Су.Батболд: Сөрөг хүчний байр суурийг АН дааж чаддаг байх хэрэгтэй

МАН-ын удирдлагууд өнөөдөр Зургаан сайдыг огцруулсантай холбоотойгоор АН-тай хийсэн гэрээнийхээ талаар мэдээлэл хийсэн билээ. 

Тус нам Шийдлийн засгийн газар байгуулагдахад АН-ын хүсэлтээр өнгөрсөн оны арванхоёрдугаар сард таван бүлэг, 20 гаруй асуудал бүхий гэрээ байгуулан хамтран ажиллаж эхэлсэн. Гэвч энэ удаа мөн л АН-ын хүсэлтээр гэрээг цуцлаад байгаа юм. 

Тэгвэл энэ гэрээний талаар Хоёр намын зөвшилцлийн ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн Су.Батболд мэдээлэл хийх үеэрээ “Намуудын хариуцлага гэж байх ёстой. Засгийн эрх барьж байгаа намууд гэрээ байгуулж ард түмний өмнө гарын үсэг зурж баталгаажуулсныгаа нэг хүний зан араншин, гомдлын үгээс болж цуцалдаг байж болохгүй. Ингэснээр улс төр, нийгэм, эдийн засгийн байдалд хор хохирол учруулдаг байдлыг дахин дахин гаргаж байгаа нь АН-ын төлөвшилгүй, фракцуудын тэмцэлд идэгдсэнийг харуулж байна. Нэг л хүний араншингаар фракц, олигархиудын улс төрийн тэмцлийн золиос болгож улс төрийг хямралд оруулж байгаа нь харамсалтай. Төрийн төвшинд байгуулсан гэрээний хэрэгжилтийг хангаж чадахгүй, дүгнэж чадахгүй байгаа нь аж ахуйн нэгж, иргэд хооронд байгуулж байгаа гэрээнд ямар үлгэр жишээ үзүүлж байгааг бодолцох нь зүйтэй. Цаашид АН дангаараа хариуцлагаа хүлээгээд явах байх. 26 гишүүний, парламентад хоёр дахь олон суудал авсан намын байр суурийг АН дааж чаддаг байх хэрэгтэй. Одоо МАН сөрөг хүчин гэж юу байдаг юм, ямар асуудлыг яаж шийдвэрлүүлэх нь бидний тоглолтоор явагдана. Үнэхээр сөрөг хүчний үйл ажиллагааг дааж ажиллах юм бол ажилласан шиг ажиллах хэрэгтэй. Хоёрын хооронд хор найруулж, фракцийн зөрчилдөө идэгдээд Монгол орныг бүр ангал руу битгий унагачихаасай билээ" гэсэн.

Г.Уянга 

Olloo.mn 

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button