Өршөөлийн хуулиар албан тушаалтнуудыг өршөөх үү

Ц.Оюунбаатар: Өршөөлийн хууль батлагдах ёстой

2013 онд УИХ-ын 20 гаруй гишүүн Өршөөлийн тухай хуулийн төслийг өргөн барьсан. Энэ  хууль нийгмийн анхаарал татсан, хатуу зүйл заалттай Эрүүгийн хуулийг зөөллөх, ил гаргах зорилготой. Монгол Улс түүхэндээ хамгийн их буюу 8000 хоригдолтой байна. 2013 онд өргөн барьсан хуулийг хэлэлцэлгүй удаан дарсан. Засгийн газар энэ хуулийг дахин боловсруулан өргөн барьж, бидний боловсруулсан хуулийн төсөлтэй нэгтгэн хэлэлцэж байгаа. Утга агуулгын хувьд ерөнхийдөө ижил гэж ойлгож болно. 

Монгол Улс хамгийн сүүлд 2009 онд Өршөөлийн тухай хуулийн төслийг баталж байсан. Өнгөрсөн хугацаанд зургаан удаа Өршөөлийн хууль гарсан байдаг. Энэ удаагийнхыг Ардчилсан парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан гаргах байр суурьтай байна. Энэ хууль нууцын зэрэглэлд ордог учраас нарийн ширийн зүйлийг дэлгэх боломжгүй. Иргэдийн дунд хүлээлт үүссэн энэ хуулийг хэлэлцлээ, албан ёсоор урагш хөдөллөө гэдгийг хэлье дээ. Өршөөлийн хуульд зайлшгүй анхаарах зүйл бол хохирлын асуудал юм. 

Манай улсад малын, орон байрны, залилангийн хэрэг их гардаг. Эргэн төлөгдөхдөө муу энэ хэргүүдийн хохирлын асуудлыг анхаарах нь чухал байна. Хохирогч тухайн гэм буруутай хүнийг шоронд суулгах сонирхолгүй байдаг. Тэд зөвхөн хохирлоо төлүүлж авахыг илүүд үздэг. Ялаа эдлээд явсан гээд хохирлоо барагдуулдаггүй. Хоёрдугаарт, гэм буруугүй, хэлбэрийн төдий жижиг маргаанд эрүү үүсгэн шийдвэрлэж, олон хүн ял эдэлж байна. Энэ хуулийг 2013 онд хэлэлцэх ёстой байсан. 

Одоогийн хуулиар хөнгөн буюу хүндэвтэр ялтай хүмүүс суллагдана. Цаашлаад хүнд ялтай хүмүүсийн ялыг тодорхой хэмжээгээр харгалзаж үзэх хэрэгтэй. Амьдралдаа нэг удаа алдаад орсон хүмүүст төр нэг удаа уян хатан хандах ёстой. Давтан хэрэг үйлдсэн хүмүүсийн ялыг нь хүндрүүлж, өршөөлд хамруулдаггүй. Одоо батлагдах хуулиар энэ бүгдийг болъё гэсэн асуудал хөндөгдөж байгаа. Хууль батлагдсанаар 3000 гаруй хоригдол эрх чөлөөтэй болно. Өршөөлийн хуулийг өвлийн улиралд гаргаж болдоггүй. Орон байргүй хүнийг дүн өвлийн хүйтэнд гаргаад яах билээ. Бид 2013 онд өргөн мэдүүлсэн хуулийн төсөлтэйгээ зэрэгцүүлээд хавсралт тогтоолын төсөл боловсруулсан байсан. 

Тухайн үед эдийн засгийн нөхцөл байдал харьцангуй сайн байсан учир суллагдаж буй залуусыг нийгэмшүүлэхэд анхаарч, сургалтад хамруулах гэж байсан. Өөрөөр хэлбэл, барилга, замын ажилд татан оролцуулахаар сургалтад хамруулж, ажлын байраар хангах зорилго агуулж байсан. Одоо эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаа учир улсад тийм хэмжээний төсөв байхгүй.

С.Ганбаатар: Авлигад бууж өгснөө зарлах хэрэгтэй

Энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар Өршөөлийн тухай хуулийг хэлэлцэнэ. Бие даагч гишүүдийн зөвлөлөөс улс төрийн болон төрийн өндөр албан тушаалтнуудад энэ хуулийг үйлчлүүлэхгүй байх заалт оруулахын төлөө ажиллана. 

Хулгай дээрэм хийгээд хоригдсон хүмүүсээс хохирлоо барагдуулсан хэрэгтнийг нь өршөөж болно. Харин ард түмний амьдралыг дордуулан иргэдийг хулгай, дээрэм хийж амьдралаа залгуулахаас өөр аргагүй байдалд хүргэсэн авлигачдыг өршөөж болохгүй. 

