17 аймгийн 157 сумын нутаг дэвсгэрт тарваган тахлын голомттой байна

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 17 аймгийн 157 сумын нутаг дэвсгэрт тарваган тахал өвчний байгалийн голомт бүртгэгдээд байна.

Тиймээс нийслэлд тарваган тахал болон мал, амьтны гоц халдварт өвчин зөөвөрлөгдөн орж ирэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор энэ сарын 01-ний өдрөөс 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд 24 цагаар Сонгинохайрхан дүүргийн 22-ын, Эмээлт түүхий эдийн зах, баруун туруун, Хан-Уул дүүргийн Яармаг, Нисэх-биокомбинат, Баянзүрх дүүргийн Баянзүрх, Налайх дүүргийн 5 дугаар хороо Городок, Тэрэлж, Багануур дүүргийн Хэрлэнгийн гүүрний авто техникийн 7 шалган бүртгэх товчоодод “Хяналт шалгалт явуулах ажлын хэсэг”-үүдийг байгуулан ажиллаж байна.

Сүүлийн жилүүдэд тарваган тахлын байгалийн голомтын идэвхжил нэмэгдэж байгаа бөгөөд Өвөрхангай аймгийн Хайрхандулаан, Уянга сум, Ховд аймгийн Үенч, Баян-Өлгий аймгийн Сагсай, Бугат, Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт байгалийн голомт идэвхжиж, Завхан аймгийн Эрдэнэхайрхан болон Говь-Алтай аймгийн Эрдэнэ, Чандмань суманд тарваган тахлын өсгөвөр илэрсээр байгаа юм.

Иймд иргэн та сэжиг бүхий үхсэн мэрэгч амьтдын сэг зэмтэй тааралдвал мэргэжлийн байгууллагад яаралтай мэдээлэх үүрэгтэй. Хэрэв халдвар авсан байж болзошгүй сэжигтэй хүн болон түүний эд материалыг тусгаарлах, сэжиг бүхий эд материал, өвчтөний хэрэглэж байсан зүйлсэд онош тодрохоос нааш хүрэхгүй байх, тарвага агнах, өвчих, мах, түүхий эдтэй харьцахыг цээрлэх хэрэгтэй. Мөн тарваган тахлын байгалийн идэвхтэй голомтот нутагт амьдардаг иргэд, ялангуяа анчин, тууварчин, жолооч нар урьдчилан сэргийлэх  вакцинд хамрагдах шаардлагатайг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Г.Уянга

Olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button