Испани, Их Британи Гибралтараас болж муудалцав

Их Британийн эрх баригчид Испанийг Гибралтарын  усан хилийг зөрчсөн хэмээн буруутгалаа. Гадаад хэргийн дэд сайд Хьюго Свайр өчигдөр энэ талаар албан ёсны мэдэгдэл хийсэн байна. Түүндээ Испанийн үйлдлийг Их британи болон Европын холбооны бүрэн эрхт байдалд халдсан, олон улсын хэм хэмжээг зөрчсөн үйлдэл хэмээн нэрлэжээ.  

Өнгөрсөн ням гарагт Испанийн хөлөг онгоц Гибралтарт цөмрөн орсон юм байна. Харин Испани үүнийг хууль бус үйлдэл гэж үзэхгүй байгаагаа илэрхийлжээ.

Гибралтар нь Их Британийн газар нутаг гэж тооцогддог, ердөө 6.5 километр хавтгай дөрвөлжин талбайтай боловч стратегийн чухал байрлалтай учир Испани мөн өөрийнхөө газар нутаг гэж тооцдог аж. Пиренейн хойгийн зүүн биед байрладаг учраас ингэж үздэг бөгөөд Их Британи, Испанийн хооронд энэ маргаан 300 шахам жил үргэлжилж байгаа юм. 

Гибралтарыг 1713 оны Утрехтын найрамдлын гэрээгээр Будант Альбионд шилжүүлсэн байдаг агаад газар дундын тэнгис, Атлантын далайг зэрэг хянах чухал байршлаасаа болоод эдүгээ Их Британи, Испанийн “хэрүүлийн алим” болж хувираад байгаа газар юм. Испаничууд шинэ зууны эхэнд арлыг буцааж авахаар оролдсон ч Лондон “Гибралтарын ард иргэд Испанийн харъяанд орохыг хүсэхгүй байна” гэсэн хариу өгсөн байдаг. Улмаар 2002 онд энэ асуудлаар бүх нийтийн санал хураалт болоход иргэдийн 98 хувь нь Их Британийн харъяалалд үлдэх нь зүйтэй хэмээн үзжээ. Үүнээс хойш хоёр улсын хооронд үе, үе дипломат шугамаар зөрчилддөг болоод байгаа юм. Тухайлбал, Испанийн хаан энэхүү шалтгааны улмаас Лондонд айлчлал хийхээс татгалзаж байжээ. 

Чухал байршилтай учраас энэхүү жижигхэн хагас арал дээр эдүгээ Умард Атлантын цэргийн эвслийн бааз байрладаг аж. 

Монголын мэдээ

Х.Сайхан

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button