Даншиг наадам дахин сэргэлээ

Халхын долоон хошуу даншиг наадам энэ жилээс дахин сэргэж, өнөөдөр нээлтээ хийж байна. Наадам өнөөдөр, маргааш хоёр өдөр үргэлжилнэ.

 

1639 онд анхдугаар Богдоо залсан үеэс эхэлсэн даншиг наадмыг монголчууд өргөн дэлгэр тэмдэглэсээр 1922 оноос зогсоосон байна. Энэ жилээс даншиг наадмыг дахин сэргээх санаачлагыг бурхан шашны сүм хийдүүдийн зүгээс гаргаж, хотын дарга дэмжсэнээр ажил хэрэг болж байгаа юм.

 

Даншиг наадам зохион байгуулах өдрийг Монголын бурхан шашны тэргүүнүүд үзэж Билгийн тооллын зуны адаг сарын 24, 25-ны билэгт сайн өдөр ардын засгийн үеэс алдарсан Даншиг наадмыг сэргээн тэмдэглэх боломжтой гэжээ. Энэ дагуу өнгөрсөн өвөл Берлинд болсон “ITB” олон улсын томоохон арга хэмжээн дээр даншиг наадмын тухай товыг дэлхийн олон улс орны жуулчдад зарласан юм байна. Учир нь даншиг наадам нь  жуулчдыг татах нэг арга бөгөөд жуулчид жилийн өмнөөс, эсвэл дор хаяж зургаан сарын өмнөөс аялах, зугаалах газраа төлөвлөдөг учраас эртнээс цаг, хугацааг нь зарласан гэдгийг хотын дарга хэлж байсан юм.  

 

Даншиг наадмаар шашны уламжлалт зан үйлийг илүүтэй тусгана гэдгээ зохион байгуулагчид мэдэгдээд байгаа. Энэ дагуу өнөөдөр  өглөөний 06.00 цагт Чингисийн талбайд 1000 лам ном хурлаа. Итгэл, Ганданлхавжаа, Даллага, Ногоон дарь эх, Шашин дэлгэрэхийн ерөөл, Жанлавцогзол зэрэг нийт монголчууддаа засал болохуйц номыг хурж, арц хүжийн ариун үнэрийг түгээсэн юм. Мөн Хүй долоон худагт Өндөр гэгээний дүрийг залж, мандал өргөх бөгөөд Очирваани шүтээнээ тахих аж. Ахмадууд энэ арга хэмжээнд оролцох хүсэлтээ хотын захиргаанд өгч байгаа учраас ахмадууддаа суудал засч, өргөнөөр оролцуулах зохион байгуулалтын арга хэмжээ авах юм байна.Мөн лам нарын дунд унзад хоолойн болон ном хаялцах, мэтгэлцэх, балин тосон урлалын  тэмцээн зохиох аж. Түүнчлэн цам харайх, маани татах, Соёмбот туг залах, шашны сүлд дуулал эгшиглүүлэх зэрэг олон сонирхолтой арга хэмжээ болох юм.

 

Даншиг наадмаар азарга, соёолон, их нас гэсэн гурван насны морьд уралдаж, Үндэсний сур харвааны тэмцээн болно. Даншиг наадмаар бөхчүүдэд цол олгохыг иргэд ихээхэн шүүмжилж буй. Гэвч тус наадамд төрийн наадмын цол хэргэм үйлчлэхгүй бөгөөд бөхчүүдийг сугалаагаар хооронд нь тааруулж барилдуулах юм. Тэгэхээр төрийн наадмын аварга арслангууд шинэ залуу бөхчүүдтэй эрэмбэ нэг болж барилдана гэсэн үг. Наадмын түрүүг хэн ч авч болох бөгөөд даншиг наадмын арслан дараа жилийн даншиг наадамд цолоо дуудуулж, ам авах эрхтэй болох юм. Харин улсын наадамд энэ цол үйлчлэхгүй юм байна.

 

Даншиг наадмын төсөв 560 сая төгрөг байхаар төлөвлөсөн байна. Зохион байгуулагчид шууд болон шууд бус, дам орлого түүнээс давна гэж үзжээ. Даншиг наадам зохион байгуулах нь бурханы шашинт олон орны жуулчдыг татах гарц гэж үзэж байгаа бөгөөд энэ жилийн наадмын үр дүнг ирэх жилийн Даншиг наадмаар хараарай гэдгийг хотын дарга хэлж байгаа.

Б.Сансар
olloo.mn
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button