Фергюсонд онц байдал зарлалаа

Цагаан арьст цагдаад хөнөөгдсөн Майкл Браун гэгч хүүгийн дурсгалыг хүндэтгэх жагсаалын үеэр буудалцаан болж, улмаар эмх замбараагүй явдал болж хувирсан учир АНУ-ын Миссури муж улсын Фергюсон хотод онц байдал зарлажээ.  

Даваа гарагийн шөнө 18 настай Тайрон Харрис гэгч хүү цагдаа нартай буудалцаж байгаад хүнд шархдан одоо эмнэлэгт ухаангүй байгаа юм байна. Прокурорын газраас түүнийг дөрвөн зүйл ангиар буруутган яллахаа мэдэгдэж, “250 мянган ам.долларын барьцаа төлж байж суллах боломжтой” хэмээн зарласан нь олон нийтийн эгдүүцлийг төрүүлжээ. Эсэргүүцлийн хөдөлгөөн энэ сарын 9-ний орой Фергюсон хотод эхэлж, улмаар мужийн нийслэл Сент Луис хотод “халдварлаад” буй аж.  

Сент Луис хотын шүүхийн өмнө цугларсан уурлаж бухимдсан хар арьст иргэд цагдаа нар мөргөлдөж, хэд, хэдэн хүн баривчлагдсан байна. Шүүхийн дээгүүр мөн хоорондоо олс татаж, түүн дээрээ “Арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл энд одоо болтол байсаар байна” гэсэн бичиг бүхий даавуу унжуулсан хоёр агаарын бөмбөлөг эргэлдэж байгаа аж. 

Мужийн захирагч Стив Стенгер байдал улам ноцтой болж байгаа учраас онц байдал зарласан хэмээн өөрийнхөө шийдвэрийг тайлбарлаж буй. Харин АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама үүнийг “Зөвхөн Фергюсон хотын асуудал биш, нийт АНУ-ын асуудал” гээд иргэд шударга ёс, эрх зүйн системийн талаар ихээхэн сэтгэл дундуур байгааг онцлон тэмдэглэжээ. Тэрбээр эсэргүүцллийн хөдөлгөөн ид хүчээ авч байсан өнгөрсөн оны есдүгээр сард энэ асуудлаар хийсэн мэдэгдэлдээ “Барилга байгууламжийг шатаах зэргээр гэмт хэргийн шинжтэй үйлдэл гаргаж байгааг зөвтгөх шалтгаан байхгүй” хэмээж байсан билээ.  Өнгөт арьст хүү Майкл Браун цагаан арьст цагдаа Даррен Уилсонд буудуулж амиа алдсан хэрэг өнгөрсөн оны наймдугаар сарын 9-ний өдөр гарсан юм. Гэрчүүд хүү зэвсэггүй, гараа өргөх үед нь цагдаа түүнийг буудсан гэж мэдүүлж байгаа. Арьс өнгөөр ялгаварлах үзэл гаргасан эсэх нь тодорхойгүй ч хүүг хөнөөсөн цагаан арьст цагдаад шүүх ямар ч ял шийтгэл оноогоогүй нь иргэдийн дургүйцлийг төрүүлж, дахин эмх замбараагүй байдал үүсэхэд хүргэлээ.

Монголын мэдээ

Х.Сайхан

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button