Чингисийн талбайд 600 гаруй лам сүсэгтэн олонд зориулж ном айлдлаа

Монголын анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ойг тохиолдуулан Монголын Бурханы шашны сүм хийдүүд, Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран зохион байгуулж байгаа Даншиг наадам-Хүрээ цам -2015 наадам өнөөдөр албан ёсоор эхлэж байна.
Даншиг наадам-Хүрээ цамд оролцохоор ирсэн 600 гаруй лам өнөөдөр 06:00 цагаас эхлэн Чингисийн талбайд нийслэлийн иргэд, сүсэгтэн олон түмэнд зориулж Итгэл, Ганданлхавжаа, Дашчирэв сан, Дөрвөн уулын сан, Даллага, Жанлавцогзол, Ногоон дарь эх, Цагаан дарь эх, Шашин дэлгэрэхийн ерөөл зэрэг ном айлдлаа.
Улаанбаатар хотод зохион байгуулж байгаа энэхүү даншиг наадамд Нарванчин гэгээ, Сарайдорж Номунхан, Жононба хувилгаан, Дилав хутагт, Халимагийн Шажин лам болон Өвөрмонгол, Тувагийн хамба лам ирж оролцож байгаа юм.