Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг баталлаа

Монгол Улсын Их Хурлын чуулганы өчигдрийн /2015.08.07/ нэгдсэн хуралдаанаар Галт зэвсгийн тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийн баталлаа.

Хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл танилцуулсан бөгөөд танилцуулгатай холбогдуулан асуулт асуух гишүүн байсангүй. Ингээд зарчмын зөрүүтэй болон найруулгын шинжтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулан шинэчлэн найруулсан Галт зэвсгийн тухай хууль, уг хуулийг дагалдан өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцэслэн баталлаа.

Дараа нь Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Наранхүү уншиж танилцуулсан.

 

Төсвийн байнгын хороо төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийхдээ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар төслийн анхны хэлэлцүүлгийг хийх үед УИХ-ын гишүүн Х.Болорчулууны гаргасан төслийн 4 дүгээр зүйлийн “4.1.7. Авлигын эсрэг хууль” гэсэн заалтыг хасах санал олонхын дэмжлэг авсан тул энэ заалттай холбоотой төслийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсгийн “Авлигын эсрэг хуулийн дагуу хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргахаар” гэснийг, 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсгийн “мэдүүлэг, холбогдох байгууллагад шинээр гаргаж өгсөн хөрөнгө, орлогын” гэснийг, мөн хэсгийн “хөрөнгө, орлогын” гэснийг, 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсгийн “болон хөрөнгө, орлогын мэдүүлэг” гэснийг тус тус хасаж, төслийн эцсийн хувилбарт тусгасан байна.

 

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Р.Гончигдорж, Ц.Нямдорж, Х.Болорчулуун нар байр сууриа илэрхийлсэн.

Төсвийн байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд дээр дурдсан саналтай холбогдуулан 5 дугаар зүйлийн 5.5 дахь хэсгийг хасах саналыг дэмжсэн байна. Байнгын хороогоор дэмжигдсэн энэ саналыг чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн олонх мөн дэмжсэн юм.

Ингээд хуулийн төслийг батлах санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнээр Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль батлагдлаа хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

 

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button