“Нийслэл хотын албан татвар суутгагчийг бүртгэх, бүртгэлээс хасах, мэдээлэл солилцох журам”-ын төслийг хэлэлцлээ

Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралдаан боллоо. Хуралдаанаар “Нийслэл хотын албан татвар суутгагчийг бүртгэх, бүртгэлээс хасах, мэдээлэл солилцох журам”-ын төслийг хэлэлцэв. Хуралдаанд асуудлыг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Э.Ганхүү танилцууллаа.

2013-2014 онд “Нийслэл хотын албан татварын тухай” хуулийн төслийг боловсруулан Сангийн яаманд хүргүүлж, хуулийг батлуулах чиглэлээр хамтран ажилласны үр дүнд Монгол Улсын Засгийн газраас өнгөрсөн оны 12 дугаар сард албан ёсоор хуулийн төслийг УИХ-д өргөн барьж, 2014 оны Намрын чуулган болон 2015 оны Хаврын чуулганаар хэлэлцэж, энэ оны 6 дугаар сарын 19-ний өдөр баталсан.

Нийслэл хотын албан татварын тухай хуулийн хэрэгжилтийг хангах бэлтгэл ажлыг зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулсан юм. Ажлын хэсгийн ахлагчаар нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа ажиллаж байна. Тус ажлын хэсгээс “Нийслэл хотын албан татвар суутгагчийг бүртгэх, бүртгэлээс хасах, мэдээлэл солилцох журам”-ын төслийн боловсруулж, нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралдаанд танилцууллаа. Энэхүү журам нь найман бүлэгтэй бөгөөд нийслэл хотын албан татварын тухай хуульд заасан албан татвар суутгагчийг бүртгэх, нэмэлт өөрчлөлт оруулах, бүртгэлээс хасах, мэдээллийг санд бүртгэгдсэн харилцааг зохицуулах зорилготой юм.

Нийслэлийн албан татварын тухай хуульд ногдуулах албан татварын хувь хэмжээг байршил, хүн амын төвлөрлийг харгалзан тогтоохыг хуульчилсан байдаг. Албан татварыг хүн амын хэрэглээнд ногдуулснаар хүний эрүүл мэндэд хортой, тансаг, чамин, хээнцэр, үр ашиггүй хэрэглээг хязгаарлах зэрэг үндэслэлээр хувь хэмжээг 1.0 хувиар тогтоохоор төслийг боловсруулав. Нийслэл хотын албан татварын тухай хуулийн долдугаар зүйлийн 7.1-д заасан барааны жилийн орлогод 1.0 хувиар албан татвар ногдуулахад 11,7 тэрбум төгрөг, 7.2-т заасан үйлчилгээний жилийн орлогод 1,4 тэрбум төгрөг, нийт 13,2 тэрбум төгрөгийн татвар орон нутгийн төсөвт төвлөрөх төлөвлөөгөөтэй байна. Уг асуудлыг нийслэлийн Удирдлагын зөвлөлийн гишүүд хэлэлцээд нийслэлийн ИТХ-ын Хуралдаанд өргөн барихаар боллоо гэж Нийслэлийн ЗДТГ – ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button