Автобусны жолооч нараа журамлаач

Улаанбаатар хотод өдөрт хэдэн авто осол гарч, хэчнээн хүнн алтан амиа алдаж, эрүүл мэндээрээ хохирч байгааг тоолох аргагүй болчхоод байна. Энэ сард тэдэн осол гарлаа, төчнөөн хүн бэртэж гэмтлээ. Тэд нь хүүхэд байсан гэх зэрэг тоо баримтыг албаныхан гаргаж л байгаа. Гэхдээ энэ тоо нь гар хөлийн 20 хуруунаас давчихсан учраас тоолж барагдахгүй гээд байгаа юм. Цагдаагийн газраас гаргасан албан мэдээгээр 2014 онд нийтийн тээврийн автобуснууд 350 орчим осол хийж, найман хүнийг дайрч, амь насыг нь хохироосон байдаг аж. Энэ бол ямархуу гамшигт байдалд хүрсний тод жишээ. Ингэтлээ их осол гарах болсон шалтгаан нь Улаанбаатар хот олон машинд дарагдсаных байж мэдэх.

Гэхдээ хамгийн гол нөхцөл нь дүрэм журам гээчийг уландаа гишгэчихсэн, хааз гишгэж, жолооны хүрд эргүүлэхээс өөр шидгүй жолооч нараас болж байгаа юм. Тэгвэл энэ салан задгай байдлыг өөрчлөх хууль батлагдаж, ирэх сарын 1-нээс мөрдөгдөж эхлэх гэж байна.

Зарим нэг “амьдралгүй” заалтыг эс тооцвол гарах цаг нь болчихсон хууль. Гэхдээ энэ хууль хэрэгжиж эхлэхийг хүлээлгүйгээр том оврын автобусны жолооч нарыг жаахан журамламаар байна аа. Хэн дүрэм зөрчиж байна, автобусны жолооч нар. Өчигдөр гэхэд л нэгэн эмэгтэй фэйсбүүк хуудсаараа дамжуулж баахан гомдол тоочсон байсан. Автобусны жолооч шахаад, элдвээр харааж, тавласан байгаа юм. Жирэмсэн эмэгтэй ихэд сандарч, осол гаргахад тулчихсан гэсэн. Удахгүй энэ асуудлыг цагдаа нар шалгаж шийдвэрлэх байх. Энэ бол зүгээр нэг жишээ. Ер нь том оврын автобусны жолооч нар хамгийн ноцтой ослуудыг гаргаж байна. Тэдэн оны тэдэн сард, тэнд тийм осол гаргасан гээд тоочвол барагдахгүй их. Эгнээ байр эзлэх, гэрлэн дохиогоор явах энэ тэрийг бол бүр мартчихсан. Гуравдугаар эгнээгээр явж байгаад автобусны буудал дөхөхөөр шууд машинуудыг шахаж, нэгдүгээр эгнээ рүү дайрна. Цочимтгой хүний зүрх зогсчихмоор чанга дуут дохио өгнө. Тэр ч битгий хэл урсгал сөрж яваад, машин мөргөчихөөд тасалбар түгээгч нь “Угаасаа автобус чинь урсгал сөрж л байдаг шүү дээ. Та нар болгоомжтой явахгүй яасан юм” гэж загнаж байх жишээний.

 

Ийм зүйл байж таарах уу. Одоо энэ мэт дүрэм, журамгүй байдлыг цэгцлэх цаг болсон юм биш үү. Том оврын автобусны жолооч нарт Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм үйлчлэхгүй гэсэн заалт аль ч хуулинд байхгүй биз дээ. Тиймээс заавал шинэ хууль үйлчлэхийг хүлээлгүй жаахан журамлаад, шалгаад, торгоод өгмөөр байна. Энэ олон автобусны жолооч дунд бичиг баримтгүй, эрхээ хасуулсан нөхдүүд ч цөөнгүй яваа гэж мөрийцсөн ч алдахгүй байх. 10, 20, цаашлаад 30, 40 хүний амь нас, эрүүл мэндийг хариуцаж, тээж яваа автобусны жолооч нар л дүрмээ ягштал биелүүлж байхгүй бол иргэд хохирсоор л байна.

Монголын мэдээ

О.Уянга

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button