Сайд нарын нэрсийг өргөн барихад юун дээр "гацаад байна вэ"

МАН-ын зургаан сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг өнгөрсөн долоо хоногт УИХ-ын хаврын ээлжит бус чуулганаар хэлэлцэн шийдвэрлэсэн билээ. Уг шийдвэрээр МАН-ын сайдууд бүгд огцорч засгаас гараад буй.
Гэтэл одоог хүртэл шинэ сайдын нэрс УИХ-д өргөн баригдаагүй байгаа ч гэлээ энэ долоо хоногтоо багтан нэрс нь өргөн баригдах нь тодорхой юм. Угаас энэ хугацаанд өргөн баригдахаас ч аргагүй. Учир нь эл асуудлыг ээлжит бус чуулганы хугацаанд шийдвэр гаргах ёстой бөгөөд чуулган энэ сарын 14-нд завсарлана. Тэгэхээр энэ долоо хоногт Засгийн шинэ сайдууд томилогдож, Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж эхэлнэ. Гэхдээ үүний цаана Ямар тохироо бүрдэж, сайд нарын нэрсэд ямар хүмүүсийг нэр дэвшүүлэх вэ гэдэг өнөөдрийн байдлаар таамаг төдий байна.
Албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар МАХН нэг, ИЗНН нэг, бие даагч нэг сайдын суудал тус тус авч, үлдсэн гурван суудлыг МоАХ, МҮДН, Шонхор гэсэн фракцууд буюу АН-ынхан хувааж авахаар тохироо хийсэн гэх.
АН-ынхны хувьд, шинэ сайд нарын томилгоог тус намын удирдлагууд, Ерөнхий сайдтай зөвшилцөж байж шийднэ. Тэгэхээр АН-ын доторх зарим нэг хүмүүс нэгдэн УИХ-ын гишүүн Б.Наранхүүг Зам тээврийн сайд болгохоор ил тод зүтгүүлсэн нь дэмий цаг барсан зүйл болсон бололтой. Учир нь бүлгийн дарга Б.Гарамгайбаатар, хэн нэг гишүүн “энэ хүнийг сайд болгомоор байна” гэсний зоргоор сайд болдоггүй гэдгийг ярилцлага өгөх үеэрээ битүүхэн хэлээд буй.
Үүнээс гадна өчигдөр АН-бүлэг хуралдаагүй. Хуралдаангүйн шалтгаан нь сайд нарын томилгоотой холбоотой байсан агаад Шударга ёс эвслийнхэн хуралдаанаа хийж, тэднээс ямар нэгэн хариу сонссоны дараа АН-ынхан бүлгийн хуралдаанаа хийх байсан. Үүнийг АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар өөрөө батлаад буй. Тэгэхээр ерөнхийдөө АН-аас хэн сайд болох вэ гэдэг бараг л тодорхой болчихсон, харин бусад эвсэл, намаас хэнийг сайдад тодруулах вэ гэдэг хүлээлттэй, бас тохиролцоо нь бүтэмж муу байна хэмээн ойлгогдохоор байна. Тиймгүйсэн бол ингэж хоног алдан шинэ сайдуудын нэрсийг “нууцлах” шалтгаан үгүйсэн.
МАХН-ын хувьд дээрх сайдад өөрсдийн хүнээ томилохоос гадна эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбыг сэлгэх асуудлаар яриа өрнөсөн гэх. Иймээс Шударга ёс эвслийнхэн өөрсдийн бүлгээс сайд томилох асуудал дээр нэлээд нухацтай хандаж буй бололтой. Бас өөр нэг таамгаар “Шударга ёс” эвсэлд Шадар сайдын суудлыг өгөхөөр тохироод байгаа бөгөөд уг суудалд Н.Батцэрэг эсвэл Б.Тэрбишдагва нарын нэр яригдаж байгаа гэх мэдээлэл байна.
Үүнээс гадна Эвслийн бүлэг АН-ын бүлгийн даргын хэлсэнчлэн сайдад заавал УИХ-ын гишүүнийг томилох “тушаалыг” биелүүлэх эсэх нь эргэлзээ төрүүлсэн таамаг ч хөвөрч байна. Тэгэхээр Шударга ёс эвслийнхэн сайдад гишүүн нэгнээ томилохгүй ч оноогдсон сайдын суудлаа авч, шинэ залуу боловсон хүчинд даатгах дүр зураг ч бий гэх. Юутай ч шударга ёс эвслийнхэн хэнийг сайдаар томилох вэ гэдэг хараахан тодорхойгүй байгаа бололтой.
Харин бие даагчид өнгөрсөн хугацаанд хүчтэй сөрөг хүчин байхаа зарлаж байсан бол Ц.Даваасүрэн гишүүн сайдын суудалд хамгийн ойр яваа гэх мэдээлэл ч тархаж байна.
Olloo.mn