Авлига авсан хүмүүс бидний саналыг эсэргүүцэх магадлалтай. Тэгвэл АТГ-ыг татан буулгаж, Монгол Улс авлигад “бууж өглөө” гэдгээ дэлхий нийтэд зарлах хэрэгтэй. АТГ жилд 90 тэрбум төгрөгийн төсөвтэй. Энэ мөнгөөр Монгол Улсад 90 цэцэрлэг барих хэрэгтэй” гэлээ.

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст одоогийн байдлаар эрүүгийн 55 хэрэг шалгагдаж байцаан шийтгэх ажиллагаа хийгдэж байгаа. Эдгээрээс 45 хэрэг нь УИХ-аар хэлэлцэж байгаа Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамрагдахаар байна.  

Учир нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр ил болсон Өршөөл үзүүлэх тухай хуулийн төслийн есдүгээр зүйлд өршөөлд хамааруулахгүй нөхцөл байдлыг тусгажээ. Үүнд зөвхөн Хээл хахууль авах /Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйл/, Хээл хахууль зуучлах /Эрүүгийн хуулийн 270 дугаар зүйлийн 270.2 дахь хэсэг/ гэмт хэрэг үйлдсэн этгээдийг өршөөлд хамааруулахгүй байхаар заажээ. 

Төрийн болон төрийн өмчит аж ахуйн нэгжийн албан тушаалтны албан тушаалын эрх мэдлээ урвуулах, хэтрүүлэх гэмт хэргүүд өршөөлд хамрагдахаар төсөлд тусгагдсан байна.  Өршөөлийн хуулийн үйлчлэлд хамрагдаж буй эрүүгийн 45 хэргийн улмаас улсад учирсан хохирлын нийт хэмжээ 12 тэрбум 243 сая төгрөг байгаа. Түүнчлэн Өршөөл үзүүлэх тухай хууль батлагдсанаар хуульд заасан хугацаанаас өмнө үйлдэгдсэн авлига, албан тушаалын гэмт хэрэг илэрсэн ч эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлгүй болох нь.

Өршөөлийн хуулиар улс төрийн тохироо хийх вий

Ингэж хардах, эмээх шалтгаан олон байна. Ээлжит бусын эрхэм зорилго ч Өршөөлийн хуулиар тохироо хийх байжээ гэх хардлага ч төрөх болов. УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулахдаа анх Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль, Эрүүгийн хууль, Зөрчлийн хуулийг батлахаар яаравчилсан хэмээн мэдэгдэж байлаа. Гэсэн ч ээлжит бусын үндсэн зорилго нь Өршөөлийн хууль, МАН-ын зургаан сайдыг огцруулах асуудал байсан гэдэг нь одоо хүн бүхэнд тодорхой болжээ. 

Тэр дундаа Өршөөлийн хуулийг батлахдаа улс төрийн ашиг сонирхол үнэртүүлж эхэлснийг Төрийн ордонд дуулдах сэм ярианууд баталж байгаа юм. Өршөөлийн хуулийг яагаад хаалттай горимоор хэлэлцэх болов гэдгээс л энэ бүх хардлага эхэлсэн гэж хэлж болно. Монгол Улс өмнө нь зургаан ч удаа өршөөлийн хуулийг баталж байсан. Ойр ойрхон баталж гаргах нь таагүй үр дагавар учруулдаг ч ачааллаа даахаа больчихсон шоронгоо нэг суллаж, алдаж эндэж, аль эсвэл гүтгүүлж хоригдсон хэсэг бүлэгт дахин нэг удаа боломж олгоно гэдгээрээ энэ хууль гарах цаг нь болчихсон мэт. 

Гэвч АТГ-ын хэлж байгаа шиг албан тушаалаа урвуулан ашигласан, эрх мэдлээ давуулан ашигласан улстөрч, түүний гар хөл болсон хэсэг бүлэгт энэ хуулийг зориулж байгаа бол батлах шаардлага байна уу гэдгийг ярих ёстой. Төрийн ордонд дуулдах ярианаас үзвэл МАХН Н.Энхбаярыгаа ялаас чөлөөлөх гэж энэ хуулиар тохироо хийж байгаа гэсэн мэдээлэл байгаа. Хэнд ч хардах эрх бий. Сэтгүүлчдэд хаалттай горимоор хэлэлцэж байгаагийн цаана ийм тохироо нуугдаагүй гэх баталгааг хэн ч өгөхгүй байгаа. Нууц асуудал бүхний цаана улс төрийн л ашиг сонирхол давамгайлдаг. Монголд хэдэн мянган хоригдол байгаа, тэднээс ямар хэргийг нь өршөөх, өршөөхгүй вэ гэдэгт нууцлаад байх зүйл байхгүй л болов уу. 

