тодотгоно. Энэлэн хайлж, шаналан гашуудах хийгээд орь дуу тавин бачуурах олныг огт анзаараагүй мэт хэмнэлээ алдалгүй мэлтэлзэж, хэнэггүй гөлрөгч гүн хар цүнхээлд нь живж үхмээр санагддаг байсан байх даа… 

Живж үхмээр… Тийм ээ, орчлон хүртэл ой гутам, бурхад хүртэл уулга алдам үйл явдлуудад гэнэдэж өгдөггүй гүн хар цүнхээлд минь “ААВ” живчихсэн юм. Яаж гэж үү?

Тэвэрт нь эрхлэх нь бүү хэл, нэрийг нь ч сонсоогүй, бүр аавтай юу, үгүй юу гэдгээ ч мэдэхгүй “бачим” тавиланд бага нас минь өнгөрсөн. Өргөсөн нь эцгийн хайр, эхийн элбэрэлийг харамгүй өргөдөг байсан учир айлын хүүхдүүд аавгүй гэдгийг минь анзаардаггүй л байж дээ. “ААВ” гэж дуудах нь бүү хэл, тийм хүний дүрийг зүүдэндээ ч төсөөлж чаддаггүй байлаа. Тиймээс ч ээжийн, ажаагийн, өвөө, эмээгийн, ах, дүүгийн, найзын хайр гэж байдгаас “ААВЫН ХАЙР” гэж анги тусдаа зүйл бий гэж зэрвэс ч бодож байсангүй. 

Хүн бүрт ариун нандин сонсогддог “аав” гэдэг үг аавгүй хүүхдүүдийн сэтгэлд хэрхэн сэвх нүүлгэдгийг та мэдэх үү? Харин миний хувьд тэр өдрийг хүртэл сэтгэлээ ганц ч сэвхгүй цэвэр ариухнаар нь хадгалсаар байсан юм. Цэлмэг тэнгэрт мишээж байсан наран гэнэт хөмсөг зангидан, бараан үүлсээр нүүрээ халхлах мэт гэнэтийн учрал тохиох мөчийг хүртэл… 

Аравдугаар ангиа төгсөж, амьдралын их далайд хийх уртын урт аялалдаа гарахаар хөөрөн догдолж байсан үе юмсан. Гэмгүй цагаан инээд минь шувуудын дуунаас ч уянгатай байсан гэж мөрийцөхөд ч бэлэн байна. Ертөнцийн бүх гунигийг ч ариусгаж чадахаар тийм гэмгүй цагаан инээд юм шүү дээ. Гэтэл амьдралаас минь алс хөндий, зүрх сэтгэлд наалдацгүй “ААВ” гэх үг хайрлан нандигнагч сэвгүй цагаан инээдийг минь түрэмгий хар өнгөөр арилжаад авчихсан юм. Ердөө л ганцхан үг шүү дээ, гэвч амаар байтугай сэтгэлд ч багтамгүй ТОМ… 

“Арилжихгүй байж болоогүй юм уу?” гэж ам асуумаар байна уу. Зүүдэндээ ч зураглаж чадаагүй, төсөөлөлдөө ч хэлж зүрхлээгүй үгний минь эзэн 17 жилийн дараа яг өөдөөс минь хараад зогсож байлаа. Андуудад минь байдгаас бус надад байдаг гэж зэрвэс ч бодогдоогүй тэр хүн. Хайр, гэмшил хоёр тэргүүн дээрээс нь дарж суучихаад, бөгтөр муу нуруугаа цэхэлж хүчрэхгүй байгаа бололтой, нүднийх нь хоёр цөгций болдогсон бол аяганаасаа гараад зугтахсан гэх мэт тонгочино. 

“Би … чинь байна…”. Миний зүрхний цохилттой зэрэгцэн тасалдах энэ үгс хичээгээд байхад эвлэж өгдөггүй рубикийн цоо шиг юм гээч. Орхи цаашаа… Би хэзээ ч шоо бүрэн эвлүүлж үзээгүй… Энэ насандаа л үзэхгүй юм шүү…

“Би охинтой гэдгээ мэдээгүй”… ОХИН… энэ үгийг эвлүүлэх танд хэцүү байсангүй юу? Эсвэл та шоо эвлүүлэхдээ тийм сурамгай юм уу? Тэгвэл бид хоёр тэс өөр юм байна даа… 

“Уучил”. Энэ чинь бас ямар гээчийн хий вэ? Таны амнаас гарах энэ олон хийнүүд дунд миний мэдэх өнгө, үнэртэй бөмбөлөг ганц ч алга. Яадаг юм билээ…

Сэтгэл дундуур дураар холхих үй түмэн эргэлзээт бодлууд амаар багтаж гарахгүй нь бүр ч гачлантай. Огт танихгүй үгсийг минь олон олон хувилаад, хайр найргүйгээр над руу цацсаных нь хариуд би ганц ч үг хийсгэж чадахгүй юм гэж үү. Чадахгүй нь ээ… Тэгвэл хэн хүнээс илүүтэйгээр чаддаг ганц зүйлээ л хийж үзүүлэхээс. 

Амьдралын шуурганд дальдчиж, уй гунигийн салхинд гундаж үзээгүй тас хар болроо гэрэлтүүлэн, жуумалзав. Тэгээд л өршөөлгүй гүн цүнхээлд тэр живчихсэн. Тэр өдрөөс хойш би тэр хүнийг зүүдэндээ ч хайгаагүй… 

Харин зуны өдрийн үд дундын хурц наран ээсээр атал гуниг минь царцахын учир юун?!

Өглөөний сонин

Ц.Баттуяа

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button