Зүйл заалт бүр нь нийгмийн эсэргүүцэлтэй тулгарах вий гэсэн айдас улстөрчдөд байгаа учраас ийн хулгайгаар хаалттай горимоор хэлэлцэн батлахаар улайрч байгааг нуугаад яахав. Авлига авсан өгсөн хэрэг зөвхөн татвар, эсвэл бизнес эрхлэгчидтэй холбогдож яригддаг. Цаашлаад өршөөлд хамруулахгүй хэмээн яригдаж буй залилангийн хэрэгт дандаа эмэгтэйчүүд холбогддог. Эрчүүдийнх танхай дээрэм, эмэгтэйчүүдийнх залилан байдаг учраас энэ хуулиар эрчүүд давамгай суллагдаж, харин 100 мянган төгрөг залилсан хэрэгт холбоотой бүсгүйчүүд дараагийн удаа төр ивээлээ хайрлахыг хүлээсээр үлдэх нь гэх болгоомжлол байна. 

Өршөөлд хамруулахаар тусгасан албан тушаалаа урвуулан ашиглах гэмт хэрэгт дандаа албан тушаалтнууд, дарга цэрэг холбогддог. Тэгэхээр нэг талдаа Эдийн засгийн ил тод байдлын хууль баталж бизнес эрхлэгчиддээ боломж олгоно хэмээн шоудчихаад нөгөө талд нь авлига өгсөн учраас чамайг өршөөхгүй хэмээн даапаалж байгаа хэрэг бус уу. Хэрвээ Өршөөлийн хуулийг ингэж хаалттай байдлаар хэлэлцэж, улс төрийн тохироо хийж батлахаар тэгж их улайрч байгаа бол АТГ-аа татан буулгах хэрэгтэй биз дээ. 

АТГ-т дандаа албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашигласан хэргүүд шалгагддаг. Экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр, хүргэн Г.Дэнзэн, Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүх, УИХ-ын гишүүн асан Д.Дондог гэх мэтээр үргэлжилнэ. Тэд бүгд авлига авч өгөхөд зуучилсан бус албан тушаалаа урвуулан ашигласан хэргээр ял сонссон, мөн шалгуулж байгаа. Тэгэхээр хуулийн төслийг хаалттай хэвээр ярилцсаар улс төрийн намуудын тохироогоор батлачихвал энэ бүх хэргүүд замхарч, сүр бадруулсан байгуулсан АТГ гэх байгууллага ямар ч үр дүнгүй ажилласан хэрэг болох нь. 

МАН-ыг Засгийн газраас хөөсний дараагаас МАХН-тай АН-ын нэр бүхий гишүүд сэм сэмхэн уулзах болж, бүр намын даргыг ялаас чөлөөл, хариуг нь ирэх сонгууль, энэ удаагийн халаа сэлгээний үеэр жинтэйхэн барина гэх шантаажийг ч Ху намын даргыг тойрон хүрээлэгсэд хийсэн гэх. 

Тиймдээ ч АН-ынхан Өршөөлийн хуулийг МАХН-ын таалалд нийцүүлэн батлахаар улайрч эхэлсэн бололтой. Өршөөлийн хууль яригдаж байсан шигээ буюу МАХН-аас өргөн мэдүүлсэн хэлбэрээр батлагдвал авлига, албан тушаалын гэмт хэргээр хорих ял эдэлж байгаа 35 хүнээс 25 нь суллагдаж, мөн ял хойшилсон, тэнсэн суллагдсан, уучлал үзүүлсэн, хорихоос өөр төрлийн ял шийтгэгдсэн 205 хүн ялгүйд тооцогдохоор байгаа аж. 

Цаашлаад анх удаагийн хөнгөн гэмт хэргээр ял эдэлж буй 3000 хүмүүжигчийг нийгэмшүүлэх, ажлын байраар хангах зэрэг нийгмийн асуудлыг Өршөөлийн хуулиас өмнө ярилцах ёстой бус уу, эрх баригчдаа. Ардчилсан хувьсгалын ойд зориулж баахан хүн ялаас чөлөөлөөд эргээд гарах үр дагаварыг нь тооцсон болов уу. Хийсэн хэргээсээ болж нийгмээс тусгаарлагдчихсан, найз нөхөд, гэр бүлээсээ хэтэрхий хөндийрчихсөн 3000 хүн эдийн засгийн ийм хямралтай цаг үед суллагдаж гарч ирээд юу хийж, ямар байдлаар нийгэмших вэ гэдгийг эрх баригчид маань бодож байгаа гэж итгэе. Барилгын зах зээл зогсонги байдалд орчихсон, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд нь ар араасаа хаалгаа барьж байгаа энэ үед Өршөөлийн хууль батлах цаг үе мөн үү гэдгийг ээлжит бус чуулганаар хэлэлцэх үедээ ярих биз ээ. 

Монголын мэдээ

Б.Тогтох

 

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button